Монгол Улс, БНХАУ Замын-Үүд-Эрээний боомтыг ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байгаа талаар “SXCOAL” мэдээлэв. Өмнө нь мэдэгдэж байснаар арваннэгдүгээр сарын 27-нд нээж магадгүй гэх таамаг байгаа ч, нээх өдөр нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

          Замын-Үүд-Эрээний боомтыг хаасантай холбоотойгоор өнгөрсөн сараас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдэж, арваннэгдүгээр сар гарснаар эрс өссөн үзүүлэлттэй байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор

  • Аравдугаар сард 6674 нүүрс тээврийн автомашин
  • Арваннэгдүгээр сарын 1-23-ны хугацаанд 7679 нүүрс тээврийн автомашин нэвтэрчээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор явах нүүрс тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн ч, Замын-Үүд-Эрээн, Шивээхүрэн-Сэхэ боомтын хаалттай байгаа нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж байгаа юм. Шивээхүрэн-Сэхэ боомтоор цар тахал эхлэхээс өмнө жилд 10 сая тонн нүүрс гардаг байсан бол цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн сарын 18-наас зогссон юм.

          Нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч, БНХАУ-д нүүрсний импортын дундаж үнэ буурч байна. Арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар БНХАУ-ын зах зээлд түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1250-1300 юань болж, нэг сарын өмнөх үнээсээ хоёр дахин буурсан аж.