"Таван толгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлшний улаан шуудай урд хил хааснаас үүдэн сүүлийн өдрүүдэд тасраад байгаа билээ. Тэгвэл тус компанийн зүгээс энэ жил 10 сая шуудайг зургаан тэрбум төгрөгөөр импортоор авахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий.

Сайжруулсан шахмал түлшний шуудай хомсодсонтой холбоотойгоор “Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Даваабаатараас тодрууллаа.


САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ 25 КИЛОГРАММЫН ШУУДАЙГ ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС УРД ХӨРШӨӨС АВЧ БАЙНА ГЭВ

-БНХАУ-ын хил хаасантай холбоотойгоор дотоодод шахмал түлшний шуудайн хомсдол үүсч байна. Одоогоор нөөц хэр хангалттай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар (өчигдөр) сайжруулсан шахмал түлшний 25 килограммын савлагаатай шуудайн 14 хоногийн нөөц байна. Бид 1.650.000 ширхэг шуудайг БНХАУ-аас татахаар ажиллаж байгаа. Тодруулбал, хоёр вагонд ачигдаж ирэхээс эхний вагонд ачигдсан байгаа. Тэгэхээр ойрын өдрүүдэд ороод ирнэ гэсэн үг. Шуудайны савлагаанаас үүдэлтэйгээр түлшний хомсдол үүснэ гэсэн ойлголт байхгүй.

-Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх боломж бололцоо байгаа юу?

-Та бүхэн анзаарсан бол 25 килограммын савлагаатай шуудай нь гадуураа гялгар бүрхүүлтэй байдаг. Энэ бүрхүүл нь шахмал түлшийг ус чийгээс хамгаалах зориулалттай. Тэгэхээр дотоодын компаниуд маань үнэхээр үүнийг хийж чадахгүй байгаа юм. Яахав, энгийн шуудайн материалыг холбож оёод нэг тонн болон 100 килограммын савлагаатай шуудайг хийж болж байгаа.

-Тэгэхээр шуудайн материалаас хамаараад түлшний чанарт нөлөөлнө гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Түлш ус чийг авч болохгүй учраас хадгалах, нөөцлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр 25 килограммын савлагаатай шуудай нь өөрөө ус чийгээс хамгаалах зориулалттай болохоор савлахаас өөр аргагүй байдаг. Одоогийн байдлаар манайхан дотооддоо 25 килограммын савлагаатай гялгар улаан материалыг үйлдвэрлэж чадахгүй байгаа. Түүнчлэн энэ 25 килограммын шуудайг чинь үйлдвэрлэе гэсэн санал хараахан ирээгүй. Харин 100 болон нэг тоннын савлагаатай шуудайг манайд нийлүүлээд явж байгаа.

-Дотоодод зориулалтын шуудай үйлдвэрлэхэд ямар асуудал үүсээд байна вэ. Материал нь чанаргүй байна уу, уутны гялгар материал дээр нь хэвлэх технологи байхгүй гэсэн үү?

-Хэвлэх гэхээс илүүтэй тухайн гаднах бүрхүүлдээ байдаг. Манайд энэ технологи нь хараахан нэвтрээгүй байна л даа. Гэхдээ цаашдаа манайхан үнэхээр үйлдвэрлэх боломжтой бол дотоодоосоо л авна шүү дээ.

МАНАЙ УЛСАД ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШУУДАЙ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР ЭНЭ ЗУН БАЙГУУЛАГДСАН Ч ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙ

Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Болдбаатартай ярилцлаа.


-Сайжруулсан түлшний шуудайг 560-594 төгрөгөөр урд хөршөөс худалдаж авч байна. “Таван толгой түлш” компанийн зүгээс дотоодод энэ төрлийн шуудайг үйлдвэрлэж чадахгүй байна гэж мэдээлсэн. Тэгэхээр үнэхээр дотоодод 25 килограммын улаан уутыг үйлдвэрлэх боломжгүй гэж үү?

-Ерөнхийдөө манай улсад хүнд даацын баяжмалын шуудай үйлдвэрлэдэг арав гаруй компани байдаг. Харин шахмал түлшний шуудай үйлдвэрлэх боломжтой нэг компани энэ зун байгуулагдсан. “Grand lucky” гэх нэртэй тус компани нь түлшний шуудай үйлдвэрлэх тоног төхөөрөмж болон бусад бүх зүйлээ оруулаад ирсэн гэсэн үг. Манай улсад аль хэдийнэ шуудайн үйлдвэр байгуулагдсан ч захиалгат ажил байхгүй болохоор үйл ажиллагаа нь жигдэрч өргөжиж өгдөггүй. Хамгийн гол нь “Таван толгой түлш” компани тендерт ороод ялагдсан. Нуулгүй хэлэхэд, манай улсад хахууль авдаг, хахууль өгдөг компаниа шалгаруулдаг жишиг тогтоод байна уу хэмээн харж байна.

-Тухайн шуудай нь тодорхой стандартыг хангахуйц байх хэрэгтэй. Харин манай улсад үйлдвэрлэсэн шуудай түлшний чанарт сөргөөр нөлөөлж, ус чийг орох эрсдэлтэй гэж байна лээ. Тухайн уутны түүхий эд, материал нь Хятадаас оруулж ирэх боломж бололцоог судалбал, манайхан үйлдвэрлэх боломжтой болох байх?

-Ер нь бол түүхий эд, материалаа Хятадаас л авдаг шүү дээ. Манай сав баглаа, боодлын үйлдвэрүүд чинь цаасан түүхий эд, хуванцрын түүхий эд гэх мэтчилэнг бүгдийг нь урдаас авдаг нь үнэн. Гэхдээ түүхий эдийг нь гаднаас авсан ч дотооддоо боловсруулж, 50 хувь нэмүү өртөг шингээгээд борлуулж болно шүү дээ. Ингэж чадвал зуун хувь импортоос авснаас дээр биз дээ. Дээрээс нь олон хүнийг ажлын байраар хангана. “Таван толгой түлш” компанийн зүгээс янз бүрийн тайлбар хийж байгаа нь зүгээр л шалтаг. Манай улсад шуудайн үйлдвэр байгуулагдаж байгаа юм чинь нэг талдаа, эсвэл хоёр талдаа гялгар материал наах уу гэх мэтчилэн асуудлыг нь захиалагч, үйлдвэрлэгч хоёр хоорондоо тохироод шийдэж болно шүү дээ. Үндсэн үйлдвэр нь энд байгаад байна шүү дээ. Хэрэв тоног төхөөрөмж нь дутагдаад байвал стикер наадаг тэр гялгар материалынхаа тоног төхөөрөмжийг худалдаж аваад хийхэд болно. Ерөнхийдөө эх оронч худалдан авалт үгүйлэгдэж байна. Хоёрдугаарт, хахуулийн асуудал хөндөгдөж байна. Шударга ярихад, Монголд ямар ч үйлдвэргүй мөртлөө тендерт ялаад байна гэдэг чинь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал биз дээ.

-Тэгэхээр зуун хувь Хятадын талаас хамааралгүйгээр түлшний шуудайгаа үйлдвэрлэх боломжтой байх нь ээ?

-Тийм. Тэр зургаан тэрбум төгрөгийн шуудайг оёход хамгийн багадаа 50-60 ажилчин хэрэг болно биз дээ. Тэр компани чинь тодорхой хэмжээнд ажилчдаа санхүүжүүлнэ, нийгмийн даатгал өгнө, борлуулалтын орлого төлнө, мөн нөаттөлнө. Энэ мэтчилэн татвараар дамжаад зөндөө мөнгө улсын төсөвт орно шүү дээ. Харин Хятадаас оруулж ирээд байвал ийм зүйл байхгүй.

-Түлшний 25 килограммын уутны гаднах гялгар наалтыг манай улсад хэвлэж болохгүй байна гэх мэдээлэл байна лээ?

-Дээр хэлсэнчлэн энэ бол шалтаг. Яахав, өмнө нь бол дотооддоо шуудайг хийдэггүй байсан. Харин одоо бол хувийн үйлдвэртэй, тоног төхөөрөмжтэй компани байгуулагдсан. “Grand lucky” гэх компани чинь баяжмалын даацын шуудай үйлдвэрлэж байгаад энэ жилээс жижиг шуудай руу орж байгаа юм билээ. Тиймээс ч дотооддоо үйлдвэрлэж эхэлж байгаа юм чинь дэмжих байх гэж дотроо их горьдсон. Харамсалтай нь өмнө ялж байсан компани нь тендер авсан байна лээ. Уг нь тэр компани нь эрчим хүчний чиглэлээр тендерт оролцдог гэсэн. Одоо сүүлдээ шуудайн тендерт оролцдог болсон байна лээ.

-Тэгэхээр дотоодод энэхүү шуудайг үйлдвэрлэх ямар ч компани байхгүй гэдэг нь худлаа юм байна, тийм үү?

-Тийм. Одоо тэгж хэлж байгаа бол худлаа. Харин жилийн өмнө тэг ярьж байсан бол үнэн л байхгүй юу. Нэмж дурдахад, олон улсын жишгээр бол тендерийн ажлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд харьяалагдаж буй салбар салбарын мэргэжлийн холбоонд нь хуваарилаад өгчихдөг. Солонгос улсад барилгын чиглэлийн тендер зарлагдахад шууд Барилгын холбоонд нь өгдөг жишигтэй. Ийм эрүүл саруул үзэгдэл байна. Тэгэхээр энэ жишигт оръё гэж бидний зүгээс Худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн төслийг өргөн барьсан ч сайн явж өгөхгүй байна. Ялангуяа, энэ тендерийн ажилд төрийн өндөр албан тушаалтнууд, их хурлын гишүүд, аймаг сумын Засаг дарга нар нөлөөлдөг талтай. Тэгэхээр ийм хэрэгтэй хуулийг баталж өгөхгүй байгаа нь өөрсдийнх нь эрх ашигтай хамааралтай байна уу хэмээн харж байна Жишээ нь, дээр дурдсан хуулийг баталчихвал тэр шуудайн тендер шууд Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбоонд ирээд л бидний зүгээс чадах хэмжээний квотыг үйлдвэр үйлдвэрт нь хувааж өгөх юм. Тодруулбал, “Grand lucky” хэдэн шуудай үйлдвэрлэх чадвартай, өөр бусад нь хэдийг үйлдвэрлэх боломжтой тэр хэмжээгээр өгчихнө. Хэрэв хүчин чадлаас нь хэтийдсэн бол урд хөршөөс авч болно. Энэ чинь эрүүл үзэгдэл байхгүй юу.

Таван толгой түлш” компани манайхаасхоёр сая шуудай авахаар болсон

“Grand lucky” компанийн захиарл н.Энхбаяраас тодрууллаа.

-Манайхан сайжруулсан шахмал түлшний шуудайг Хятад улсаас хамааралтайгаар оруулж ирж байна. Та бүхний хувьд дотоодод шуудайг үйлдвэрлэх боломжтой гэсэн үү?

-Манай компани 2012 онд байгуулагдсан л даа. Анх 2-3 тоннын даацын шуудай үйлдвэрлэдэг байсан юм. Ингээд энэ жилээс “Таван толгой түлш” компанийн шуудай үйлдэрлэх тендерт орсон. Хамгийн гол нь тус тендерт “сүүлийн гурван жил ашигтай ажилласан байх ёстой” гэсэн шаардлага тавьсан байсан. Үүнийг нь үндэсний үйлдвэрлэлүүд яаж давж чадахав. Ковидтой холбоотойгоор эдийн засгийн асуудал сүүлийн хэдэн жилд үүсээд байна шүү дээ.

-Тэгэхээр тус шуудайг хийх, стандартын шаардлага нь ямар байдаг юм бол. Яагаад заавал Хятадаас татан аваад байна вэ?

-Мэдээж ашиг харж байгаа болов уу. Гэхдээ манай компани сая өөрсдийнхөө шуудайг тестлүүлээд тэнцсэн. “Таван толгой түлш” компаниас бидэнтэй холбогдож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай өнгөсөн долоо хоногт холбогдож хэлсэн. Жижиг шуудайны үйлдвэр маань тендертээ тэнцээгүй учраас зогсонги байдалд шилжсэн. Стандартын тухайд, тэр улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй байгаа юм. Бидний санал болгож буй цагаан шуудай нь хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай үйлдвэрлэж болно. Уг нь Монголд чанарын шаардлага хангахгүй гэсэн зүйл байхгүй.

-Үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодруулбал?

-Манайх чинь минутад 47 ширхэгийг үйлдвэрлэдэг. Тодруулбал, сардаа 2-3 саяыг үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ “Таван толгой түлш” компанийн зүгээс манайхаас хоёр сая шуудай авахаар болсон. Тэгэхээр бид ойрын өдрүүдэд үйлдвэрлэлдээ оруулж, энэ төрлийн бүтээгдэхүүнээр хангана.

П.САЙНЖАРГАЛ