УИХ 2022 оны улсын төсвийг өчигдөр баталсан. Ирэх оны төсөвт замын түгжрэлийг бууруулах, зам, барилгын бүтээн байгуулалт, эрүүл мэнд болон боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх асуудлыг дараах байдлаар тусгасан тухай Сангийн яамнаас мэдээллээ.

 

Зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Түүнчлэн, Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүллээ. Тухайлбал: Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн Замын-Үүд, Гашуунсухайтад Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ. 

420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгажээ

2022 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгалаа. 

Боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгана

2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод реформ хийх, Ковид-19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах мөн ковидын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна.

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл хийж гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно.

Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бодит өртөгт суурилсан хувьсах зардлын санхүүжилт, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус тогтолцоо, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын чанартай уялдуулж үнэлэх, үр дүн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого зэргийг багцаар нь шийдвэрлэнэ. Дээрх шинэчлэлийг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч олон мянган эмч, сувилагч, багш болон төрд үйлчилгээ үзүүлэх бусад ажилтан  хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг болно.