Шинэ жилийн баяр болоход нэгхэн хоног үлдлээ. Нийслэлийн иргэд баярын бэлтгэлээ базаахаар зах, худалдааны төвөөр зай завсаргүй холхино. Энэ жил айл бүрийн баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн ямар өртөгтэй байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний тасгаас сурвалжиллаа.

  Тус худалдааны төв энгийн өдрөөс  хоёр дахин илүү хөл хөдөлгөөнтэй байлаа. Хамгийн эхэнд баярын ширээний гол орц болох бялуу хэмжээ, орц найрлагаасаа хамаараад үнийн хувьд харилцан адилгүй  ч өргөн сонголт байсангүй. Үнэ ч өсөж хамгийн жижиг хэмжээтэй бялуу 28 000-35 000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Харин дунджаас дээш хэмжээтэй бялуу 35 000-50 000 төгрөгийн үнэтэй байна.  Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг “Жүр Үр” ХХК-ийн салбарт очиход бялууны крем тасарч, захиалга ихтэй байгаа тул нэг хүнд нэгээс илүү бялуу худалдаалахгүй гэсэн анхааруулгаар угтлаа. Шинэ оны баяр болоход хоёр хоног дутуу ч урьдчилсан захиалга хэдийн хаагдаж, зөвхөн салбараар цөөхөн тооны бялуу худалдаалагдаж байгааг иргэд хэлсэн юм.

Баярын ширээний гол бүтээгдэхүүн буюу нийслэл салатны орц болох хиам 5 600-12 000 бол бүрэн утлагат нь 9800-14000 төгрөг, төмс нэг кг нь 1000 төгрөг, лууван 1200 төгрөгийн хооронд тус тус худалдаалагдаж байна. Өнгөрсөн онд шинэ жилийн баярын өмнөхөн өндөг тасалдаж эрэл сурал болж байва. Энэ жилийн хувьд хэмжээнээсээ хамаараад 380-460 төгрөг болж 50-100 төгрөгөөр үнэ нэмэгджээ. Орос майонез, даршилсан өргөст хэмхний үнэ ч өсжээ.

Бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдсэн талаар "Бөмбөгөр" худалдааны төвийн худалдагчаас тодруулахад” Үнэ баяр дөхөхөд нэмэгддэг. Эрэлт нийлүүлэлт ихэсдэг учир цаанаасаа ингэж нэмэгдэж ирж байгаа. Энэ үеэр бялуу, өндөгний үнэ л маш ихээр нэмэгддэг бусад бараа бүтээгдэхүүн харьцангуй гайгүй зарагдаж байгаа” гэлээ. Он солигдох мөчид биднийг догдлуулдаг хамгийн чухал зүйл нь оргилуун дарс байдаг. Зарагдаж буй оргилуун дарсны ихэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн үнийн хувьд 8000 -12000 төгрөг байв. Өнгөрсөн жил хамгийн хямд оргилуун дарс 6000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 500-2000 төгрөгөөр нэмэгджээ.

Баярын бэлтгэлээ базааж буй иргэдийн хувьд “ Хөл хөдөлгөөн ихтэй байна. Бараа бүтээгдэхүүний үнэ маш ихээр өссөн байна. Өнгөрсөн жил ширээгээ засахад 200 мянган төгрөг л болж байсан. Энэ жил бараг 300-400 мянгаар л баярын ширээний хүнсээ цуглуулахаар байна” гэлээ.

Мөн өдөр тутмын гол хүнс болсон хонины ястай мах кг нь 11000, цул нь 12000 төгрөгний үнэтэй байв. Үхрийн цул мах 15900 төгрөг бол бол тахианы мөч нэг кг нь 15000 буюу үхрийн махтай адил үнээр зарагдаж байлаа. Жимс жимсгэнийн хувьд жүрж нэг кг нь 8000-10000, гадил 9000 төгрөг болжээ .

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж баярын бялуунаас эхлээд бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өсөж тэнгэрт хаджээ.

eagle.mn