Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн лиценз бүхий "Түмэн айл инвест" компани болон нутгийн иргэдийн хооронд зөрчил үүсээд хэд хонож байна.

Уг асуудалд нэр бүхий улстөрчид, зарим компанийн удирдлагууд хамааралтай гэх мэдээллийг зарим сайт, сэтгүүлч цахим сүлжээгээр тарааж буй аж. Үүнд нэр дурдагдаж буй хүмүүсийн нэг нь "Цагаан шонхор холдинг" ХХК-ийн захирал Ч.Энхтайван юм. Түүнээс энэ талаар тодруулахад "...Би Дорноговь аймагт болж байгаа явдлыг огт мэдэхгүй.

"Түмэн айл инвест" гэдэг компанитай ямар ч хамааралгүй. Энэ бол улстөржсөн, зохион байгуулалттай гүтгэлэг гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс нэр бүхий улстөрчид рүү дайрч байх шиг байгаа юм. Түүндээ миний нэрийг ашиглаж байна. Тиймээс шүүхэд хандаж байгаа" гэсэн юм.

 

Мөн энэ асуудлаар "Цагаан шонхор холдинг" ХХК-иас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "...Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн хэсэг иргэд нэгэн компанитай газрын талаар гаргасан маргааны талаар “Түмэн айл инвест” нь “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэх энэ эрхмийнх юм байна" гэсэн зураг бүхий худал гүтгэлгийн мэдээг сүүлийн өдрүүдэд сошиал орчинд хэн нэгэн этгээд зориуд тараах боллоо. Манай Холдинг болон Ерөнхийлөгч нь “Түмэн айл инвест” гэх компанийг огт мэдэхгүй, ямар ч хамааралгүй худал мэдээлэл болохыг залруулж байна.

Иймд "хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол..." гэсэн хуулийн заалтын дагуу гэм буруутай этгээдийг олж хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болсноо мэдэгдье" гэжээ.

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин