Паркад дөрвөн улирлын турш ашиглах боломжтой битүү дээвэртэй тоглоомын төвүүд байгуулна
2022/03/18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Үндэсний соёл амралтын хүрээлэн 1966 онд Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй ашиглалтад орж байсан. Цаашдаа ч хүүхэд залуучуудын соёл, спортын хүрээлэн болсон ногоон байгууламж байх ёстой. Дэлхийн хотуудын ногоон байгууламж сараалжин хашаагаар хүрээлүүлсэн иргэддээ хаалттай байдаггүй. Тиймээс нийслэлээс зохион байгуулж байгаа хашаа хайс буулгах ажлын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг буулгана. Хот байгуулалт, хөгжлийн газар энэ хүрээлэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу зөрүү мэдээлэл гарч, зарим тохиолдолд улстөржүүлсэн байдлаар асуудалд хандаж байна. Улс төр хийж байгаа хүмүүсийн үгэнд орохгүйгээр хашааг нь буулгаж тохижуулалтын ажлаа эхлүүлэх хэрэгтэй" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хотын даргаас өгсөн үүргийн дагуу паркийн захиргаатай хамтраад 20 орчим га газарт иргэд ирж амарч тухлах ногоон байгууламж, явган хүний зам, олон төрлийн спортын талбай хийнэ. Зураг төслийн ажил нь эхэлчихсэн байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ" гэв.
“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр "Энэ жил дөрвөн тоглоом нэмж тавихаар захиалчихсан байгаа. Ирэх жил дахиад 5-6 тоглоомоо шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой битүү дээвэртэй тоглоомын талбай, үзвэрийн газрыг ашиглалтад оруулна" гэлээ.