Ганцхан компанийн дампуурал хэмээн харвал алдаан дээр алдаа нэмнэ
2014/05/26
Монгол Улсын эдийн салбарт сайн гэхээсээ илүү саар мэдээнүүд шил шилээ харан хөвөрч байна. Хамгийн сүүлийнх нь гэвэл иргэний агаарын тээвэрт тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан "Изинис Эйрвэйз" компани дампуурлаа зарласан явдал.
Тухайн салбартаа найман жилиин турш тогтвортой ажилласан, дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа гүйцэтгэж байсан компани ийн хаалгаа барьсан нь Монголын эдийн засгийн дэгэн догон байдлын илэрхийлэл төдийгүй ерөөс бодлогын алдаа түрүүчээсээ баялаг бүтээгчдээ ширвэж эхэлсний дохио болж байна.
Нөгөөтэйгүүр өнөөдөр Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломж нөхцөл, эдийн засгийн өнгө төрхийг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байна. "Изинис Эйрвэйз" дампуурснаар мэргэжлийн дадлага туршлага бүхий 220 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, тэдний үйлчилгээний салбарт ямар нэг хэмжээгээр хоосон орон зай үлдэж хоцроно. Магадгүй, "Изинис Эйрвэйз"-ийн дампуурал эхлэл нь байж ч мэднэ. Өөр олон компани нэгэнт эхэлснээ цагийн энэ шуурганд хийсгэчихэлгүй авч үлдэх гэж аргаа барж, арван гурван мэхээ уралдуулж байгаа байх.
Монголбанкныхны хэдийнэ тавьж туучихаад байгаа валютын ханшийн өсөлт Монголын эдийн засгийг нокуатанд оруулчихсан, одоо ринг дээр босох тэнхэлгүй тоолуулж байна. Ийм байхад мөнгөний бодлогыг тодорхойлох учиртай төв банкныхан валютын ханш зохистой түвшиндээ хүрсэн гэх хэтэрхий гэнэн тайлбар өгөөд сууж байгааг ойлгох арга алга.
Томоохон эдийн засагчид үнэ тогтворжуулах хөтөлбөр болон бодлогын алдаанаас шалтгаалж төгрөгийн ханш ийм доошоо орсон гээд байгааг тэд чихнийхээ хажуугаар өнгөрөөж, алдаагаа гавьяа болгож харуулах гээд байгаа юм биш үү.
Өнгөрсөн оны сүүлчээр гэхэд 2013 оны эхэн үед байсан валютын нөөцийн бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээгээр буурсан гэх мэдээлэл байсан. Хэрэв тийм бол Монголбанк бодлого зохицуулалтын хэрэгсэлгүй болж, эдийн засгийг тогворжуулах 100 хоногийн "тулаанд" гар хоосон орж байгаагаас ялгаагүй.
"Изинис Эйрвэйз"-ийн хаалгаа барихад хүргэсэн шалтгааныг төр хувийн хэвшил рүу хошуу гараа дүрэх болсонтой холбон тайлбарлах хүн ч бас байна. Ер нь яаж ч бодсон нэг салбарт ижил төрлийн үйлчилгээний төлөө төр хувийн хэвшлийнхэн дөрөө харшуулах нь үлгэрлэвэл, айлын эрх хүүхэд хийгээд өргөж авсан шоовдор хүүхэд шиг л нэг нь өөхөнд бөмбөрч нөгөөх нь шороонд хөрвөөхтэй адил.
Улс орны эдийн засгийн амьдралын эрчим буурч, инфляцийн уналт эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Бодит амьдралын энэ үнэнийг харин Шинэчлэлийн Засгийн газар удаан хугацааны турш хүлээн зөвшөөрч зүрхлээгүй. Оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр тартагт нь тулахын даваан дээр Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гээчийг гаргаад байна.
Энэ хөтөлбөр бодит ажил болох уу, аль эсвэл тайвшруулах тун болох уу гэдэг нь одоогоор лав тодорхойгүй. Юутай ч эрчимжүүлэх хөтөлбөр эхлээд cap болоогүй байхад компаниуд түрүүчээсээ дампуурлаа зарлаж эхэллээ. Бодвол тэдэнд сайн сайхан ирээдүй, итгэл найдвар энэ 100 хоногт лав харагдсангүй бололтой. Тийм болоод л хаалгаа барьж таараа байх.
Харин үүнийг ганцхан компанийн дампуурал хэмээн харж, эдийн засгийн нөхцөл ийм хэмжээнд хүртлээ хүндэрснийг дутуу үнэлбэл ахиад алдаан дээр алдаа болно. "Изинис Эйрвэйз"- д нүүрлэсэн хүндрэл олон компанийн үүд хаалгыг түшээд зогсч байгааг дээр хэлсэн. Эрх биш тэдэнд эдийн засгийн байдал дээрдэнэ гэсэн хүлээлт бас горьдолго байгаа биз. Уг нь урин дулааны энэ үе бол эдийн засгийн идэвхи сэргэдэг цаг үе.
Хэдхэн хоногийн дараа зуны тэргүүн cap гарах нь. Цаг улирлаас хамаардаг Монголын бүтээн байгуулалт өдийд жинхэнэ утгаараа өрнөж байдаг сан. Харин энэ хаврын тухайд Бээжингийн гудамжны шинэчлэлийг эс тооцвол таг чиг талдаа байна. Ажил өрнөж, ноос ноолуур гараад ирэхээр амьдрал ахиад сэргэж, мөнгөний урсгал идэвхжиж, эдийн засгийн эрчим хөдөлгөөн нэмэгдээд ирдэг. Ийм хүлээлт байсан ч санаснаар болсонгүй. Дуулдаж буйгаар бол хөрөнгө мөнгөний гачаалд хүлүүлчихээд хөдөлж чадахгүй байгаа бололтой юм. Засгийн хийж бүтээх том мөрөөдөл бодит амьдрал дээр иймэрхүү өнгө будгаар зурагдаж байна. Мөрөөдөл байгаад нь талархах ч бодлогын алдаа, амьдралаас тасархай төсөөлөл төдий тоглолт нь бодит байдлыг зөвөөр үнэлэн цэгнэх боломж олгохгүй байна уу даа хэмээн харагдана.
Эцэст нь ичсэн хүн хүн ална гэдэг шиг эдийн засгийн хямралын буруутнаар сэтгүүлчдийг нэрлэхдээ хүрч, хэвлэл мэдээллийн эсрэг заалтыг 100 хоногийн тогтоолдоо оруулж өглөө. Энэ улстөрчид хэдий болтол бусдын толгой дээрх өвсийг харсан мөртлөө өөрийн толгой дээрхи тэмээгээ анзааралгүй ихэмсэглэлийн хиймэл дүр эсгэж, их мэдэгчийн болхидуухан дур бүтээж амьдрах юм бол доо.
Өнөөгийн Монголын байдлын илэрхийлэл нь эдийн засаг сэтгэлийн хөдлөлөөр явдаггүйг харуулж байна. Мөнгөтэй боллоо, хийж бүтээж байна гэж зөндөө тунхагласан. Гэхдээ "Чингис" бондын хөрөнгийг үр өгөөж муутай төсөлд түлхүү хуваарилсан, эргээд "мөнгө үйлдвэрлэх" эдийн засгийн өндөр ач холбогдолтой төслүүд удаашралтай явагдаж байна. Гашуунсухайтын боомт хүрэх төмөр замын төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ТЭЦ-5 гэхчлэн түрүүлж хүсэн хүлээж байсан төслүүдийн явц удааширалтай байгаа. Бондын үлдэгдэл хөрөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж, 888 төслийг санхүүжүүлнэ гэсээр энэ оныг дуусгаж мэдэх л байх.
Бидний араншин ч юм уу, барилдахаасаа таахалзана гэгчээр хийхээсээ ярих нь их юм даа. Энэ янзаараа бол энэ сонгуулийн хугацаанд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орон болох зорилтоо хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй болох байх.
Зочин · 2014/05/27
ene tor zasag ni yumuu tatvariin gazar ni yumuu er ni buh companiig l haalgiig ni barih sonirholtoi baih shig bna. shuud dans haagaad tatvariinhan zoriud dampuuruulaad. tsaana ni hunii amidral ard tumnii neg hesgiinhen amdral bgaa gedgiig ter humuus medej avah heregtei shuu. HAANII ALBA HALAATAI EZNII ALBA EELJTEI GEJ 2 JILIIN DARAA TA NAR ARD TUMNII AMDRALAAR TOGLOSON YALAA UURNE SHUU.