Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон, хууль бусаар ажлаас халагдсан гэх 2543 гомдол ирсэн талаар мэдээлж байв. Шалгалтаар 180 байгууллагын 545 албан хаагчтай холбоотой хууль зөрчсөн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан нь гаргасны 519 нь хууль бус томилгоо байсныг тогтоожээ. Мөн ийм шалтгаанаар шүүхэд хандаж байгаа тохиолдол ч нэмэгдсэнийг ШЕЗ-өөс мэдээлж байгаа юм.

Төрийн албанаас хууль бусаар халагдсан гомдлыг шүүхэд гаргасан иргэдийн төлөөлөл П.Отгонсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны няравын албан тушаалыг хашдаг байсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаасаа халагджээ. Тус газарт хууль бус томилгоо, үндэслэлгүй ажлаас халах явдал хавтгайрсан талаар тэрээр онцолсон юм.


-Ямар шалтгаанаар ажлаасаа халагдсан талаар ярихгүй юу?

-Далайн захиргааны газрын дарга Б.Биндэръяагийн тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 41.2 дахь заалтаар халагдсан. Энэ нь ажил олгогчийн итгэлийг алдах гэсэн үндэслэл. Итгэл алдах гэдэг нь байгууллагаас эд хөрөнгө, мөнгө төгрөг хувьдаа завшиж хохироосон бол ингэж үздэг юм байна. Харамсалтай нь миний хувьд ийм алдаа дутагдал гаргаж байгаагүй, өмнө нь нэг ч удаа сахилгын шийтгэл хүртэж байгаагүй. Ядаж л алдаа зөрчил гаргалаа гэхэд шат дараатай арга хэмжээ авсны үндсэн дээр халах тушаал гарах ёстой.

-Тодруулж яриач. Итгэл алдсан гэдгийг юугаар тайлбарладаг хэрэг вэ?

-Саяхныг хүртэл манай байгууллага хэвийн үйл ажиллагаатай явж ирсэн. Гэвч 2021 оны зургадугаар сарын 2-нд Далайн захиргааны даргаар Б.Биндэръяа томилогдож ирээд л асуудал эхэлсэн. Энэ хүн өмнө нь манай газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад хэд хэдэн удаагийн зөрчил гаргаж 2019 оны долдугаар сард халагдаж байсан хүн. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар шууд даргаар томилоод оруулаад ирсэн. Б.Биндэръяа дарга ирээд л анхны хурал дээрээ “Би өшөө авах гэж ирээгүй” гэж яриад л эхэлсэн. Ажилтнуудаас хэн нь ч ийм зүйл бодоогүй байхад удирдлага болж орж ирж байгаа хүн өөрөө л сонин зүйл яриад эхэлсэнд гайхсан. Ингээд хуучин ажиллаж байсан хүмүүсийг шахаж, дарамталж эхэлсэн. Намайг гэхэд хоёр долоо хоног ажил тасаллаа гэж ирээд л. Гэтэл бид өглөө, оройдоо цагаа бүртгүүлдэг. Цагийн бүртгэл маань бүрэн, яаж ч чадаагүй.

-Таныг зөвхөн ийм шалтгаанаар ажлаас халаагүй биз дээ?

-Б.Биндэръяа дарга томилогдохтой зэрэгцээд шинээр нягтлан бодогч ажилд орсон. Манай байгууллагын дотоод журмаар сонгон шалгаруулалт зарлаж, ажилтан авах ёстой. Шинэ нягтлан ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн. Энэ бол яалт ч үгүй дотоод журам зөрчсөн, хууль бус томилгоо болсон. Тэгээд ч тэр хүн нь нягтлан бодогчийн мэдлэг муутай, мэргэшээгүй учраас намайг тусалж, ажилд нь гаршуул гэсэн. Би ч цааргалаагүй. Угаасаа миний мэргэжил нягтлан бодогч. Би 2016 онд СЭЗДС-ийг төгссөн, мэргэжлээрээ ч ажиллаж байсан. Тийм учраас цалин бодох, программ дээр ажиллах гээд нэг сар гаруйн хугацаанд зааж зөвлөж явсан.

Ингээд явж байтал шинэ нягтлан ковид тусаад нэг сар орчим болоод ажилдаа орсон. Удалгүй газрын дарга намайг өрөөндөө дууддаг юм байна. Яваад ортол нөгөө нягтлантайгаа сууж байсан. Хоёулаа нийлээд намайг “Энэ байгууллагын нягтлангийн ажлыг давхар хийгээд яв” гэсэн. Би цааргалсан. “Сар гаруйн хугацаанд тусаллаа. Одоо хийх ёстой ажлаа хийгээд явна. Цалингаа авч байгаагаараа өөрөө хийх ёстой” гэж хууль ёсны шаардлагыг тавьсан. Ингээд л дарамтлаад эхэлсэн. Миний ажил үүрэг бол бараа материал, хөрөнгийн бүртгэлийг санхүүгийн программд бүртгэж сар бүр тайлан гаргадаг. Гэтэл сүүлдээ ажлаа хийхэд маш хүндрэлтэй болж эхэлсэн. Шахаж, дарамталж гүтгэж, байсхийгээд л өрөөндөө дуудаад “Чамтай ажилламааргүй байна. Ажлаа өг. Тэтгэмж өгчихье” гэж ханддаг. Ганцхан надад ч бус өөр ч олон хүмүүсийг ийм байдлаар ажлаас нь гаргасан.

-Зөрчил гаргаад ажлаасаа халагдсан хүнийг Л.Халтар сайд даргаар томилсон гэлээ. Хэн нэгэн дарга сайдын хүн гээд оруулж ирээд ажиллуулчихдаг хэрэг үү?

-Бодит байдал л тэр шүү дээ. Би гэхэд гурван жилийн өмнө сонгон шалгаруулалтад орж, гурван хүний дундаас тэнцэж байсан. Байгууллагын дотоод журам нь тийм. Гэтэл дараа нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дарга, нягтлан хоёр томилогдсон нь үнэн.

Тэд нийлээд хуучин ажиллаж байсан хүмүүсийг маш их дарамталдаг. Жишээ нь, Захиргаа удирдлагын газрын дарга н.Амартүвшин гэж хүнийг шахаж хяссаар ажлаас гаргасан. Гаргахдаа “Ажлаа өгчих. Нэг сарын тэтгэмж өгье” гэсэн байдаг. н.Амартүвшин дарга аргаа барж, эцэстээ зургаан сарын тэтгэмж авахаар тохиролцоод гарсан. Тушаал дээр нь эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй, ажил мэргэжил дээрээ тэнцэхгүй” гэсэн огт өөр хуурамч үндэслэл бичээд л гаргаж байх жишээтэй. Өөр ч хоёр ажилтан маань удирдлагын ёс суртахуунгүй байдлыг тэсч ядаад гарсан. Хүний нөөцийн мэргэжилтэн эгч шаардлага тавьж муудалцаж байгаад харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа алдчихаад хүнд нөхцөлд байна.

-Танай дарга ажилчдаа дарамтлах ямар шалтгаан байдаг хэрэг вэ?

-Өөрийн хүмүүсээр тойрон хүрээлүүлж, хууль бус зүйл хийхийг санаархдаг бололтой юм билээ. Ялангуяа санхүү, төсөвтэй холбоотой албанд өөрийнхөө хүмүүсийг тавьж байгаа. Б.Биндэръяа дарга ирснээс хойш дөрвөн хүн хууль бусаар, ямар нэгэн шалгаруулалтгүйгээр томилогдсон. Хууль бусаар томилогдсон тэдгээр хүмүүс ажил хийдэггүй. Даргын өрөөнд л бөөнөөрөө сууцгааж байдаг. Тэгээд л хуучин ажиллаж байсан хүмүүсийг нэг, нэгээр дуудаж оруулж ирээд дарамтлаад л суудаг. Төрийн алба яаж ялзарч, доройтож чадваргүй хүмүүсээр дүүрдэг жишээг өөрийн нүдээр харсан.

Энэ байгууллага анх байгуулагдсан цагаас л нэг сэтгэлээр зүтгэж байсан хүмүүсээс эхлээд цөөнгүй хүмүүс халагдсан. Аргаа бараад эцэст нь ажилчид нэгдэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өргөдөл гаргасан шүү дээ. Өнгөрсөн аравдугаар сарын эхээр. “Таны томилсон албан тушаалтан ёс суртахуунгүй ажиллаж байна. Энэ томилгоогоо эргэж харна уу” гэсэн утгатай өргөдөл бичиж, нийт ажиллагсдын 90 хувь нь гарын үсэг зурж, хүргүүлсэн. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд яамнаас шалгалтын баг ирж ажилласан. Түүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө, шалгалтын баг ямар дүгнэлт гаргасан талаарх мэдээлэл таг. Хойгуур нь Далайн захиргааны газарт хууль бус томилгоо, халаа сэлгээ хийгдсээр л байна.

-Ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн үг үү?

-Аваагүй. Энэ байгууллагад болж байгаа хууль бус үйл ажиллагааны талаар яаманд манайхыг хариуцдаг газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар хэлж учирладаг гэнэ лээ. Гэсэн ч Л.Халтар сайд эрс эсэргүүцэж дардаг гэж дуулсан.

-Л.Халтар сайд тэгж эсэргүүцэх шалтгаан байна уу?

-Мэдээж байгаа л байх. Бидний мэдэхээр Б.Биндэръяа даргын ээж Зам тээврийн хөгжлийн яаманд олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм гэнэ лээ. Тэр хүрээнд л харилцаа хамаарал байдаг болов уу.

Өөр нэг ноцтой зүйл бий. Далайн захиргааны газрын дарга Б.Биндэръяа нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-д тэтгэлгээр суралцсан байдаг. Гэтэл тэр тэтгэлгийнх нь квот нь манай Далайн захиргааны газар дээр байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, манай газраас хэн нэгэн мэргэжилтэн гадаадад тэтгэлгээр суралцах эрхтэй байсан гэсэн үг. Гэвч Б.Биндэръяа даргын ээжийн хүсэлтээр яаманд, Далайн захирааны газарт нэг өдөр ч ажиллаж үзээгүй охиноо манай газрын нэр дээр гадаад руу тэтгэлгээр суралцуулсан байдаг.

-Далайн захиргаа өөрсдийн үйл ажиллагааны орлогоор цалинждаг гэсэн байх аа. Улсад хичнээн төгрөг төвлөрүүлдэг юм бэ?

-Манай гол чухал хариуцаж байдаг ажил бол хөлөг онгоцны бүртгэл. Монголын далбааг эх далайд гарч байгаа хөлөг онгоцонд түрээсэлж, түүнийхээ орлогоор санхүүждэг. Төсвөөс санхүүжилт авдаггүй, харин багагүй хөрөнгө төвлөрүүлдэг.

Би мэргэжлээрээ чин үнэнчээр ажиллаж ирсэн, албанаасаа хууль бусаар халагдана гэдэг хүлээн зөвшөөрөхөд тун хэцүү. Ямар нэгэн зөрчил гаргаж, хувьдаа эд хөрөнгө завшсангүй. Нэг ч удаа сахилгын шийтгэл хүртэж байгаагүй хүн хэн нэгний үзэмжээр ажилгүй болно гэдэг энэ нийгэмд хэцүү шүү дээ. Ялангуяа над шиг цалингийн зээлтэй, ганц бие ээжид дарга, сайд нарын хамаарал бүхий, танил талын томилгоо, төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа ийм хүмүүсийн золиосонд өртөнө гэдэг харамсалтай байна. Тэр үүднээс энэ хууль бус томилгоо, халаа сэлгээг эсэргүүцэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа. Саяхан холбогдоход хэрэг үүсчихсэн гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал маань хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж байна.

Төрийн албаны хүнд суртал, ах дүүс, танил талаа ажилд авдаг байдал болон төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн бодит баримт бүхий гомдлыг бид байнга хүлээн авах болно.

Утас: 89998988, 88083521, 98924343