Ойрын өдрүүдэд Оюу толгойг буулгаж авлаа, тэд хоёр гараа өргөлөө гэцгээж байна. Тэр жил Оросын их өр тэглэгдлээ гэдэг шиг. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд тухайн үеийн МАХН-ын дарга нар “Оросын их өрийг тэглэлээ, түүхэнд байгаагүй гайхамшгийг Н.Энхбаяр дарга минь байгууллаа” хэмээн хундага тулгаж, уйлалдаж билээ.

Тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин... нарын томчууд мэгшиж, Н.Энхбаярыг налж унан, тэвэрч аван байсан юм. Өнөөдрийн хүмүүс үнэмшихгүй байх л даа, Ц.Нямдорж өнө мөнхөд Н.Энхбаярыг дарж, барьж байсан юм биш шүү. Түүнийг тэвэрч уйлдаг байсан үе бий. Хойд Солонгосын хүүхнүүд их удирдагчаа бүчиж аван асгартал уйлдаг шиг тийм сайхан цаг МАН-ынханд одоо эргэн ирж байгаа бололтой. Ганц МАН ч биш юм даа, өнөөдөр сошиалаар “Босоо минь үргэлж л босоо байдаг нь хүүхнүүд бидний бахархал” хэмээн бичиж, Оюу толгойг буулгаж авсан баатар болгон шагшиж байна. Ганц босоо биш “Болорчулуун бол гайхамшиг, Бат-Эрдэнэ бол эх оронч, Даваасүрэн бол дахин төрөхгүй улстөрч” хэмээн тэдний эргэн тойрныхон магтаж байна. Үнэн хэрэгтээ Рио Тинтогоос нэг бичиг ирсэн хэрэг шүү дээ. Цаана нь ямар олон асуудал байгааг харах ухаан хэрэгтэй байна. Эхэнд дурдсан Оросын их өр тэглэлтийн үеэр юу болсон гэхээр манай баатрууд Айвенхоу Майнзын Фрийдландаас 50 сая ам.доллар урьдчилж аваад Оросын их өрийнх нь үлдэгдэлд өгчихсөн талаар эх сурвалжууд өнөөдөр ч ярьдаг. Оросын тал 10 гаруй тэрбум доллараа тэглээд 200 сая долларын үлдэгдэл манайд тулгаж өнөөдрийн дотор төл гэжээ. Түүнд нь тэр мөнгө явсан хэрэг байх. Тухайн үед улс төрд ойрхон байсан хүмүүс тэрхүү 200 сая долларыг манай хэдэн томчууд оросуудтай хуваагаад авчихсан гэж ярьдаг, бас бичдэг. Оросын талын зарим хэвлэлүүдэд энэ талаар гарсныг жишээ болгож Монголын нийгэмд цацаж байсан үе ч бий. Тэгсхийгээд нам дарагдсан даа.

Өнгөрсөн 70 жилийн бодит үнэн бол Монгол Улс нь ЗХУ-ын түүхийн эдийн бэлтгэл бааз байж, мах, арьс шир, ноос ноолуур, зэс... юу байдгаа тэдэнд зүгээр шахуу нийлүүлсэн. Түүний төлбөрийг тооцоход хүрвэл юун 10 тэрбум доллар, хэдэн зуун тэрбум долларын баялгийг оросууд хагас зуунд зүгээр хэрэглэсэн гэсэн үг. Энэхүү бодит түүх, бодит үнэн, нарийн ширийнийг гадарлах монголчуудын зүгээс “Монгол Улс яахаараа Орост өртэй байдаг юм бэ, бид харин тэднээс авлагатай ард түмэн шүү дээ” гэж хэлдэг, ярьдаг, зарим нь бичдэг. Ийм л ээдрээтэй 70 жил юм. Гэвч өнөөдрийн энэ их мэдээллийн урсгал дунд тэр чухлыг олж хардаг, мэдэрч уншдаг, мэдэж дуугардаг нь байхгүй болжээ. Тэр жилийн яг өдийд буюу шинэ жилийн өмнөхөн Оросын их өрийг тэглэсэн гэх эрх баригчдын шоу, өнөөдөр давтагдаж байгаа нь энэ юм. Оросын их өр тэглэлт-Оюу толгойн 2.4 тэрбум өрийн тэглэлт. Энэ бүгдэд цаг хугацаа л үнэнийг хэлнэ.

Өнөөдөр Оюу толгойг буулгаж авлаа, 2.4 тэрбум долларын өрийг тэглэлээ, Дубайн гэрээг цуцаллаа... гэдэг нь цаанаа ямар учиртайг бодож тунгааж байгаа хэсэг цөөхөн байх шиг. Гавьяагаа булаалдан сүйд болж байгаа босоо Ганбаа, Болорчулуун, Бат-Эрдэнэ, Даваасүрэн... нарын дунджаас доогуур боловсролтонгуудын пиар л байна. Дээр нь Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын мэдээллүүд нь гавьяа байгуулжээ гэж бодохоос өөр аргагүйд хүргэж байна.

Энэ хэдээс арай дөнгүүр боловсролтой, төрд олон жил ажилласан, тэр хэрээрээ барууныхантай харьцсан С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг... нарын хийсэн гэрээг эд нар шиг хэдэн нөхөр эцэслэж мухарлаад, эх орондоо ашигтайгаар эргүүлчих нь гэж ч юу байсан юм. Бодит шалтгаан бол Оюу толгойд осолтой олон асуудал байж. Түүнийгээ дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлдэг энэ том компани ойлгож. Дээр нь Рио Тинто дотор нь ажиллаж байсан монгол эмэгтэй ЗГХЭГ-ын дэд дарга болсон нь бас нөлөөтэй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын гавьяа гэвэл энэ эмэгтэйг урвуулж авсанд байгаа байх. Энэхүү эмэгтэй Риогийн бурууг ухаж гаргаж ирсэн, хэлэлцээрийн ид оргил үед түүнийг ХЗДХ-ийн дэд сайдаар түр шилжүүлэн томилж хэлэлцээрийн ширээний ард суулган “Рио”-гийнхныг улалзуулсан нь Монголын Засгийн Газрын зүгээс басчиг муу технологи биш юм. Ямар ч байсан 2.4 тэрбум долларын өрийг тэглэх саналыг цаад талаас гаргууллаа. Тун товчхондоо ийм л процессын гавьяаг булаалдах эрх Босоо, Болор, Баагий, Даваа нарт байх шаардлагагүй. Үнэхээр та хэд гавьяа байгуулах гээд байгаа юм бол одоо орхигдсон хамгийн чухал асуудлуудад анхаарч ажилла. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бүтэн найман жил экспортолж байгаа зэсийн баяжмалаас олсон ашгийн 34 хувийг Монголын Засгийн газар тооцож авах ёстой. Үүнийг та дөрөв хий. Мөн АМНАТ-ыг тооцож авах ёстой. Улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тэглэсэн Оюу толгойн хоёр тэрбум долларын татварын өрийг сэргээ. Цаашилбал, хээр талд хэдэн монгол гэр байсаар байх юм уу. Эрдэнэтээс том энэ орд Эрдэнэт шиг биш юм аа гэхэд Эрдэнэтийн нэг баг шиг хэмжээний орчин үеийн хотхон байгуулчихаж болохгүй юу. Чилийн зэсийн үйлдвэрт Ямайкийн харууд очиж дүрвэгсдийн лагерь шиг юманд нь амьдран, өдрийн нэг долларын хөлс авч байгаатай ялгаа юу байна, монгол ажилчид чинь. Нийт ажилчдынх нь 90 хувь нь монголчууд гэж байна. Тэдний цалин дэлхийгээр нэг зүдрүүхэн байдаг хятад, вьетнамчуудын хямд ажиллах хүчний хэмжээнд л байгаа. Монголын өнөөдрийн инфляцитай харьцуулахад шүү. Ийм асуудлуудыг шийдэхэд оролц. Оюу толгойд хамгийн өндөр цалин авч байгаа ганц монгол хүн бол Н.Багабанди гэж Монголынхоо утаанаас зугтааж, Хавайн эргийн наран шарлагын газарт хар нүдний шилтэй өвөлжин хэвтдэг нөхөр л байна. Үүнээс өөрөөр үр дүнг нь үзээд, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн нэг ч монгол ажилтан наана чинь алга. Энэ мэтчилэн асуудал Оюу толойн 2.4 тэрбумын өр, Дубайн гэрээ... гэсэн хоёр өгүүлбэрийн ард нуугдаж байна.

Эцэст нь нэг үнэнийг хэлэхэд, одоо энэ босоо Ганбаа, Болорчулуун, Бат-Эрдэнэ, Даваасүрэн... нарын “баатар”-ууд удахгүй Оюу толгойг баруун солгойгүй магтан дуулагсад болно. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Тэгэхээр одоо Оюу толгойн талаар цоо шинэ шүүмжлэгсэд гарч ирэх хэрэгтэй байна. Жинхэнэ цаад үнэнийг мэргэжлийн түвшинд гаргаж ирдэг, Монголын байр суурь, эрх ашгийг Олон улсад илэрхийлдэг, тийм шүүмжлэгсэд бидэнд хэрэгтэй байна. Ингэх цаг нь болсон. Яагаад гэвэл Оюу толгой бол дэлхийд гарын таван хуруунд багтах зэс, алтны орд. Хоёрдугаарт, дэлхийн зэсийн хэрэгцээний 30 хувийг залгиж байгаа Хятадын зах зээл хаяанд байна. Бүр цаашилбал, олон улс дахь дэвшилтэт технологи, шинэ гайхамшиг бүхэн зэсээс бүтэж байна. Зэсгүйгээр хийгдэх нэг ч шинэ технологи энэхүү гариг ертөнцөд алга. Ийм том хөзөр бидний говьд байхад бид том байх ёстой. Ганц Оюу толгойгоо тойрч бүжиглээд, Оюу толгой дээрээ ухаалаг алхам хийгээд явахад бусад бүх боломжууд нээгдэнэ. Бид дэлхийд байр суурьтай байж чадна. Үүнд зөв хөтлөх төр засаг, удирдагчид, шүүмжлэгсэд хэрэгтэй болжээ. Ийм цаг үе дээрээ ирсэн болохоор одоо сайн дурын уран сайханчид үлд, та нарыг үүргээ гүйцэтгэсэн гэж хүндэлье. Оюу толгойгоос ганц бичиг ирсний төлөө Оросын их өрийг тэглэлээ гэдэг шигээ шоудах нь гэнэн харагдаж байна. Зөв гэсэн бүхэн тодорхой хугацааны дараа буруу болж, буруу гэсэн бүхэн зөв болдог тийм цаг үе, нийгэмд бид амьдарцгааж байна. Бүх зүйл цаг хугацааны шалгуураар шүүгдэнэ, ял зэмлэл хоёроо хүртэнэ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулагдахад С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт, дараа нь Дубайн төлөвлөгөө батлагдахад Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Да.Ганболд бүгд гайхамшигт үйлс бүтээсэн нөхдүүд байсан биз дээ. Оросын их өрийг тэглэсэн Н.Энхбаяр шиг үндэстний баатар байгаагүй. Өнөөдөр тэд хэн болцгоосон байна вэ. Ийм л юм эцэстээ болдог. Босоо Ганбаа, Болорчулуун, Бат-Эрдэнэ, Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар... бүгд 10 жилийн дараа хэн болсон байхыг хэн маань ч хэлж мэдэхгүй. Дубайн гэрээ, 2.4 тэрбум доллар бүгд шоронгийн виз болох ч юм уу, ер нь хэн мэдэх юм. Бид чинь Монголд амьдарч байна шүү дээ...

 

Б.Нямаа