Украйны Косив хотын нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан гурван өвчтөн амиа алджээ. Эмнэлгийн нэг ажилтан коронавирусээр нас барсан өвчтөний дурсгалд зориулж зул асаасны улмаас гал гарсан гэж албаныхан мэдээлсэн юм.

Мэдэгдэлд дурдсанаар, галд өртсөн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан бөгөөд гурван эмч маш хүнд түлэгдсэн аж. Зул асаасан ажилтан нь таван ширхэг хүчилтөрөгчийн баяжуулагчийн ойролцоо зогсож байсан бөгөөд эдгээр нь тэр даруйдаа шатаж эхэлжээ.

Эмнэлэгт өргөн хэрэглэдэг бөгөөд коронавирусийн үед өндөр эрэлттэй байгаа хүчилтөрөгчийн баяжуулагч нь маш шатамхай билээ. Бүс нутгийн Онцгой байдлын албанаас "Физикийн энгийн хууль болон аюулгүй байдлын дүрмийг үл тоомсорлосон явдал нь нөхөж баршгүй хохирол учрууллаа" хэмээн мэдэгдсэн байна.

Тус хэргийг одоо орон нутгийн Прокурорын газраас шалгаж байгаа аж.Цар тахлын улмаас эрүүл мэндийн төвүүд хүчилтөрөгчийн баллоныг ихээр ашиглаж байгаа бөгөөд үүний улмаас Украйн болон бусад улсын хэд хэдэн эмнэлэг галд нэрвэгдэж, олон хүний амь нас хохироод байгаа юм.

Эх сурвалж: BBC