Иргэнд хулгайн 15 хэрэг тохож эрүүдэн шүүсэн гэх цагдаа нарт торгох ял оноожээ
2022/01/06
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ.
- Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,
- шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайгнарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7,500,000 төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17,500,000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.