2014 оны 05-р сарын 14-ний өдрийн 13 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд “Аюулгүй монгол хүн” төрийн бус байгууллагаас “Монгол хүний үнэ цэнэ, Аюулгүй амьдрахуйн оршихуй” гэсэн сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг болсон юм.

Энэхүү хэлэлцүүлэгт “Монгол хүн аюулгүй, зовлонгүй, эрсдэлгүй, эрүүл амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ” гэсэн сэдэв зонхилж байлаа. Уг хэлэлцүүлэгт эдүгээ Монголд үйл ажиллагаа явуулж буй гуч гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцсон бөгөөд харамсалтай нь Монгол хүний аюулгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж байх учиртай Эрүүл мэндийн салбараас ганц ч хүн ирсэнгүй. Уг нь урилга өгсөн юм билээ. Гэвч хүн ардынхаа эрүүл мэндийн асуудлыг тэгтэлээ авч үздэггүй тус салбарын том толгойтнууд ирсэнгүй. Тиймээс хэлэлцүүлгийн гол сэдэв эрүүл мэндийн чиглэл рүү, тэр дундаа төрийн том жижиг албан тушаал руу улайран зүтгэдэг, сонгуульд ялж засгийн эрхийг гартаа барьсан тухайн нам руу дагаж салбаганадаг хүмүүсийн талаар яригдсан юм. Жишээ нь тэс өөр намынх мөртлөө Засгийн эрх барьж буй нам руу элдэв арга залиар шургалж ороод ямар нэгэн албан тушаалын бялуу хүртчих гээд л тэмүүлдэг хүн мэр сэр байдаг. Зарим нь тэр хүсээд байгаа албан тушаалаа ч эдүгээ хүртэж л байна. Энэхүү категорид тохирох хүн эдүгээ манай аль ч салбарт бий. Жишээ нь Эрүүл мэндийн салбарт сүүлийн үед Н.Оюунбилэг хэмээх эмэгтэйн нэр дуулдах болсон билээ. Тэрбээр төрөлх намаасаа урваж Ардчилсан намд шургалсан УИХ-ын гишүүн Д.Арвингийн найз юмсанж. Гэвч улс төр, бизнес, албан тушаалын хэнээтэн гэгддэг Н.Оюунбилэг Д.Арвин найзыгаа ашиглаж Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаалд залрахыг санаархсан байх жишээтэй. Гэвч Арвин нь сүүлийн үед нэг их анхаарлаа хандуулахаа байсан бололтой. Тиймээс Н.Оюунбилэг элдэв арга хэрэглэж яваа ажээ. Мэдлэг мэргэжилдээ тун тааруухан тэрбээр өмнө нь танил талаарээ дулдуйдаж хэд хэдэн албан байгууллагын хаалга татсан ч тогтвор суурьшилтай ажиллаж байсангүй. Ялангуяа мөнгөний сонирхолтой тэрбээр нэг хэсэг өрхийн эмнэлэгүүдийг сүрхий бужигнуулаад хаячихсан байдаг. Мөн тэрбээр 2000 оноос эхлээд УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар Ардчилсан намын эсрэг байдгаараа тэмцэж байсан хүн. Ямартай л 2008 оны  сонгуулийн үеэр Арчилсан намаас Баянгол дүүрэг дээр зохион байгуулсан нэгэн цуглаан дээр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү гэгчийн гар хөл болж явдаг Н.Оюунбилэг гэдэг хүүхэн өрхийн эмнэлэгүүдийн ажилчдыг буруугаар сэнхрүүлж, Ардчилсан намыг газар доор ортол муулж явна.

Ийм хүмүүсийн үгэнд битгий итгээрэй” гээд л чанга яригчаар хашгирч явсан түүхтэй. Үнэхээр Н.Оюунбилэг нь Ц.Ганхүү гэгчийн гар хөл болж явдаг байжээ. Тэрбээр Ц.Ганхүүгийн дэмжлэгээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө харъяанд байсан ная гаруй өрхийн эмнэлэгийн ажилтануудад Ардчилсан намыг газар дор ортол муулж, харин Ху нам буюу МАН-ыг тэнгэрт тултал магтаж явсан нь маргаангүй үнэн юм. Энэ ч утгаараа өрхийн эмнэлэгийн ажилтануудыг МАН-даа сонгууль өгүүлэх гавъяатай ажлыг хийж явсан байх бөгөөд зөвхөн сонгууль өгүүлээд зогсохгүй тэднээс мөнгө босгож намдаа хандив өргөж байжээ. Гэтэл өдгөө түүний үзэл бодол зуун хувь өөрчлөгдөж, мөнөөх төрөлх МАН-аа муу хэлж, улмаар Засгийн эрх барьж буй Арчдилсан нам руу гэв гэнэт л сүжрэх болжээ. Шинэчлэлийн засгийн газар иймэрхүү долдой нараас зайгаа барьж явсан нь дээр биз ээ.

Н.Оюунбилэгийн увайгүй үйлдэл зөвхөн үүгээр дуусахгүй. Тэрбээр 2010 оны 8-р сард Чингэлтэй дүүргийн шүүхээр орж шийтгэгдэж байсан хүн. Зарим нэг материал нь бидний гарт байна. Жишээ нь тэрбээр 2011 онд тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлэгийн багаж хэрэгсэл болох 800 ширхэг толийг Монгол улсын хилээр хууль бусаар оруулж ирээд баригдаж байсан гарцаагүй баримт байна. Нэгэнт хуулийн байгууллага үүнийг гаргаж өгсөн болохоор Н.Оюунбилэг хаашаа ч зайлах аргагүй юм. Түүний энэхүү үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 175-р зүйлийн нэг дэх хэсэгт хамаарах бөгөөд энэ нь хүндэвтэр хэрэгт тооцогддог ажээ. Энэ мэтээр түүний үйлдэж байсан зарим хэрэг эхнээсээ цухалзаж эхлээд байна. Хамгийн хачирхалтай нь Н.Оюунбилэг эдүгээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга болчих гээд дээгүүр доогуургүй тэмцэлдэж яваа юмсанж. Иймэрхүү ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс л дээр өгүүлсэн “Аюулгүй монгол хүн” хэмээсэн үзэл санаанд харшилж “Аюултай монгол хүн” болгон хувиргах эх үндсийг тавьдаг билээ.

Тиймээс Засгийн эрх барьж буй Ардчилсан намынхан аль ч цаг үед ялсан намыг дагаж салбаганадаг, үзэл бодол нь хаашаа ч хамаагүй туйлшран хэлбэлзэж явдаг Н.Оюунбилэг мэтийн хүмүүсээс аль болох зайгаа барьж, төрийн том, жижиг албан тушаал руу эрхэвч зүглүүлэхгүй байсан нь дээр юм. Үүнийг эрхбиш Ардчилсан намын ухаалаг удирдагчид ойлгож ухаарч байгаа биз ээ, гэж найдаж байна.

Т.Батхуяг