Монгол түмний өвөг дээдсийг гутаан доромжилж, түүхийг мушиган гуйвуулсан Солонгос “сериал”
2014/05/23
Сүүлийн үед телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм.
Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг гэхэд буруудахгүй байх. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Орчин цагийн сериалаараа монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг байсан бол өдгөө түүхэн киногоороо ч Монголд төдийгүй дэлхийд алдаршаад авсан. Тэгвэл саяханаас Солонгосын олон ангит “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй″ хэмээх айхтар сүржин нэртэй Монгол улсын түүхийг гутаан доромжилсон кино ТВ5 телевизээр гарах болсон. Тус кинонд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн солонгос хатан Өлзий хутаг буюу Ки хатны тухай гарах юм. Тэрээр солонгос гаралтай Ки хатан нь уг кино дээрээ эрэлхэг зоригтой, ухаан саруул дайчин дүрээр гарах бөгөөд харин Монголын хаан Тогоонтөмөр аймхай, хүчин мөхөс “мулгуу” сул дорой нэгэн байх бөгөөд Ки хэмээх хатан байнга түүнийг хамгаалж аврах юм. Үүгээр ч зогсохгүй киноны гол дүрийн баатруудын дайсан буюу эсрэг дүр нь бидний өвөг дээдэс Юань гүрний эзлэн түрэмгийлэгчид юм байх. Кинонд монголчуудыг дутуу дулимаг дүрсэлсэн байх юм.
Энэхүү киног үзсэн ямар ч Монгол цустан үзээд бухимдахаар байна. Хэдийгээр ядуу буурай орны тоонд багтаж явдаг ч үүх түүх, удам судараараа бол Монгол улс асар их баялаг түүхэндээ хамгийн аугаа хүмүүс байсан юм. Харин өдгөө “будааны хүүхдүүд” хэмээггдэг Солонгосчуудад ийн доромжлуулж байгаа нь эмгэнэлтэй.
Энэхүү кинонд гардаг үйл явдлууд түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр Хүслэн хааны хүү Тогоонтөмөр бага залуу насандаа Солонгост цөллөгдөж явсан нь үнэн боловч эм хүнээр хамгаалуулж уйлж унжсан, юм л бол айн ширвээтсэн, хүүхэн шиг үхээнц хүн байсан /кинонд ийм маягаар дүрсэлсэн байдаг/ нь юу л бол. Тэрээр 1333 онд хаан ширээнээ заларсан бөгөөд түүний гурав дахь хатан Өлзий хутаг /Ки хатан/ Солонгос хүн байжээ.
Хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл нь “энэхүү киног албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна” хэмээн бахарлтайгаар телевизээрээ цацаж байгаа ТВ-5 телевиз юм. Өвөг дээдсээ гутаан доромжлуулсан Солонгосын сериалыг Монголынхоо ард түмэнд хүргэж байгаа эмгэнэлтэй.