Өттэй Монгол
2014/05/25
Үндэсний агаарын тээвэрлэгч “Изинис Эйрвэйз” компани үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа өнгөрсөн долоон хоногт мэдэгдэв.
Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь хэмээн эдийн засагчид амандаа бувтнаж байна. Учир нь уул уурхай дээр түшиглэн амьдралаа залгуулдаг Монгол модоо барихад ойрхон болжээ. Үндэсний хэмжээний томоохон компаниуд эдийн засгийн хямралд чимээгүйхэн өртөж, өдөр хоногийг талх таллан байж аргацааж эхэлсэн гэнэ.
Шинэчлэлийн Засгийн газрыг үе үеийн камбинатынхнаас хамгийн баян нь гэж олзуурхагчид олон. Ажлаа эхлүүлэхийн тулд Н.Алтанхуягийн Засгийн газар гадаад ертөнцөд өрийн бичгээ санал болгож мөнгө босгосон анхны тохиолдол нь “Чингис бонд” байлаа. Үүнд 1.5 тэрбум ам.долларыг 6-8 хувийн хүүтэйгээр гадны хөрөнгө оруулагчдаас зээлсэн бөгөөд жилд тус бондын хүүд 70 сая ам.доллар төлдөг гэж байгаа. Тус бондын нэлээдгүй хөрөнгөөр “Гудамж” төсөл, хотын төвийн уулзваруудыг шинэчлэн засварласнаас өөрөөр гарт баригдаж нүдэнд харагдах дорвитой ажил хийгээгүй. Эргэлдэх мөнгөгүй болсон энэ Засгийн ээлжит нүүдэл нь “Самурай бонд”. Чингис бондын үр ашгийг хэлэлцэж амжаагүй байхад дахин өр тавьсан нь энэ. Ядаж л энэ удаад өмнөх алдаагаа бүү давтаасай гэх залбирал иргэдийн дунд байсан. Харамсалтай нь, 600 сая ам.доллартай тэнцэх “Самурай” бондын хөрөнгөөр одоо 888 төсөл санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Эдгээр төсөл үр ашигтай эсэх нь маргаантай хэдий ч 888 гэдэг нь бөөгийн ёсонд ихэд бэлгэшээлтэй тоо юм байх.
Гол нь дээрх бондууд нь богино хугацаатай. Чингис, Самурай нэрээр тавьсан өрөө 2018 оноос эхлэн төлнө. Энэ хооронд зөвхөн Чингис бондын хүүнд өдөрт 208 мянган ам.доллар буюу 300 сая орчим төгрөг, харин жилд 75 сая ам.доллар төлөх ёстой. Гэвч эрх баригчид үүнд огтхон ч сэтгэл зовнихгүй байгаа бололтой. Дахин нэг гэнэтийн бэлэг бэлдсэн нь Азийн хөгжлийн банкнаас 320 сая ам.доллар, Европын хөгжлийн банкнаас 50 сая еврогийн зээл. Энэ удаад бонд биш хөгжлийн зээл хэлбэрээр оруулж ирсэн нь олон хүний анхаарлыг татахгүй байгаа бололтой юм. Зээлийн гэрээний төслүүдийг УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлээд буй. Энэ мөнгөөр “Баянхошуу” “7 буудал”-ыг дэд төв болгох аж. Мөн л өнөөдөртөө үр ашгаа өгөхгүй, эдийн засгийн эргэлтгүй зүйл рүү хөрөнгө оруулахаар хэдийнэ төлөвлөсөн байгаа юм. Зээл эхний 10 жил хүүгүй бөгөөд 11 дэх жилээс эхлэн 0.2 хувийн хүүтэй. Бондуудыг бодвол хүү багатай ч ижилхэн эргэн төлөгдөх нөхцөлтэй.
Ийнхүү Монгол Улс эргэж буцалтгүйгээр дахин их өрийг барагдуулж дуусахын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөх хэрэгтэй боллоо. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ аль хэдийн ДНБ-ий 40 хувьд хүрээд буй. Манай улсад гадаад өр үүнээс хэтрэхгүй байх хуулийн заалттай. Хэрэв өр энэ түвшнээс хэтэрвэл аюултай гэж үздэг. Харамсалтай нь, эрх баригчид Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл гэгчийг УИХ-д өргөн мэдүүлж, гадаад өрийн дээд хэмжээг ДНБ-ий 70 хувь болгон тогтоох заалт оруулаад буй.
Өндөг өргөн хэрэглээнээс гарч, талх тансагчуудын хоол болж хувираад буй өнөө үед өрийг хэн төлөх вэ. Мэдээж, уншигч та, би, таны үр хүүхэд буюу татвар төлөгчид. Н.Алтанхуягийн Засгийн газар 2016 онд байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа өнөө үед Н.Алтанхуягийг хөгшин хонины насгүй мэт үзэж болохуйц. Эдийн засгийг 100 хоногт багтаан эрчимжүүлэх үлгэр нь хүртэл жаргалтай төгсгөлгүй нь харагдаж байна. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байна. Эдийн засгийг өндөг шиг эмзэг болгосон тэдэнд маргааш гэж алга.
Оюутолгойн гэрээг үзэглэж, ард түмэндээ 21 мянган төгрөг тараасан Ардын намыг шүүмжилж, алдаан дээр нь улс төрийн уран нүүдэл хийж байсан шиг өнгө төрх 2016, эсвэл 2020 онд давтагдах нь гарцаагүй боллоо. Тэр үед нэмэгдэхүүний байрлал солигдож, нэгнийгээ дэмий л шүүмжилж, долоовор хураагаараа чичих вий. Гэсэн ч хэн ч хариуцлага хүлээхгүй. Иймээс хэргийн эздийг ул мөрөө баллахаас өмнө эрх баригчдыг эрүүдье. Чингис бондын зарцуулалтыг олон нийтэд ил болгоё. Эргэн төлөгдөх эх үүсвэрийг нь сонсьё. Ингэж байж дараагийн алхмаа хийх эрхээр хангая. Эс бөгөөс эдийн засаг элгээрээ мөлхөж, энэ улс модоо барихад бэлэн болжээ.
Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2014/05/26
odoo ene zasgiin gazart bgaa humuus ur udmaaraa toloh estoi .Ard tumen bid ***** bish. Hedii bid yadarch bgaa ch zov buruug yalgah uhaantaigaa bgaa.
Зочин · 2014/05/26
Алтанхуяг бонд нэрээр гаднаас мөнгө авч зам зассан үүнээс өөр хийчих мөн өөрт ашиг унагах ажил байсангүй бололтой Дараагийн сонгуулиар хөнгөн үйлдвэрийн боосуудыг сонговол хөрөнгө зөв зүйлд зарцуулагдах юм байна л даа
Зочин · 2014/05/26
Яахаараа жирийн иргэд хvvхдvvд минь ертэй болдгийн менгийг нь хэдхэн тооны луйварчид vр удмаараа авч идэчхээд яагаад монголын нийт ард иргэд телех ёстой гэж тэр идэж уусан авилга авсан луйварчдыг хуу хамж ерее тел