Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Эрүүл  мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцинжуулалтын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь хамрагдаад байгаа аж.

Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт хүн амын 21 хувь нь хамрагджээ. Өссөн дүнгээр 674,925 хүн дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсэн нь насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ мутацийг ДЭМБ онцгой анхаарал татахуйц хэмээн бүртгэж авсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан улс орнууд энэхүү шинэ мутаци бүртгэгдсэн улс орноос гадаадын иргэн хүлээн авахгүй, өөрийн улс орны иргэдийг хүлээн авахдаа 10-14 хоног тусгаарлах, гурав дахь тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх арга хэмжээг авч байна.

Манай улсын хувьд хилийн боомтуудад шуурхай баг ажиллуулж байна. Гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1040 хүн ирсэн бөгөөд хүнээс хоёр хүний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Тус хоёр хүнийг ХӨСҮТ рүү авч явж баталгаажуулах зорилгоор PCR шинжилгээ хийхэд нэг хүнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүний шинжилгээ сөрөг гарсан.


Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгч байна.

УОК арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Шинэ төрлийн вирус илэрсэн газраас гадаадын иргэдийг хүлээж авахыг түр зогсоож, монгол иргэдийг хүлээж авахдаа 10 хоног тусгаарлаж эхэлсэн. Зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гадаад улсыг зорихгүй байхыг зөвлөж байна.