Томуу ба томуу төст өвчний шинж тэмдэг, авах арга хэмжээ, эмнэлэгт хандах хугацааны талаар Зинт клиникийн эмч Т.Навчаа мэдээлэл өглөө.

Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээс бусад бүх вирусээр /200 гаруй төрөл / үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин /ханиад шуухинаа/ гэнэ.

Тэрбээр "Томуугийн үед булчингийн өвдөлт маш элбэг бөгөөд их ядардаг. Найтаах нь ханиадны үндсэн шинж бол томуугийн үед бага байдаг.

Ханиад болон томуугийн эмнэлзүйн шинж тэмдэг:

ЭМЯ

Хүүхдийн ба насанд хүрэгсдийн томууны ялгааг харвал: 

  • Томуугийн үед хүүхдэд халууралт насанд хүрэгсдийнхээс өндөр, илүү олон хоног үргэлжилдэг.
  • Томуутай хүүхэд бөөлжих, суулгах нь элбэг /2-оос доош насны хүүхдэд ханиадны шинж илрээд бөөлжиж, суулгаж байвал томуу гэж сэжиглэх нь зүйтэй/
  • Бага насны хүүхдэд хүндрэл /уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, таталт, нас баралт/ насанд хүрэгсдийнхээс олон.

Хэзээ эмчид хандах вэ?

  • 3 сар хүрээгүй хүүхэд 37.5С ба түүнээс өндөр халуурвал
  • Амьсгалын тоо олшрох
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Уруул, нүүр хөхрөх
  • Цээж хонхолзох
  • Цээжээр өвдөх
  • Сүүлийн найман цагт шээгээгүй
  • Унтаарах
  • Татах
  • Халууралт, ханиалга багасаж байснаа эргээд нэмэгдэх

Хэрэв дээрх шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөл эмчилгээ хийнэ. Хүүхэд ч бай, том хүн ч бай халуурч байвал тусгаарлаж, гэрээр эмчлэх хэрэгтэй. Тодруулбал, 

  1. Халуун бууруулах, өвдөлт намдаах /Жоргүй эм, уусмал авч хэрэглэж болно/
  2. Ханиалга намдаах эмчилгээ /эмийн сангаас жоргүй олгодог эмийг мэргэжлийн эмч зүйчтэй ярилцаж байгаад авах/

Томуугийн үед ямар гэрийн асаргаа хийх вэ? 

  • “Өвчтэй үед ердийнхөөс их уулгах” зарчим
  • Хамар цэвэрлэх, уураар утах
  • Цээж доргиох массаж
  • Толгой цээжийг өндөрлөх
  • Хангалттай сайн унтуулах
  • Сайн хооллох /саримс, сонгино, жимс, ногоо, витаминууд/

Хүний биеийн усны хэмжээ хэвийн байж биеийн бүх эрхтэн тогтолцоо эд эс хэвийн ажиллана гэдгийг ойлгох ёстой. Шингэнээ алдаж байгаа үед хэвийн ажиллах боломжгүй тул уух юм их уулгах хэрэгтэй. Томуугаас сэргийлэх аргын хувьд нэгт, жил бүр томуугийн вакцин тариулах, хоёрт, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй. Жил бүр томуугийн вирусүүд мутацад ордог тул жил бүр томуугийн вакцин гардаг. 

Одоогоор бол А хүрээний томуу хүүхэд болон насанд хүрэгсдийн дунд бүртгэгдэж эхлээд байна. 

Анагаах ухаанд одоогийн байдлаар ханиадны вакцин гараагүй. Томуугийн вакцин тариулбал томуугаас сэргийлэх болохоос биш ханиаднаас сэргийлэхгүй" хэмээв. 

ВИДЕО: