COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 10,464 иргэн хийлгэжээ. Ингэснээр бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 475,677-д хүрлээ. Энэ нь нийт хүн амын 15 хувийг эзэлж байна.

Мөн өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,256,788 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгээд байгаа бол 65.9 хувь нь буюу 2,143,032 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх тухай Засгийн газар мэдэгдээд буй.