УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин, Г.Ганболд нарын зүгээс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд хэд хонож байна.

Эдгээр гишүүд бол энэ Их хурал дахь аймгийн Засаг дарга нарын фракци юм. Нийлж фракцийн зохион байгуулалтад ороод ийм юм хийгээд яваа хүмүүс. Тэдний гишүүн болоод анхны, бие даан санаачилж буй ганц хуулийн төсөл нь энэ байх. Хуулийн гол үзэл санаа нь “Торгуулиа хугацаандаа төлөөгүй иргэн 50 хувь нэмж төлнө” гэсэн заалт. Шууд утгаараа бол торгуульд чинь хүү тооцно гэсэн үг. Ядарсан ард түмнээ яасан шулж ханадаггүй төр засаг вэ. Иргэн бүхэн өртэй, зээлтэй, лизингтэй, ХХОАТ-аас эхлээд тоолж баршгүй их татвар шимтгэлийн дарамтаас босохгүй байхад, дээр нь нэмээд торгууль тутамдаа хүү төлөх хуулийг санаачилж байгаа эдгээр нэр бүхий гишүүдийг хэн гэж ойлгох ёстой вэ. Манжийн дарлалын үед монголчууд өр, хүүндээ сөхөрсөн, МАН-ын засаглалын үед дахин нэг өр, хүүндээ сөхөрч, гуйлгачингууд болох нь. Сонгосон ард түмэн бүгдээр юу бодоцгоож байдаг юм бол...

Иргэдийн торгуульд 50 хувь нэмэх хуулийн нэмэлтийг санаачлагчид сонгосон иргэд маань энэ хуулийн пянг даахгүй гэдгийг мэддэггүй болов уу. Таны сонгогч машиныхаа нэг гэрэл нь шатсаны торгуулийг төлж амжаагүй байхад өндөр хүү төлөх нь байна шүү дээ. Жишээ нь, энэхүү хуулийн төслийг санаачлагчдын нэг гишүүн Г.Ганболд та Америкт эхнэртэйгээ улирал тутам зугаалж явахаар ард түмнийхээ дунд очиж амьдрал судалбал яасан юм бэ. Тэгвэл арай ч ийм харгис хуулийн санаа толгойд чинь орж ирэхгүй байх. Манжийн үеийн хүүндээ дарлуулсан монголчуудын түүхийг уран зохиолоос уншдаг байсан бид МАН-ын засгийн үед бодитоор нь 130 жилийн дараа дахин амсдаг мөн ч азгүй ард түмэн юм аа.

Аймгийн Засаг дарга байгаад УИХ-д орж ирсэн энэ хэдэн нөхөр үнэндээ балмагдаж байна аа. Нэг аймгийн төсөвт эзэн байсан эдгээр “хошуу ноёд” улсын төсөв гэсэн далай шиг юм руу ороод ирэхээрээ балмагдаж, аймагт байдаг шигээ авахын донгоор хандсан нь энэхүү хуулийн төсөл юм. Авах биш ээ, ард түмэндээ өгөх, дараа нь авах ухаанд суралцаж чадвал Их хуралд дахин сонгогдож магадгүй. Тийм ухаалаг байх ёстой цаг үе ирж явна шүү, аймгийн Засаг дарга нар аа.

Зөрчлийн тухай хуулиар 96.3 хувь нь иргэн, 3.3 хувь нь хуулийн этгээдүүдэд хариуцлага ногдуулдаг юм билээ. Нийт зөрчлийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байдаг. Тэгэхээрээ Монголд машинтай, машин барьдаг иргэн бүр торгуулийн хүү төлөх махны машинд орж байгаа юм байна. Энэ бол төрийн дээрмийн тогтолцоо. Монгол Улсад 2020 оны байдлаар 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүний тал хувь нь хугацаандаа төлөгдөөгүй бололтой юм. Тэгэнгүүт төлөөгүй торгууль бүгдээс хүү авах, хүүгээ төлөхгүй бол төрийн үйлчилгээ авахгүй болгох хуулийн дарамтыг эдгээр гишүүд санаачилж ард түмэндээ, сонгогчиддоо тулгалаа. 2016 оноос хойш дангаараа Монголыг засаглаж буй МАН-ын байгаа царай, дарга нарынх нь хандлага энэ. Сонгогчид нь бүгд ядарсан хүмүүс. Тэднийг төлөөлсөн гишүүд нь бүгд цатгалан муур шиг нөхдүүд. Энэ хоёр харьцаа энэ улс орны өнгө төрх юм. Ганцхан үг бодогдох “Монгол хөгжихгүй нь дээ” гэсэн.

Аймаг, аймагтаа ноён царайлж, намын нэрээр дээшээ авирсан энэ хэдэн гишүүн иймэрхүү харгис хэрцгий хуулийн төсөл цааш цаашид санаачлан өргөн бариад байвал сонгогчдынх нь зүгээс тойрог бүр дээрээ тэдний үнэн төрхийг илчилсэн ажлыг зохион байгуулах ёстой. Та нарын сонгосон энэхүү нөхөр Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин, Г.Ганболд нар нь ямар учиртай сонгогчдоо дарамталсан хууль санаачлаад байгаа учрыг нь, сонгосон мянга мянган иргэд нь эднээс асуух цаг болжээ.

Урьд бол аймгийн дарга байсан нөхөд УИХ-д орж ирэхээрээ ядаж ганц цагийн хуралд тэвчээртэй суучихдагсан. Чуулганд оролцох, үг сонсох, бичиг цаастай танилцах тал дээрээ одоо энэ Хасуур, Дамбий, Амараа.. өөр хэн хэн ч билээ дээ, Их хурал дахь хэдэн охидуудаас хамаагүй дээр байх ёстой. Тэгсэн торгуулиас хүү хусах хууль санаачилсан энэ хэд бол хотын хэдээсээ дор, амьдрал мэдэхгүй юмнууд байжээ.

Тэгэхээр өнөөдрийн энэ хэдэн жулдрай гишүүдэд аминчлан захия. Та хэд хууль санаачлах огтхон ч хэрэггүй юм байна, толгой чинь хүрэхгүй юм байна. Мөрөөрөө байцгаа. Үүний оронд та хэд нийлж хэдэн гайгүй тендер дээр ажиллаж, амьдралаа сайжруулаад 2024 онд бууцгаах нь энэ улс орон, ард түмэнд өлзийтэй юм байна. УИХ-ын гишүүн юм чинь заавал нэг хууль санаачлах ёстой гэж шаналах хэрэггүй. Санаачилсан хууль чинь самрах юм байна гэдгийг сонгогчид мэдэж авлаа. Амьдрал мэдэхгүй, онол мэдэхгүй, шинжлэх ухаан байхгүй, амьдралдаа ганц судалгаан дээр сууж үзээгүй, орон нутгийн коммунист байсан та нарт УИХ арай томдох бололтой. Та хэдийн дунд сүүлд хувийн сургууль арайхийн дүүргэсэн нөхөр хүртэл байгаа шүү.

Хувийн өмчийг хурааж байгаа МАН, одоо хууль баталж хулгайлах технологидоо шилжиж, идэвхийлж байгаа нь та нараас харагдлаа. Зарчим чинь буруу байна. Төр хичнээн их өмчтэй байна тэрээр хэрээрээ хүчирхийлэгч болдог. Оросын жишээг хар. Өмч хувьд байхаараа л өмч байдаг. Төрд очихоороо хүчирхийллийн хэрэгсэл болдог. Хууль ард түмний амьдралд эерэгээр тусвал хууль байдаг. Эсрэгээрээ тусвал дэглэм болдог. Аймагтаа коммунист байсан та муу хэд ямар дэглэмийн эзэд үү. Дэглэм тогтоо гэж ард түмэн та хэдийг сонгосон юм уу. Хэмжээндээ байгаарай. Эсвэл та хэд үнэхээр учраа мэдэхгүй, ордонд манарсан хэвээрээ байгаа юм уу. Намаа мөнгөжүүлэх, түүнийгээ хуулиар хулгайлах санаагаа хөдөөний энэ хэдийнхээ гар хөлөөр хийлгэж байна уу. Яаж ч бодсон торгуулиа төлөх гэж аргаа барж явдаг ард түмэн түүн дээр нь хүү нэмж тооцох хууль санаачилсан гишүүдийг дахин сонгохгүй дээ...