М.Ганбаатар: Үйлдвэрт гал гарсан шалтгааныг холбогдох албаныхан тогтооно. Шахмал түлшний нийлүүлэлт хэвийн байна
2022/01/06
Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрт урд шөнө гал гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар "Шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа" хэмээн яриандаа дурдлаа.
Энэ тухай тэрбээр "Таван толгой түлш ХХК-ийн Нэгдүгээр үйлдвэрийн нэг шугамын хатаах шугамд 04:00 цагийн орчимд ассан галыг Онцгой байдлын газрын алба хаагчид 06:30 цагт унтраасан.
Нэгдүгээр үйлдвэр нь дөрвөн шугамтай бөгөөд гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллагаагүй болж байна. Гэхдээ шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явж байгааг хэлье.
Тодруулбал, гал гарсан шугамын хувьд өдөрт 150 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Энэ шугамыг нөхөх зорилгоор Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулсан. Тиймээс одоогоор нийт 640 цэгээс ирсэн 3,080 тонн түлшний захиалгын нийлүүлэлт хэвийн байна. Зүүн бүсийн үйлдвэрт ажиллах нөөц ажилчдыг бэлтгэсэн.
Түүнчлэн Таван толгой түлш ХХК нь шатах материал үйлдвэрлэдэг тул галын эрсдэлийн зэрэг маш өндөр байдаг.
Мөн түлшийг 180 градусын халуунд хатаадаг бөгөөд температурт бага зэрэг өөрчлөлт ороход л түлш уугих болон асах эрсдэлтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрт гурван машин, 25 бие бүрэлдэхүүнтэй галын анги ажилладаг.
Тухайн анги нь урд шөнө гал гарахад галыг нэмэлт хүч иртэл тухайн хэсэгт нь барьж тоноглол руу гал алдалгүйгээр унтрааж чадлаа. Гал гарсан шугамд үзлэг хийж дууссаны дараа буюу 14-20 хоногийн дотор нөхөн сэргээх боломжтой. Гал гарсан шалтгааныг холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж байгаа. Хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй" хэмээн ярив.