Хилийн 0 цэгээс Замын-Үүд рүү ачаа бараа зөөх туршилтын тээвэр өнөөдөр эхэлнэ
2022/01/11
Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэх талаар Хууль зүйн Сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд Таньжин болон бусад газраас манай улс руу импортлогдох гэж байгаа бараа, чингэлэг төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “Сино транс” гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан юм билээ. “Сино транс” нь ачаа барааг хилийн 0 цэг дээр авчирч өгнө. Тэр цэг дээрээс манай 7,000 орчим жолооч татаж авъя гэж байгаа. Хятадын тал нэг зүйл хэлж байна. Тэд “Танайх 7,000 жолоочийнхоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж чадах юм бол манайх Эрээнээс хилийн 0 цэг хүртэлх тээвэрлэлт хийе” гэсэн. Энэ ямар ч боломжгүй.
Тэгэхээр Засгийн газар тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлье. Түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл үнэ ханшаараа уралдаж, тээврээ зөө гэж байгаа юм. Энэ бол Засгийн Газар асуудлыг шийдвэрлэхийн төлөө хийж байгаа алхам гэж үзэж байгаа. Энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, бид 7,000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учир 100, 100 хүнтэй хоёр хэсгийг бэлдсэн. Жолооч нар 14 хоногоор ээлжлэн ажиллана.Тавцан түгжигчтэй машин түрээслэх, жолооч нарыг вакумжуулж байрлуулах, нааш цааш нь зөөх шатахууны зардал зэрэгт шаардлагатай тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас төсөвлөсөн гэж би ойлгож байгаа.
100 цэргийн алба хаагч гэж яриад байгаа. Бид хил дээрээ цэрэг армиа аваачиж болохгүй дүрэм журамтай. Тиймээс энэ нэршил олон улсын түвшинд буруу ойлголт төрүүлнэ. Ачаа тээвэр зөөхөд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллуулна” гэв.