БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдвар нэмэгдэж, хатуу хөл хорио үргэлжилж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Хөл хорионы үеэр хоол хүнсний хомсдолд орж, Шанхай хотын иргэд үймээн самуун дэгдээж байгаа. Түүнээс сэргийлж төр засгийнх нь зүгээс цэрэг арми, танк оруулж байгаа гэх мэдээлэл түгээд байгаа юм.


Шанхай хотод нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотын Жиутин дүүрэгт амьдарч буй Н.Хандмаатай холбогдож ярилцлаа.


-Шанхай хотод нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлэл гарсаар байна. Халдварын байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар коронавирусийн батлагдсан 1189 тохиолдол байна. Мөн дээр нь шинж тэмдэггүй 25141 хүн байна гэсэн албан ёсны мэдээлэл гарсан.

-Нас барсан тохиолдол бий юү?

-Миний мэдэхийн тийм тохиолдол гараагүй байх шүү.

-Хатуу хөл хорионы дэглэмтэй байгаа бололтой?

-Тийм ээ. Шанхай хот дотроо бүх хөдөлгөөнийг хатуу хорьсон. Зөвхөн шаардлагатай хүнс, хоол, эм түгээх зорилгоор мопедтой хүмүүс явж болно. Бусад тохиолдолд шууд хориотой.

Түүнээс гадна орон сууцны хотхонуудыг тус тусад нь тусгаарласан. Хотхон дотроо явж болно. Гэхдээ халдварын тохиолдол илэрвэл орцоор нь тусгаарлаж, хүн гаргахгүй байгаа. Бүх хотхоныг биш, халдварын тохиолдол олноор илэрсэн орц болон гэрийнх нь хаалгыг лацдаж байгаа гэж дуулсан.

Ингээд 14 хоногийн турш бүх шинжилгээгээр ямар ч тохиолдол илрээгүй бол тухайн хотхоныг чөлөөлнө гэсэн. Жинан дүүрэгт өчигдөр ганц нэг хотхон чөлөөлөгдсөн мэдээлэл байна лээ.

-Хөл хорионд орсон иргэд хүнс тэжээлийн дутагдалд орж үймээн самуун дэгдээж байгаа гэх юм. Бодит байдал ямар байх юм бэ?

-Яг манай орчимд бол хэвийн байна. Энд хоол хүнсний хомсдолд орсон зүйл байхгүй. Хүнсний хүргэлт хийх явцад халдвар тархаад байна гэж үзэж байгаа учраас хүргэлтийн ажилчдыг цөөлсөн. Гэхдээ хотхоноороо нэгдээд хүнсээ авахыг хориогүй. Жишээ нь, 50 хүн нийлбэл нэг удаа хүргэлт гарна, эсвэл үнийн дүн нь 2000 юань хүрвэл нэг удаа хүргэлт ирнэ гэх байдлаар зохион байгуулж байгаа.

Үймээн самууны хувьд Шанхай хотын захын дүүргүүдийн хөгшин настай хүмүүс амьдардаг хэсэгт тийм зүйл болж байгаа бичлэгийг манайхан харсан байсан. Учир нь настай хүмүүс онлайнаар хоол хүнсээ захиалж чадахгүй болохоор үүсч байгаа асуудал бололтой.

-Цэрэг армийнхан, бүр танк хотод оруулж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Эсэргүүцсэн иргэдийг дарахын тулд хийж байгаа ажиллагаа гэж хардаж байх шиг байна?

-Энэ мэдээллийг хуурамч мэдээлэл гэж зарласан. Ард иргэдийг хуурамч мэдээлэлд итгэж, үймж шуугьж болохгүй гэж анхааруулж байгаа.

-Халдвар авсан бага насны хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаад авч явж байгаа гэв үү?

-Анх ийм тохиолдол гарч байсан. Одоо тэр шийдвэр нь өөрчлөгдөөд хүсвэл эцэг эхийн аль нэг нь өргөдөл гаргаад хүүхэдтэйгээ тусгаарлагдах боломжтой болсон юм билээ.

-Шинжилгээг яаж хийж байна вэ?

-Эмнэлэг дээр шинжилгээ авахгүй. Хотхон дээр эмч нар өөрсдөө ирээд зохион байгуулалттайгаар шинжилгээ авч байна. Дунджаар 3-4 хоногт нэг удаа ирж авдаг. Түүнээс гадна иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд авдаг антиген тестийг хоёр өдөрт нэг удаа өгч байгаа. Хариуг нь зурагжуулаад тестийнхээ QR кодыг вичатын зориулалтын аппликэйшн рүү нь илгээж хянуулдаг.

Бас дээр нь ковидын эм тарааж байгаа. Халуурсан, ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд уух заавартай. Тэгэхээр юу юугүй бүх хүнийг аваад явчихаж байгаа юм биш.

Түр эмнэлгүүд олон байгаа. Олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг том төвийг тэр чигээр нь эмнэлэг болгож 50.000 ор дэлгэсэн мэдээлэл байсан.

-Эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж, зааврыг түлхүү өгч байна вэ?

-Энд хөршийн холбоод, СӨХ нь маш сайн ажилладаг. Орц болгон ви-чат групптэй. Түүгээрээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ айлууд хоорондоо сольж зарцгааж байна. СӨХ нь нэгдсэн журмаар засгаас тараасан хүнсний зүйлс, эм, ПСРтестийг нь тарааж байна.

-Тэдгээр нь хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Тухайн тоотод амьдарч байгаа хүн бүрийн тоогоор хоёр, хоёр удаа хоол хийж идэх гоймон тараана. Ихэнхийг нь хүмүүс өөрсдөө ви-чат групп үүсгээд бөөнөөрөө худалдаж авч байгаа. Яахав, энгийн үеэс авдгаас үнэ нь өндөр байна. Гэхдээ бүр хүн авч дийлдэхээргүй хаданд гарсан үнэтэй биш. Саяхан би 12 ширхэг кола ундаа авсан. Хэн нэгэн нь нэлээн олноор нь бөөндөж аваад хотхоны хүмүүстээ ширхэгийг нь гурван юаниар зарж байна лээ. Ширхэг кола энгийн үедээ 2.5-3 юань орчим байдаг.

Бидний хувьд бэрхшээлтэй байгаа зүйл бол хүргэлт удааширч байгаа асуудал.

-Тэгвэл бүр дордсон зүйл алга гэж ойлголоо?

-Миний хувьд хүн айж ичихээр хэцүү зүйл болоод байгаа юм огт алга. Онлайн худалдаанаас хүнс авах гээд чадахгүй байгаа ч хотхоныхоо хүмүүстэй нийлээд хүнсээ асуудалгүй авчихаж байна.

Найз нөхөд, танилууд маань “Шанхайд хүмүүс өлсөөд, сэтгэлээ унаад амиа хорлоод байна. Чи зүгээр үү, гайгүй юу” гэж ихээр асууж байгаа. Надад мах, сүү, гурил, будаа байна. Нэмээд ногоогоо жаахан базаачихвал асуудалгүй. Бараг дахиад нэг сар карантинд байсан ч тоох юм алга.

-Тест, эм тарианы хувьд хүртээмж нь хэр байна вэ?

-Ковидын эм, ПСРтест хүн бүрд хүрэлцээтэй ирж байгаа. Яг хүний тоогоор тоолоод өгдөг.

-Халдвар аваагүй тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хувьд ийм байж. Эмнэлэгт хэвтэж буй халдвартай хүмүүсийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл байна уу?

-Эмнэлэгт байгаа хүмүүс харин ч биднээс илүү хангамжтай байгаа бичлэгүүд яваад байгаа. Өдрийн гурван хоолтой, хангамж сайн байдаг бололтой.

-Вакцин хийж байгаа юу?

-Тодорхой нарийн мэдээлэл алга. Ямартаа ч гурав дахь тун хийгдсэн. Дөрөв дэх тун хийж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд хоёр дахь тунгаа хийлгэсэн, гурав дахийг хий гэж шаардсан зүйл алга.

-Шанхайд байгаа монголчуудын байдал ямар байна вэ. Хоорондоо холбоотой байдаг болов уу?

-Шанхай хот дахь Монголын Консулын газраас энд байгаа монголчуудыг асууж сураглаад нөхцөл байдлыг нь шалгаж байгаа. Бүгд л зүгээр байна гэцгээсэн юм билээ.