Монгол Улсыг 50 гаруй сая толгой малтай атлаа хүн амынхаа хэрэгцээг хангаж чаддаггүй гэхээр гадныхан гайхдаг. Түүнээс дутахгүй дотооддоо амьдарч байгаа иргэд ч мах магнаг болсон талаар амаа уралдуулан ярих нь бий.

Үнэндээ ч Монгол Улсын мал өслөө гэдэг сайхан мэдээг махны үнэ нэмэгдлээ гэдэг “чимэг” дагаад удаж байна. Өвөлдөө нийслэлд махны нийлүүлэлт харьцангуй гайгүй ч, хавар зуны улиралд ховордчихдог. Нийлүүлэлт хомсдохоор үнийн хөөрөгдөл хөрсөнд шингэж, иргэдийн нурууг авдаг бичигдээгүй хууль мөрдөгдөх болсоор уджээ. Махны үнийг дураар нь өсгөхгүйн тулд нөөцлөхөөр болж, үүнийг нь Засгийн газар дэмжсэнээр нөөцийн  маханд зориулж, тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгийг тө­сөвл­өдөг. Гагцхүү үр дүн гарсан эсэхээс нь үл хамаарч, жилийн жилд  хөрөнгө­  төсөвлөж, зарим нэгний   бизнесийг далд утгаар дэмжсээр ирсэн нууц биш. Энэ удаад төр засаг  солигдсон ч   шинэчлэлийн тодотголтой багийнхан ч энэ л журмаар ажиллаж эхэлсэн юм. Гэхдээ тэдний арга барил арай л өөр. Тэд мах нийлүүлэгчдийн  зооринд хадгалагдаж буй махыг барьцаалан 3.8-хан хувийн зээл олгох шинэ боломжийг санал болгов. Өнөөдөр ийм хүүтэй зээл хаана ч байхгүй. Зургаан хувийн хүү сонсчихоод иргэд хэдэн өдрөөр дугаарлаж байхад дэргэд нь 3.8-хан хувь гэдэг   инээдэм биз. Ингээд Монголбанкны зүгээс 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг мах бэлтгэдэг хувийн компаниудад гаргаж өгөх нь тэр. Товчхондоо, шинэчлэлийн Засгийн газар болоод Монголбанкны хамтран боловсруулсан шинэ технилоги маханд дуртай монголчуудын магнайг тэнийлгэсэн юм.

Дээрх 87 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийн 76 тэрбумыг “Жаст агро” авсан бол үлдсэнийг нь Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах бэлтгэхээр “Соотон”, “Тэнгэр” компаниудад олгожээ. Гол нь эдгээр компаниуд хавирга нь мэдэгдэхгүй, хальс нь  танигдахгүй болсон нөөцийн махыг нийлүүлэх эрхгүй. Өгч чадсан шигээ хариуцлагаа нэхэмжилж чадах тул эрсдэлтэй байдалд орж, хаалгаа хаахыг хүсээгүй л бол тийм алдаа гаргах эрх тэдэнд байхгүй. Тиймээс л хүрэлцдэггүй, чанар муутай гэж “адлуулдаг” нөөцийн махны эрэлт энэ жил өмнөх онуудаас их байгаагийн шалтгаан оршиж буй юм.

МАН-ынхан кг мах 12 мянган төгрөгт хүрсэн талаар шүүмжилж, үнийн хөөрөгдлийг чөдөрлөж чадалгүй 87 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн талаар шүүмжилж буй. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд 10 гаруй мянган төгрөгөөр мах худалдан авах болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Аль манийн үед гэдэг шиг ах намыг Засаг зангидаж байхад л зах дээр махны үнэ 10 гаруй мянган төгрөгт хэлбэлзэж байсан юм даг. Дээгүүр харж, дэргэдэх хүнээ юу идэж уудгийг мэддэггүй байсныгаа өнөөдөр л мэдэж, олны дунд хөл тавьж үзэж байгаа нь тэр гээд ах намынханд хэлчихэд хатуудахгүй л байх. Тэр үед ч нөөцийн мах худалдагдаж, Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хэдэн тэрбумаар нь хөрөнгө цацаж л байсан. Харамсалтай нь, харлаж, хорчийсон нөөцийн махыг хүн идэх нь битгий хэл хараад л хоол идэх сонирхол нь сарничихдаг байсан биз. Гэсэн ч үнэ хямд юм гэж үнэрлэх төдийд авдаг монголчууд олон байсан. Иргэдийн хэдэн хувь нь 10 мянган төгрөгөөр килограмм мах худалдан авах чадвартай билээ дээ. Тиймээс хямдыг нь бодоод л нөөцийн мах авдаг байсан нь үнэн.

Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж. Үхрийн мах кг нь 5950, хонины мах кг нь 5750, ямааны мах кг нь 4850 төгрөгөөр 375 цэгт худалдаалагдаж байна. Чанарын хувьд асуудалгүй. Урьдын юм ул болсон гэхэд болно. Дээр дурьдсанчлан энэ жил нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа дээрх компаниуд Засгийн газар болоод Монголбанкны санамж бичгийн дагуу гэрээ байгуулахдаа алдаа гаргах эрхгүйгээр “хуульчилчихсан”. Хазгай гишгэж ганц л хариуцлагагүй үйлдэл гаргавал хаалгаа барихад хүрэх том эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр, нөөцийн махыг хавирга нь ч мэдэгдэхгүй, хальс нь ч танигдахгүй махаа сайн мууг нь тааруулаад ууталчихаж болдоггүй юм уу гэх гомдол иргэдийн амнаас цухалздаг байсан үе түүх болж. Хэрзийсэн хэдэн хавирга уутлахаа больж 500 граммаар нь, хүсвэл өрөөл эсвэл гулуузаар нь авах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдийн хэрэгцээндээ тааруулан, хүссэнээрээ махаа худалдан авах болсныг нөөцийн мах худалдаалах дээрх 375 цэгийн худалдагч нар тодотгож байна лээ. Түүнчлэн өмнө нь хомс байдаг нөөцийн мах хангалттай хүрэлцээтэйгээс гадна өмнөх жилүүдийг бодвол чанартай болсон талаар иргэд ч ам сайтай угтаж байсан. Хэрэв нөөцийн мах энэ хэвээрээ үнэ нь тогтвортой чанартай байвал ах намынхны хэлээд байгаа 12 мянган төгрөгийн үнэтэй мах нийлүүлэлтээс “жийгдэж”, үнийн шалбаагт шигдэх байлгүй.

Л.САНАА