Гэр хорооллын иргэд ээ! Та нар минь битгий ялагдаарай

Миний бие, 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатарын талбайд “Трактортай цуглаан” зохион байгуулж, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн билээ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа “газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн. Тэр цагаас хойш 20 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж ирлээ.

 

2012 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр хөрөнгө оруулагч талд худалдаж байх шийдвэрийг бид гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Үр дүнд нь хашааны газрын үнэ огцом өсч, хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ. Энэ бол дахин төлөвлөлтийн ажлын эхний алхам байсан. Дахин төлөвлөлтийн дараагийн шатыг бид “Сайн хашаа” хөтөлбөрөөр үргэлжлүүлэхээр зарлаж байлаа. Энэ нь гэр хорооллын айлууд хашааны газраа нийлүүлж, газар дээрээ бүтээн байгуулалт явуулахыг нийслэлээс дэмжих зорилготой төсөл байсан юм.

 

Харамсалтай нь 2018 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүх ажлыг зогсоосон. Дахин төлөвлөлтийн ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтыг гацааж, тэднийг өрөнд оруулсан.

 

Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, бүх бурууг нэгэн аав, хүү хоёрт тохож, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэр “Дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна” гэж хэлсэн прокурорын үг нотолж байна.

Олигархиуд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол гэрчилнэ.

 

Гэр хорооллын иргэд ээ! Та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай! Олигархиудад бүү хууртаарай! Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой!

 

Та бүгдийн төлөө тэмцсэн миний 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй! Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна! Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.

 

 

Эрдэнийн Бат-Үүл