Утаа VS тайлбар
2022/01/11
Б.ЛХАГВА
Улаанбаатар хотын утаа өдөр ирэх тусам нэмэгдсээр өдрийн цагаар ч бараан мананд хучигддаг боллоо. Нийслэлийн агаарын бохирдлын талаар олон нийтийн сүлжээгээр олонтаа шуугиж, бодит зургаар давлагаалсан ч утааг бууруулах талаар дорвитой шийдэл байтугай бодитой тайлбар өгөх нэгэн ч ховор байгааг иргэд ихээхэн шүүмжилж буй.
Уг нь, нийслэлээс зарласан “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд холбогдох байгууллагууд долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээлэл өгсөөр байгаа юм. Өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 3-9-нд агаарын чанарын түвшин, сайжруулсан шахмал түлш борлуулах цэгтэй холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
Хотоос орж, гарах түүхий нүүрс, сайжруулсан түлшний илрэл гараагүй
Нийслэлийн цагдаагийн газрын хошууч Р.Хас-Очир “Мэргэжлийн хяналтын газар болон Таван толгой түлш компанитай хамтран өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалтыг тодорхой тооны аж ахуйн нэгж, айл өрхийг хамруулж хийсэн. Арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 7-нд Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт 30 шуудай түүхий нүүрс хадгалсан зөрчил илрүүлж, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулах, зарим айл өрхөд угаар мэдрэх төхөөрөмж шинээр байрлуулах, эвдэрсэн угаар мэдрэгчийг засах ажил хийлээ. Мөн цагдаагийн байгууллагад түүхий нүүрс болон агаар бохирдуулагч зүйлээр галласан тухай мэдээлэл иргэд ирүүлсэн. Төвийн зургаан дүүрэгт утаа үүсгэгч бүхий эд зүйлс шатаасан гэх 18 дуудлага хүлээн авч, шалгаж үзэхэд зөрчлийн шинжгүй хэмээн шийдвэрлэсэн. Иргэд ахуйн хүрээнд угаартах тохиолдол гарсаар байна.
Өнгөрсөн долоо хоногт нийт 8 дуудлага хүлээн авч, 27 иргэн хүнд болон хүндэвтэр байдлаар хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Нас барсан тохиолдол байхгүй, тэдний 55.5 хувь хүүхэд байна. Угаартсан шалтгаан нь гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшинтэй, яндангаа хөөлөөгүй, яндангийн битүүмж муутай, угаар мэдрэгчгүй гэх мэт. Өмнөх долоо хоногийн дуудлагыг түүний өмнөх долоо хоногтой харьцуулахад дуудлага 12 нэгжээр, өртөж хохирсон иргэн 31-ээр буурчээ. Хүрээлэн буй орчны хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын газартай хамтран нийслэлийг тойрсон зургаан шалган нэвтрүүлэх товчоог хянахад хотоос орж, гарах түүхий нүүрс, сайжруулсан түлшний илрэл гараагүй” гэв.
Сайжруулсан шахмал түлш нь техникийн ерөнхий стандартын чанарын шаардлагыг хангасан
Харин иргэдийг өөрийн эрхгүй эргэлзүүлээд байгаа “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын ахлах байцаагч н.Тогтохбаяр танилцууллаа. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын газраас Таван толгой түлш компанийн баруун, зүүн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагийн хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүн болон түүхий эдийг шинжилсэн. Шахмал түлшний батлагдсан орц зааврын дагуу хийгдэж буй эсэх, чийг, бат бөх, жин хэмжээндээ хүрч буй зэргийг шалгав. Ямар нэгэн зөрчил илрээгүй, шаардлага хангасан гэж гарсан. Үйлдвэрлэлээс гарсан шахмал түлш болон барьцалдуулагчаас дээж авч олон улсын болон дотоодын лабораторид шинжлүүлсэн. Уул уурхай, газрын тосны шатах ашигт малтмалын лабораторийн дүнгээр шахмал түлшний чийг 10 хувь байх ёстойгоос 1.9-5.8 хувь, идэмхий бодисын хэмжээ 22 хувиас доош байхаас 19-20, хүхрийн хэмжээ нэг хувиас ихгүй байх ёстой буюу 0.9-0.94, бат бөх нь 80 хувиас их байх учиртай буюу 94.4-95.2 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшний техникийн ерөнхий MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан” гэх дүгнэлт гарсан гэв.
Иргэдээс хуучин шуудайг нэг удаа худалдан авснаар олон иргэн орлоготой болсон
“Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт манай компанийн баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн гуравдугаар шугамын хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Мэдээлэл солилцох шуурхай штабын шинжээчид хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Нэгдүгээр цехийн нэг болон хоёрдугаар шугамыг энэ сарын 20-ны өдөр гэхэд урьдчилсан байдлаар бүрэн ажиллагаанд оруулна гэж төлөвлөсөн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 617 цэгт нийлүүлэлт, борлуулалтыг хэвийн үргэлжлүүлж байна. Зүүн бүсийн нөөц шугамыг ажиллуулсан учраас сайжруулсан түлшний нийлүүлэлт саатаагүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түлшийг 50 хувийн хямдралтай үнээр борлуулна. Таван толгой түлш компани хоногт 3200-3600 тонн түлш борлуулалтын цэгүүдэд хүргэдэг. 25 килограммын савлагаатай шуудайн 35 хоногийн нөөц бий. Энэ онд иргэдээс хуучин шуудайг нэг удаа худалдан авснаар олон иргэн орлоготой болсон. Манай компанийн хангамжийн долоон баазад хуучин шуудайнд түлш савлаж байна. Хуучин шуудай бохирдсон байдаг тул гар аргаар оёх, савлах ажил хийж байна”.
Утааны хоруу чанарыг багасгахын тулд түлшээ зуухтайгаа “эвцэлдүүлэх” шаардлагатай
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар (нэгдүгээр сарын 10) Улаанбаатар хотод түлш борлуулах цэг болон түлшний нөөц хэвийн байна.
- Одоогоор 21350 тонн шахмал түлшний нөөцтэй. Энэ нөөц нь арванхоёрдугаар сарын 25-аас хойш хөдлөөгүй. Үүнийг Цагаан сарын баяр, амралтын өдрүүдээр ашиглана.
- Хоёрдугаарт, энэ долоо хоногоос эхлээд Сар шинийн өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг ажиллуулна. Явуулын цэг нь өндөрлөг газар бүхий, борлуулалтын цэгээс алслагдмал гаруудад очно.
- Гуравдугаарт, хотын дарга болон Байгаль орчны сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно. Уг ажлыг нийслэлийн Халамжийн газар, “Таван толгой” түлш компанитай хамтран хэрэгжүүлнэ.
- Дөрөвдүгээрт, арванхоёрдугаар сарын 31-нд Шадар сайдын өгсөн 142 дугаар тушаалд нийт 18 үүрэг, даалгавар багтсаны 15 нь хяналт шалгалтын ажил. Нэгдүгээр сарын 7-9-нд нийт 4 чиглэлийн хяналт явуулсан. Эхлээд гэр хорооллын айл, өрхүүдэд түүхий нүүрсний хэрэглээ байна уу үгүй юу? гэдгийг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, тухайн дүүргийн хороо хамтарсан баг шалгасан. Нийслэлд түүхий нүүрс ашиглах зөвшөөрөлтэй 20 орчим байгууллага бий. Тэдний яндангийн шүүлтүүрийг мөн шалгалаа. Эдгээр шалгалтын дүн мэдээг хараахан нэгтгээгүй байна. Эцэст нь нийтлэг буюу уур үйлдвэрлэх 66 аж ахуй нэгжийн 88 зуух байна. Эдгээр зуухны ажиллагаа хэвийн эсэхийг шалгалаа.
- Тавдугаарт, Улаанбаатар хотын 195000 айл нийтлэг таван төрлийн галлагааны зуух хэрэглэдэг. Төрөл болгон дээр дахин хэмжилт хийж, галлагааны дараалал гарган иргэд рүү чиглэсэн ажил хийж байна. Сүүлийн үед гэр хорооллын айлуудын утаа ихсэх болсон нь зуухнаас шалтгаалж байна уу гэх эргэлзээ байна. Түлш нь стандартын, зуух нь стандартын бус байхад галлагааны ямар горимоор хоруу чанар агаарт хаягдаж байгаа вэ? гэдэг талын хяналтыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Иргэдээс арванхоёрдугаар сарын 20-оос хойш 38 дуудлага ирж, гурван зөрчил илэрсэн.
Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах дэд төслийн гуравдугаар үе шатыг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцад утааны бохирдлыг хэмжиж, хоруу чанарыг тодорхойлох юм. Төслийг энэ долоо хоногоос эхлүүлнэ. Өнгөрсөн долоо хоног болон түүний өмнөх долоо хоногийн урьдчилсан дүнгээр модны худалдаачид модны эрэлт ихээхэн буурсныг хэллээ. Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 1875 төгрөг байхад шуудай мод нь 6000-7000 байна. Иргэд галаа унтраахгүйгээр дээр нь нүүрсээ хийснээр ноцолт биш уугилт их явагдаж байгаа юм. Жил ирэх тусам сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, айл өрхийн тоо нэмэгдсэн учраас цаашид утааны хоруу чанарыг багасгахын тулд түлшээ зуухтайгаа “эвцэлдүүлэх” шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсад стандартын зуух импортолдог болон үйлвэрлэдэг аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийлээ. Галлагааны зуухны борлуулалт өмнө нь жилд 15000-20000 байсан бол 2021 онд 2000-д хүрэхгүй буюу 10 дахин буурчээ. Мөн цахилгаан үйлдвэрлэгч, цахилгааны халаагуурын холбоодтой уулзлаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд галлагаа, дулаанаа цахилгаанаар сольдог айл өрх, аж ахуй нэгжүүд буурсан” хэмээв.
Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гарахгүй байх нөхцөлийг бүрдүүл
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Агаар, орчны бохирдол буурахгүй байгаа нь мэргэжлийн хяналт шалгалтын дүнгээс харахад хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Ердийн болон стандартын зууханд шахмал түлшийг түлэхэд ямар ялгаа гарч байгааг удахгүй танилцуулна. Иргэд маань шахмал түлшээ аль болох уугиулахгүйгээр хурдан асаах нөхцөлийг бүрдүүлж, “Таван толгой түлш” компаниас өгч байсан галлагааны зааврыг дагахыг уриалж байна. Мөн ОББҮХ айл өрхийн дотоод орчны агаарын чанарт хяналт тавьж байгаа. Зуух, ханан пийшиндээ зай завсар гарсан эсэхийг хянаж байгаарай. Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гарахгүй байх нөхцөлийг бүрдүүл” гэлээ.
Хүхэрлэг хийн агууламж Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 микрограмм болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 микрограмм болж өссөн. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 микрограмм, PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 байсан бол 2022 онд 130 микрограмм болсон. Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Хайлааст орчим “Маш их бохирдолтой” болон “Их бохирдолтой”, 1-р хороолол, 100-н айл, Зурагт, 5-н буудал, Амгалан орчим “Бохирдолтой” бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн. Хүхэрлэг хий болон азотын давхар исэл ганцхан Өмнөговь аймагт 566 микрограмм буюу стандарт хэмжээнээс 1.2 дахин их. Мөн Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дархан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгуудад тоосонцрын хэмжээ их байна. Уг аймгуудаас Өвөрхангай нь хамгийн их тоосонцрын хэмжээтэй буюу 846 микрограмм буюу стандарт хэмжээнээс 8.4 дахин их” хэмээн мэдээлэв.
2020 оны мөн үетэй харьцуулахад хүхрээс бусад бүх бодис үзүүлэлтээс давсан
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. 2020 оны мөн үетэй харьцуулахад хүхрээс бусад бүх бодис үзүүлэлтээс давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш, аж ахуй нэгжүүд 270 нам даралтын зууханд 190000 тонн түүхий нүүрс ашиглаж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд 5.6 сая тонн боловсруулаагүй нүүрс шатаадаг. Түүнчлэн улсад бүртгэлтэй 1.2 сая авто тээврийн хэрэгслийн 53.6 хувь буюу 652000 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрт ашиглагдаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй евро-2 стандартынх байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлнэ.
Мөн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл буюу инверсийн нөлөөгөөр уулархаг хөндийд агаарын урвуу үзэгдэл ажиглагдаж, агаарын давхаргын доод хэсэгт хэвтээ чиглэлийн хөдөлгөөн явагдаж дээр дурдсан эх үүсвэрүүдээс гарсан утаа туршигдаж, агаар сэлгэх боломж хязгаарлагддаг. Үүний нөлөөгөөр агаар бохирдуулагч түгээмэл бодис нэмэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт дунджаар 410 метрийн зузаантай 6.8 градус цельсийн эрчимтэй маш хүчтэй инверс ажиглагдсан. Үүнийг 2020 оны мөн үетэй харьцуулахад дунджаар 210 метр зузаан 2.5 градус цельсийн эрчимтэй байна” гэдгийг онцлов.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН