Төрийн соёрхолт Д.Болд: Урлагийнхаа бүтээлийг дэлхийд гаргахын төлөө Монгол NFT-тэй хамтарч байна
2021/12/15
Ингэснээр шинэ технологийн тусламжтайгаар уран бүтээлчдийн NFT-г санал болгох, NFT-гээс үр шим хүртэх, стримингийн үйлчилгээ үзүүлэх платформ бий болох юм.
Бүр тодруулж хэлбэл Монголын хөгжмийн салбар шинэ шатанд гарч, уран бүтээлчдэд эдийн засгийн шинэ боломжууд бий болж, эцсийн хэрэглэгчдэд үзүүлэх үр өгөөж илүү нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.
Сүүлийн есөн сарын хугацаанд манай улсад крипто болон NFT-ийн арилжаа нэмэгдэж, улмаар уран бүтээлчид болон контент бүтээгчид бүтээлээ арилжаалах шинэ боломжтой болсон. Монгол NFT арилжааны платформ нээгдсэнээс хойш хорин мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж өргөжсөн ба 4500 гаруй NFT гаргаж, тэдгээр нь дунджаар хоёр цагийн дотор зарагдсан амжилттай байна.
Соёл урлагийн салбарт 15 жилийн түүхтэй B production бүрэн шинэчлэгдсэн олон улсын А зэрэглэлийн кино, хөгжим, дуу бичлэгийн цогц студийг нээгээд байгаа билээ. B продакшний байгуулсан “440Hz records” компани цогц студийнхээ акустик дизайн, архитектурыг Америкийн нэгдсэн улсын Wes Lachot компанитай хамтран шийдсэн бол тоног төхөөрөмжүүдээ Их Британи улсын Solid State Logic, QUESTED брэндүүдээс авсан юм. Мөн Монголд анх удаа олон улсын ISO 3382:2009 acoustic стандартыг нэвтрүүлээд байна.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Өнөөдөр CD-ний борлуулалт байхгүй болчихлоо. Наад захын жишээ гэхэд л сүүлийн үеийн шинэ CD тоглуулагч байхгүй боллоо. Тэгэхээр бидний хөдөлмөр, CD борлуулалт яах вэ гэсэн асуудал гарч ирж байна л даа. Бид анх iTunes-ийг гарч байхад таатай хүлээж аваагүй ч өнөөдөр iTunes apple music ямар болсныг бүгд мэдэж байгаа. Гэтэл одоо NFT гээд цоо шинэ зүйл гараад ирлээ. Өмнөх шигээ ойлгохгүй хоцрох уу, эсвэл дэлхийтэй хөл нийлүүлж алхах уу гэсэн асуултын өмнө бид ирчхээд байна. Өөрөөр хэлбэл техник, технологийн хөгжилтэй хамт урагшлах, залуу үеэ сонсох хэрэгцээ бий боллоо. Зарагдахгүй байгаа CD, зураг, хөгжим, лого бүгдийг NFT-гээр зарах боломж бүрдчихлээ. Энэ бол уран бүтээлч бидэнд маш том боломж. Үүнээс гадна дэлхий хавтгай боллоо. Дэлхийн нөгөө өнцөгт амьдардаг гаднын иргэн “Вандэбо”-гийн Эбогийн зургийг худалдаж авах боломжийг NFT бүрдүүллээ гэж харж байна. Миний олон жил зүүсэн B зүүлтийг NFT-ээр зарах боломжтой болчихлоо. Уран бүтээлчдэдээ энэ боломжийг ашиглаач, NFT-тэй хамтраач гэж уриалмаар байна. Нэгдэж хамтдаа зүтгэвэл илүү үр дүнтэй. Манай улс, Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж яриад байгаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйлдвэр нь манай B продакшн дээр байж байна. Бид олон улсын жишигт нийцсэн технологийг нь хийж яваа Монгол NFT гэж авьяаслаг залуустай нэгдэж ажиллахаар боллоо. Ингэж хамтрах болсон гол зорилго маань Монголынхоо урлагийн бүтээлийг дэлхийд гаргах. Монголын уран бүтээлчдийн контентыг яаж борлуулах вэ гэдэг дээр анхаарна. Тэр дундаа бизнес, эдийн засаг, оюуны өмч талаас нь анхаарч ажиллах нь хамгийн зөв байх” гэж ярилаа.
Mongol NFT-г үүсгэн байгуулагчид токен ашиглалтын үр өгөөжийг бий болгох, зах зээлийн идэвхтэй оролцоог дэмжих зорилгоор MNFT койн гаргасан ба анхдагч зах зээл дээр 89 сая гаруй ам.долларын эрэлттэй байжээ. Онцолж хэлэхэд олон улсын Bittrex арилжааны платформын хамтран үүсгэн байгуулагч Билл Шихара Монгол NFT-ийн үүсгэн байгуулагчидтай Сиэттл хотод уулзаж, зөвлөгөө, стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах болсноо илэрхийлсэн юм.
Mongol NFT-iin hamtran uusgen baiguulagch, Инфинит солюшн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Габит “Д.Болд ах сая хэллээ л дээ. Apple компани, iTunes-ийн тухай. Хорин жилийн өмнө Apple компанийн Стив Жобс бүх урлагийнхныг цуглуулж байгаад “Одоо хэдүүлээ ийшээ явахгүй бол бүгдээс хоцрох гээд байна” гээд шинэчлэлийг эхлүүлсэн. Тийм ч учраас өнөөдөр Apple 2.5 их наяд ам.долларын компани болчихсон яваа. Өнөөдөр дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Фэйсбүүк яагаад өөрсдийгөө мета гээд нэрлэчхэв, яагаад Майкрософт, Софт банк ийшээ ороод ирэв. Яагаад гэвэл metaverse, NFT ирэх жил нэг триллионы бизнес болох гээд байгаа юм. Өнөөдөр бид гурван саяулаа. Гэхдээ идэвхтэйгээр хөгжим сонсч байгаа нь цөөхөн. Гурван зуун мянга л байх. Гэтэл metaverse-д байгаа хүмүүс нь 300 сая. Дэлхийн хүн ам найман тэрбум гээд бодоход metaverse-д байгаа хүн таван хувьд нь ч хүрээгүй яваа. Тэгэхээр ирээдүйд ашиг нь өчнөөн ам.доллараар хэмжигдэх энэ том зах зээлийн шинэ эхлэл рүү шууд орох бүрэн боломж бидэнд байна. Өнөөдөр бид metaverse-д газар авсан, Монгол NFT гээд платформ хийсэн гээд ярьж байна. Бид дотроо юу чадахаа харуулж чадлаа. Дараа жил бид шууд дэлхий рүү гарна. 300 сая хүнтэй тэр зах зээлд NFT-гээ гаргавал зөвхөн монгол сонсогчдоор хязгаарлагдахгүй. Жон, Ким, Ли-гийн сонирхолд орно. Залуу уран бүтээлчийн хувьд шууд үзэсгэлэнгээ гаргахад зардал их орно. Уран бүтээлдээ анхаараад суух ёстой зураачид metaverse дээр үзэсгэлэнгээ гаргах орчныг нь бүрдүүлээд өгчихвөл шууд 300 сая хүний зах зээл рүү орно. Тэр ертөнцөд монгол наадмаа ч хийх боломжтой. Тэнд зураг, бүтээлээ зарж болно. Таалагдаж байгаа зураг, дуугаа авмаар байвал Монгол NFT-ээр авах боломжтой. Товчхондоо 300 сая хүний зах зээл бидэнд нээлттэй байна. Энэ бол монголчуудын нэгдлийн эхлэл. Бид хоорондоо өрсөлдөх биш эндээ нэгдээд дэлхийн зах зээл рүү өрсөлдмөөр байна. Metaverse-ийн зах зээл өнөөдөр 300 сая байгаа бол дараа жил 600 сая, хоёр жилийн дараа тэрбум хүнтэй зах зээл болохыг үгүйсгэх аргагүй. Бид технологийн хүмүүс. Бид технологийг хурдасгуур гэж харж байгаа. Хамтдаа metaverse гэх ертөнц рүү “Майкрософт”, “Фэйсбүүк”-тэй зэрэг орж улсдаа доллар оруулъя гэж уран бүтээлчдэдээ уриалмаар байна” хэмээн онцоллоо.