Хөдөө орон нутгаас Улаанбаатарт оршин суухаар ирж буй айл өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдэж гэр хорооллын айлуудын тоо өссөөр байна.

Нийслэлийн оршин суугчдын ихэнх хувийг гэр хорооллын айл өрх эзлээд буй бөгөөд энэхүү өсөлт нь агаар, хөрсний бохирдолд хүчтэй нөлөөлж байна. Өвлийн улиралд утааны хэмжээ хэрээс хэтэрч амьсгалах байтугай урдах замаа ч харах боломжгүй болтлоо бохирдож буй агаар, зуны улиралд хөрсний бохирдол агаарт ууршин иргэдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлээд буй. Гэвч өнөөдөр Нийслэлийн хэмжээнд тэдгээр гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд оруулах хангалттай барилга байгууламж байхгүй.

 

     Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулна гэх боловч бодит байдал дээр гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд байсан ч иргэдийн санхүү, эдийн засгийн байдал энэхүү асуудлыг шийдэхэд хүрэлцэхүйц биш байгаа ба амжиргааны түвшин доогуур байгааг харуулж байна. Өнөөдөр бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах чадамж, санхүүтэй хүн нийгэмд ховор байгаа билээ. Гэхдээ ипотекийн буюу орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр багагүй хугацаа өнгөрсөн. Энэхүү зээлийн ач холбогдол их бий. Өмнө нь орон сууцтай болох хүсэлтэй ч худалдан авах мөнгө нь байхгүй байсан бол өнөөдөр дээрх зээлээр дамжуулан орон сууцанд орох боломж бүрдээд буй аж.

 

    Уг зээл нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт ихээхэн ач холбогдол үзүүлэх бөгөөд иргэд богино хугацаанд орон сууцтай болох боломжтой болж байгаа юм. Идотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа билээ.

 

   Түүнчлэн барилгын ажлын сезон аль хэдийн эхлээд буй. Гэхдээ сүүлийн үед өндөр өндөр барилга ар араасаа сүндэрлэх болсон хэдий ч хэл ам дагуулсаар байна. Өнөөдөр барилгынхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаагүйгээс осол аваар гаргаж хүний аминд хүрэх тохиолдол ар араасаа гарсаар буй бөгөөд тэд өмнөх айшигт явдлаас сургамж авахгүй байгаа бололтой. Өнгөрсөн онд тус салбарын буруутай үйл ажиллагаанаас болж олон хүн амь насаараа хохирсон аймшигт хэргүүд гарааад байсан. Гэвч 2014 он гараад тэд дахин осол аваар гаргаж 10 хүний аминд хүрээд буй юм байна.

 

   Энэ мэт аймшигт үйлдлүүд гарсаар байх юм бол цөөхөн хэдэн ард түмэн нь орон сууцанд орхоосоо өмнө орчлонгоос явах болох нь. Тиймээс тус салбар осол аваар гаргахгүй нь тулд ажлаа эхлэхээс өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй.

 

   Мөн сүүлийн үед орон сууцнууд маш богино хугацаанд баригдаж дуусах болсон нь иргэдийн сонирхлыг татаад буй. Тэд маш хурдан барьж байгуулж дуусах юм, ийм хурдан богино хугацаанд барьсан барилгын чанар гэж юу байгаа бол гэх хүмүүс бий.

 

   Гэтэл үүний хариулт гарсаар байна. Шинээр баригдсан орон сууцны иргэд гомдоллосоор буй бөгөөд шинэхэн байрандаа ороод жил ч бололгүй нурж унах шахам болж байна, Мөн квадрат метр дутаж байна гэх гомдол тасрахгүй байгаа юм. Тиймээс тус салбарынхан хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахаас гадна чанарын тал дээр анхаарлаа хандуулах нь чухал асуудал болоод буй. Он гарсаар барилгын салбарт 10 гаруй хүн амь насаа алджээ.

 

   Ажиллах орчны хувьд хамгийн эрсдэлтэй нь барилгын салбар. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг стандартын дагуу бүрдүүлээгүйгээс жилийн жилд энэ салбарын цөөнгүй албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хорвоог орхидог нь гашуун үнэн. Дийлэнх осол, зөрчил Гангар инвест ХХК, Эко констракшн ХХК, Мини Макс ХХК зэрэг компаниудын барилга барих явцад болсон байна. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга хот байгуулалтын яаманд хамгийн их зөрчилтэй байгаа дараах 10 нэр бүхий барилгын компанийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг буй.

 

    Үүнээс гадна 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарснаар 246 нь амиа алдаж, 30 нь тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаад байгаа нь харамсалтай хэрэг билээ. 2013 оны байдлыг өмнөх онтой харьцуулахад барилгын ослын улмаас тахир дутуу болох явдал өсчээ. Өөрөөр хэлбэл 2012 онд 10 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол өнгөрөгч онд энэ тоо 18 болтлоо өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ мэтчилэн осол аваарын тоо ихэсч насаараа тахир дутуу болон бие мах бодиороо хохирч буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тул тус салбар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж өгөх зайлшгүй шаардлага бий болоод байна.

Ч.Гэрэлтуяа