“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.

Энэ удаагийн дугаарт Монгол Улсад уул уурхай, эрчим хүчийг блокчэйн технологитой хослуулсан хамгийн анхны аж үйлдвэр, эрчим хүчний цогц төслийг хэрэгжүүлж буй “Эм Жи Эл Кейлум” компанийн ТУЗ-ийн гишүүн, төслийн захирал Б.Энхтайвантай  ярилцлаа.

 

-Технологийн дэвшил, инновацийн нөлөөгөөр бизнесийн салбарын чиг хандлага ихээхэн өөрчлөгдөж байна. Сүүлийн үед блокчэйн, хиймэл оюун ухаан зэргийг уламжлалт бизнест нэвтрүүлж, ашиглах зайлшгүй шаардлага нэгэнт бий болсон. “Эм Жи Эл Кейлум” компани өөрийн орд газар, эрчим хүчний нөөцийг орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулсан цогц төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц, уул уурхайн түүхий эд боловсруулах эко технологийн аж үйлдвэрийн цогцолбор, крипто майнинг фарм, хиймэл оюун ухаанд тулгуурласан дата центр, блокчэйн болон эд юмсын интернэт хосолсон ухаалаг ханган нийлүүлэлтийн сүлжээ, блокчэйнд суурилсан эрдэс баялаг, түүхий эдийн бирж байгуулах юм.

 

Төслийн хувьд “Тэнгри холдинг” гэдэг компанитай салшгүй холбоотой. 1996 оноос эхлээд 15 жил уул уурхай, хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалт, газар тариалан зэрэг олон салбарт ажиллаж,  2010 оноос хайгуулын 300 орчим талбайд 120-иод сая ам.долларын зардал гаргаж хайгуул хийсэн 40 орчим багц, онцгой 25 лицензтэй. Эдгээр лицензүүд, бизнесийн үнэлгээгээ Австрали, Герман, Канадын технологи, стандартуудаар баталгаажуулсан. Энэ нь юуг хэлээд байна гэхээр олон улсаас хөрөнгө босгох гэж байгаа бол олон улсын стандартын тайлан, бизнес төлөвлөгөө, үнэлгээтэй байх ёстой. Энэ бүх шаардлагуудыг хангаж, бэлэн болгосон өөрийн хөрөнгөтэй төсөл гэсэн үг.  Энэхүү уламжлалт бизнесийг блокчэйнд суурилсан моделуудтайгаа холбох тооцоолол судалгааг 2018 оноос эхлэн хийж хабрид буюу хосолсон бизнесийн модулийг амжилттай хийж дуусгасан нь “Эм Жи Эл Кейлум” төсөл.

 

Уул уурхай, цахилгаан станц блокчэйнтэй хэрхэн холбогдов

 

Монгол Улсын эрдэс баялг, дэд бүтцийн салбарын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх зорилготой "Эм Жи Эл Кейлум" ХХК-ийн Төслийн захирлаар 2021 оноос хойш ажиллаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажилласан 24 жилийн туршлагатай, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Causal Finance (HK) Limited" болон "Silverbear Capital (HK) limited" компаниудын үүсгэн байгуулагч, партнер.

 

-Хөгжлийн түлхүүр болсон мега төслүүд хэрэгжүүлж, үйлдвэрүүд барьж байгуулан олон улсын зах зээлээс хөрөнгө босгоё гэвэл хамгийн түрүүнд бидэнд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүч бол хөгжлийн эх үндэс, улс орны тусгаар тогтнолын асуудал. Бидний бизнесийн гол багана болсон эрчим хүчээ өөрсдөө шийдэх ёстой гэж зоригтой хөдөлсөн. Тиймээс 675 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй, Канадын NI 43-101 тайлангаар баталгаажсан уурхайгаа түшиглээд ногоон эрчим хүч үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн 150 мегаваттын дөрвөн блокоос бүрдсэн 600 мегаватт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станц барина. Тус станцаас гарсан цахилгааныг өөрсдөө хэрэглэхээс гадна төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Монгол Улсын Засгийн газартай 300 мегаватт эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн цахилгаан станц байгуулахад шаардлагатай бүх баримт бичиг бэлэн болсон.

 

 

“MGL Caelum” төслийн бүрэлдэхүүн болсон энэхүү эрчим хүчний төсөл, мөн уул уурхайн бусад төслүүд болох жонш баяжуулах үйлдвэр, цахиур цэвэршүүлэх үйлдвэрийн төслүүдээ ирэх онд Сингапурын хөрөнгийн биржид нээлттэй хувьцаат компаниуд болгон хөгжүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлээд явах юм.

 

 

 

Харин уул уурхай, эрчим хүчний төсөл маань блокчэйнтэй хэрхэн холбогдож, яаж хөгжих вэ гэдэг дээр тодорхой сонирхолтой төслүүд хэрэгжинэ. Энэ талаар ярьсан нь илүү сонирхолтой байх болов уу.

Нэгэнт өөрсдийн эрчим хүчтэй болчихсон юм чинь яаж үр ашигтайгаар цааш авч явах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр эрчим хүчийг хамгийн их хэрэглэж байгаа нь блокчэйний салбар, криптомайнинг болоод байна. Өнөөдөр дэлхийд хөрөнгө оруулалтаа хамгийн хурдан нөхөж байгаа бизнес бол энэ. Тиймээс биткойн олборлогч төхөөрөмж бүхий крипто майнинг фармыг байгуулах гэж байна. Манай улсын хувьд хүйтэн сэрүүн уур амьсгал нь криптовалют олборлох таатай нөхцөл болдог. Нийт крипто зах зээлийн гуравны хоёр нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тус улсын засгийн газраас удаа дараа хориг тавьснаас энэ оны хавраас эхлэн биткойн олборлогчид эрчим хүчний хямд эх үүсвэр, үйл ажиллагаа явуулах таатай орчинтой улс орнууд руу нүүж эхэлсэн. Тиймээс бид өөрсдийн үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ ашиглан энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх болно.

 

Дараагийн сонирхолтой ажил бол хиймэл оюун ухаанд суурилсан дата центр. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын мобайл дата болон интернэт хэрэглээ огцом өссөнөөс дата центрийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэр, цаг уурын таатай нөхцөл, газарзүйн байрлал зэрэг давуу талаа ашиглан, хиймэл оюун ухаанд суурилсан TIER 3 зэрэглэлийн бүрэн автомат дата центр байгуулна. Төсөл бүхэлдээ хэрэгжээд эхлэхээр бидний тооцоогоор 15 мянган харилцагч, 7000 ажлын байр бий болно. Үндсэндээ хот бий болно. Энэ болгоныг дагаад маш их дата үйлдвэрлэгдэнэ. Мэдээж бид дангаараа хийж чадахгүй. Гадны мэдлэг боловсрол, но хауг импортлох, суралцах ёстой. Ирланд загвар гэж байдаг л даа. 1990-ээд онд Ирландад интернэтийн хувьсгал болсноос хойш өнөөдрийг болтол 60 орчим дата центр барьсан. Интел, Майкрософт, Гүүгл, Амазон гэх мэт томоохон компаниуд бүгд тэнд очиж дата центрээ барьсан. Дата центрийн бизнест Ирланд улс найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол буцаагаад жилд 40 тэрбум ам.долларыг олж байна. Нийт эдийн засгийнхаа аравны нэгийг зөвхөн дата центрүүдээс бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, зөв менежмент хийгээд зөв явж чадвал маш ашигтай бизнес. Манай төслийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар Интэл корпорацийн Fab 32 үйлдвэрийн захирлаар ажилласан, шинэ чип зохион бүтээж хувьсгал хийсэн 30 гаруй жилийн турлагатай Philip Moynagh ажиллаж байгаа.  Энэ хүний ноу хауг монгол залуучууд суралцаж үлдэнэ гэсэн үг.

Мөн эрчим хүчээ ашиглан уул уурхайн төслүүдээ хэрэгжүүлж боловсруулах үйлдвэрүүд барина гэж түрүүнд хэлсэн. Тэгэхээр эдгээр төслүүд, боловсруулах үйлдвэрүүдээс гарсан эцсийн бүтээгдэхүүнүүдээ дэлхийн зах зээлд худалдахдаа блокчэйн технологи, смарт контракт ашиглана. Өөрөөр хэлбэл блокчэйнд суурилсан эрдэс баялаг, түүхий эдийн биржийн төсөл бол манай нэг бүрэлдэхүүн.  Ингэснээр дундын зуучлагчгүйгээр дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалж банкны хүү шимтгэлийн зардлыг хэмнэнэ. Ерөөс хүний оролцоог хална гэсэн үг.  Ингэснээр ямар ч ашиг сонирхлын зөрчил блокчэйн технологи дээр боломжгүй. Банкны баталгаа, бүтээгдэхүүний агуулахын сертификат гээд маш олон бичиг баримт байгаа. Энэ бүгдийг блокчэйн дээр бүртгээд эхлэхээр бидний бүтээгдэхүүн үнэ цэнэтэй баталгаатай болно. Дэлхийн зах зээлийн үнээр юмаа борлуулья л гэж байгаа бол үүнийг хийхээс өөр аргагүй.

 

Крипто зах зээлийг үндсээр нь эрүүл болгох хэрэгтэй байна

 

-Эрдэс баялгийн бирж, ханган нийлүүлэлтийн сүлжээгээ блокчэйн дээр хийнэ гэдэг нь төлбөрөө төлөх, авах гэх мэтэд хэрэглэх санхүүгийн крипто хэрэгсэл зайлшгүй байх ёстой. Тийм учраас системдээ тааруулсан токен хийх үү гэвэл хийнэ. Үүнийгээ гадаадын бирж дээр гаргах гэрээ хэлцлүүдээ хийчихсэн явж байна. Гэхдээ бид та нар мөнгө өгчих, тэгвэл бид гадагшаа гарна гэдэг байдлаар явахгүй. Бидний койн, токен гарангуутаа л 20, 30 дахин өснө гэж хэзээ ч амлахгүй. 

 

Энэ зах зээл маань өөрөө манай улсад бага зэрэг эвгүй явах гээд байгаа эрсдэл бий болчихлоо. Монголчууд нийт бэлэн мөнгөнийхөө 38 хувийг, хадгаламжийнхаа 17 хувийг  энэ зах зээлд оруулчихсан гэсэн судалгаа байна. Хөрөнгийн биржээс давчихсан буюу найман их наяд төгрөг энэ зах зээлд ороод гарчихсан байна. Яг юун дээр суурилаад ингээд явчихав гэхээр манайхны санхүүгийн боловсрол муу байна. Оруулсан мөнгө нь 20 дахин үржлээ л гээд байгаа юм. Чи 20 дахин үржүүлж олсон бол өөр нэг монгол 20 дахин алдсан л гэсэн үг. Манайхан л койн гэж нэрлээд байгаагаас биш бүгд токен шүү дээ. Койн гэдэг нь өөрийн гэсэн экосистемтэй болчихсон, блокчэйний сууриа хийчихсэн байдаг. Энэ зах зээлийг эрүүл байдал руу татахгүй бол болохгүй нь.  Ядаж л төсөл нь хэрэгжихгүй боллоо гэхэд эргээд хүмүүсийг хохиролгүй болгох хөрөнгийн чадвартай байх ёстой. Тэгэхгүй бол энэ их хөөсрөлт хадгаламж зээлийн хоршоодын хэрэг шиг юм болох вий. Тухайн үед ганц хоёр нь буруу явснаас болоод бусдыгаа татаад унагасан шүү дээ. Тэгэхээр бид үүнээс хамгаалах ёстой. Гаргаж байгаа токеноо ч Монголын анхны койн гэж нэрлэсэн. Ард нь олон улсын 4.5 тэрбум долларын үнэлгээтэй баялгаар баталгаажсан хөрөнгө байна.  Тиймээс ч бид хамгийн том хөрөнгийн татан төвлөрүүлэлт хийж байгаа. Үүнийг хийх ёстой юу гэвэл заавал хийх ёстой. Хадгаламж зээлийн хоршоодын жишгээр бүхэлд нь татаад унагаж болохгүй.

 

 

Эрүүл болгож дэлхийн хөгжилтэй хөл нийлэхээс өөр арга байхгүй. Хэрэв уламжлалт бизнес энэ чигээрээ байгаад байвал улам л хоцрогдоно. Блокчэйн, криптовалют, технологи, ноу хаугаа шингээсэн бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах ёстой юу гаргах ёстой. Монголчууд харин үүнийгээ өөрсдөө хийх хэрэгтэй.

 

 

 

Үүний тулд цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Цахилгаан байхгүй бол цаашид явахгүй. Блокчэйний хөгжлийн үндэс бол цахилгаан гэж байнга хэлж байгаагийн учир нь энэ юм. Тиймээс бид өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлэе гэж сууриа маш зөв тавьсан гэж бодож байгаа. Ингэж зөв тавиагүй бол өнөөдөр бид блокчэйн ярих боломжгүй шүү дээ. Криптовалютын зах зээл 2017 онд одоогийнхоос арав дахин бага байлаа. Одоо бол зогсох боломжгүй болсон. Монголчуудын хувьд цаг нь ирсэн. Тиймээс бид үндсэн сууринаас нь эхлэн хийх гээд зориглоод байна.

 

НҮБ-аар дэмжигдсэн эко төсөл

 

-Мега төслүүдийн эцсийн зорилго, үнэт зүйл бол байгаль орчин, экологийн аюулгүй байдал байх ёстой. Тиймээс ч бид төслийн концепцоо “Ногоон нүүрс, хөх тэнгэр” гэж зарласан. Юун түрүүнд эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц нь байгаль ээлтэй технологиор ажиллана. Тодорхой хэлбэл, Европын стандартаас азотын ислийн хаягдал тав дахин, хүхрийн ислийн хаягдал ес дахин, тоосонцор 25 дахин бага байна. Нүүрс хүчлийн давхар ислийг 50 хувиар бууруулах технологиор хийгдэх юм. Энэ технологийн гарал үүсэл нь Америк. Сүүлийн үед Өвөрмонголд ийм технологитой цахилгаан станц хэд хэдийг барьсан. Хятадууд орчин үеийн байгаль орчинд ээлтэй шийдлийг урдаа барьдаг дэмждэг болсон. Манай станцаас гарах харагдах утаа бол айлын яндангийн дайтай л байна. Тиймээс ч яндангүй станц гэсэн тодотголтой.  Харин нүдэнд үзэгдэхгүй нүүрс хүчлийн ислийг дахиад бүр 0 хувь руу дөхүүлж буулгахын тулд тойруулаад станцынхаа дулаан, халуун усыг ашиглаад замгийн аж ахуй хийнэ. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцаас ялгарах хүлэмжийн хийг ашиглаад микро замаг ургуулна гэсэн үг. Замгийн аж ахуй нь малын тэжээл, био түлш, эмийн бэлдмэл антиоксидант гардаг маш ашигтай бизнес давхар болно. Тэр технологийг дэлхийд ганцхан АНУ-ын “Brisa international” компани эзэмшиж байгаа.  Хятад улсаас санал тавьдаг ч тодорхой шалтгаанаар тус улсад хийхгүй байгаа. Харин манай улсад хийе гэж зөвшөөрөөд энэ төсөлд хамтран ажиллаж байгаа.  Ингээд бидний ногоон нүүрс, хөх тэнгэр санаачилгыг  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан дэмжсэн. Хэрвээ та нар амжилттай хийвэл танай энэ хөтөлбөрийг дэлхийн бусад оронд явуулья. Шахаж шаардая, загвар болгож бариуль гэсэн. Замагны аж ахуйн төслийн хоёр дахийг нь бид Улаанбаатарт барих ёстой. Өнөөдөр ус, агаар, гүний хөрс, бүгд бохирдсон байна. Энэ бол бодитой аюул гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Тиймээс бид үүнийг заавал хийх ёстой. Экологийн хувьд олон улсын туршлагыг аваачаад зөв талаас нь хийж чадна гэдэгтээ итгэлтэй, урам зоригтойгоор  ажиллаж байна.

 

 

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин