Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамтын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамт (АББД)-д өртдөг, АББД үйлдэгчдийн 42.8 хувь нь төрийн албан хаагч, АББД-д өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй, АББД үйлдэгчдийн 88,2 хувь нь дээд боловсролтой, 69,2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ.

Үүнээс харахад нийгэмд бэлгийн дарамтын асуудлаарх ойлголт, мэдлэг хангалтгүй, өөрсдийгөө хамгаалах, түүнтэй тэмцэх дадал, хандлага бүрдээгүй, уламжлалт хэвийн байдаг зүйл гэх түгээмэл. Аливаа хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, холбогдох эрх зүйн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, судлах шаардлагатай байна.

 

Жендэрийн үндэсний хорооноос санаачлан ХЭҮК, Төрийн албаны зөвлөл, ХЗДХЯ болон холбогдох байгууллагууд хамтран төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын АББД-ын талаарх ойлголт, мэдлэг, хандлага, түүнээс сэргийлэх, хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, ажил олгогч, ажилтны манлайллыг хөхүүлэн дэмжих, тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж”-ийг 2020 онд боловсруулан гаргасан.

Зөвлөмж нь АББД учруулах зөрчил, гэмт хэргийн хууль эрх зүйн үндэслэл, түүнээс урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд гомдол гаргах, гомдлыг хүлээн авч бүртгэх, хянах, гомдол гаргагчид зөвлөгөө өгөх, нууцыг хадгалах, хамгаалах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх зэргээр гомдлыг төрийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах талаарх мэдээллийг агуулсан байна.

Монгол Улс 2011 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд анх удаа “бэлгийн дарамт”-ын асуудлыг зохицуулсан ба 2020 онд Зөрчлийн тухай хуулиар бусдад бэлгийн дарамт учруулах үйлдэл, эс үйлдэхүйг зөрчлийн хэрэгт тооцсон.

Бэлгийн дарамт нь дараах хэлбэр, хэв шинжээр илэрнэ. Үүнд:

1.Үгээр үйлдэх гэдэгт хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн харагдах байдал, нас, хувийн амьдралтай холбоотой санаа бодол илэрхийлэх, бэлгийн агуулгатай тоглоом шоглоом хийх, хошигнол түүх ярих, хэлэх, бэлгийн харьцааны санал тавих, уулзаж болзох хүсэлтийг олон дахин тавих, биеэр ойртох хүсэлт тавих, эрх мэдэл, хүч чадлаар далайлган элдэв зүйл амлах, өндөр цалин, урамшуулал, зэрэг дэв, цол хэргэм, сайн дүн, албан тушаал аливаа бусад боломжийг санал болгох, амлах, оронд нь бэлгийн таашаал үзүүлэхийг шаардах, дарамтлах, ганцаардуулах, гадуурхах, хүйсээр ялгаварлах, хавчих зэргээр сэтгэлээр унагаж албадах, хүний нэр төр, гадаад төрх, бие галбир, хувийн амьдралыг нь гутаан доромжлох, хүйсээр нь басамжлах, дорд үзэх, үгээр халдах зэрэг орно.

2. Биеэр үйлдэх гэдэгт зөвшөөрөлгүй биед хүрэх, тэврэн алгадах, чимхэх, илэх, үнсэх, тэврэх, энхрийлэх болон бусад зүй зохисгүй байдлаар биед халдах, биеийн хүч хэрэглэх, биед хүрэх, ажил эрхлэлттэй холбоотойгоор бэлгийн харьцаанд орох, бэлгийн халдлага хийх, хүчиндэх зэрэг орно.

3. Бусад хэлбэрээр үйлдэх гэдэгт ёс бус байдлыг харуулсан зураг, порно материал өгөх, үзүүлэх, захиа зурвас, е-мэйл, факс, бичлэг явуулах, бичгээр албадах, зохисгүй элдэв дуу авиа гаргах, гар хуруу, хөл гуя, уруул, нүд харцаараа бэлгийн харьцаанд өдөж, дохио зангаагаар албадах зэрэг юм.

Ажлын байранд ажлын холбогдолтой бүх төрлийн харилцаа, нөхцөл байдал, ажлын уулзалт, томилолт, амралт, зугаалга, баяр, спортын тэмцээн уралдаан, ажлаас хамаарч байгаа чөлөөт цагийн арга хэмжээ бүгд хамаарах учир дээрх үйлдлийг гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх зэрэг хувь хүний харилцаа, хандлагаа өөрчилж байгууллагын соёлыг төлөвшүүлэх юм.

Бэлгийн дарамтад өртсөн төрийн албан хаагч /үйлчлүүлэгч/ нь тухайн зөрчилд холбогдогчийн ажиллаж байгаа төрийн байгууллагад хандахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага, Захиргааны болон Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй.

Жендэрийн тэгш байдлыг хангах тухай Монгол улсын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Бэлгийн дарамтын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг хувийн нууц гэж үзэж, Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаална” гэж заасан.

 

Хошууч Л.Содном

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин