Миний зургийг зөвшөөрөлгүй аваад постолчихсон. Mаш олон охиноос танилцъя гэсэн чат болон найзын хүсэлт ирсэн гэв
2022/04/22
Сүүлийн хоёр жил дэлхий даяар цар тахал дэгдэж, хөл хорионы байдалтай байсан билээ. Энэ хугацаанд хүүхдүүд цахимаар сурч, өөрсдийн фэйсбүүк хаягтай болж, цахим орчинд хараа хяналтгүй ихээр орох болсон гэх шүүмжлэл ихсээд буй юм.
Бага насны хүүхдүүд гудамж талбай, олон нийтийн газар хараал их хэлдэг, шүлс, нус цэрээ хаядаг гээд хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудал цахим орчинд байнга өрнөсөөр. Энэ талаар ерөнхий боловсролын сургуулийн орчин болон олон нийтийн газраар явж сурвалжиллаа.
ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ИДЭВХ, ХАРИЛЦАА БҮХ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДСӨН
Өчигдөр үдээс өмнө 11:00 цагийн үед Гуравдугаар сургууль орчмоор хөл хөдөлгөөн ихтэй байв. Зарим ангиуд нь тарж, зарим нь орж байгаа үе аж. Түгжрэл бууруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын цагийг зөрүүлсэн нь энэ. 3-4 дүгээр анги болов уу гэмээр 4-5 хүү сургууль руу орох ээлжээ хүлээн зогсоно. Тэдний яриаг хэсэг сонслоо. Хоорондоо инээж хөхрөлдөөд их гоё зүйл ярьж байгаа бололтой. Сэм сонсоход “Тэр охин руу чат бичсэн. Их зантай юм, хариу ирэхгүй байна лээ. Өөрийгөө юу гээд бодчихсон...” гэх мэтээр ярих нь жишим ч үгүй хараал хэлдэг эхний жишээ боллоо. Цааш байрнуудын дунд ороход дунд ангийн болов уу гэмээр 10-аад охид хөвгүүд нийлэн зарим нэг нь тамхи татан суух юм. Яриа нь түрүүчийн таарсан хүүхдүүдээс ч илүү хараалын үгтэй байх аж. Үүнийг хэсэг гайхаад Дөрөвдүгээр сургуулийг зорин очлоо. Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй уулзав. Дөрөвдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Баярчимэг ярихдаа “Хүүхдүүд маш их хараал хэлдэг болсон. Үүнд гэр бүлийн орчин их нөлөөлж байгаа. Гэртээ гаргадаг араншингаа сургууль дээр ирээд гаргадаг. Бага ангийн хүүхэд гэлтгүй бүгд хичээл хийх сонирхолгүй болсон. Хичээлийн цагаар сургуулийн коридороор тэнэнэ. Цайны газар сууж байна. Хичээл дээр унтах асуудал бол хэвийн үзэгдэл болсон” гэв. Харин сэтгэл зүйчтэй уулзах гэсэн боловч одоогоор энэ орон тоо эзгүй байна гэх хариуг өгөв.
Ингээд нэгдүгээр ангийн багш Б.Хонгорзулаас зарим зүйлийг тодруулав.
-Хөл хорионы дараа хүүхдүүдийн зан араншин өөрчлөгдсөн зүйл ажиглагдаж байна уу?
-Маш их өөрчлөгдсөн. Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд намраас долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллэж байхад нэг их анзаарагдахгүй байсан. 100 хувь танхимаар хичээллэж эхэлснээс хойш маш их мэдрэгдэх болсон. Хоорондоо янз бүрийн үг хэллэг хэлнэ. Багш юм зааж байхад анхаарахгүй. Тарах цаг болоогүй байхад тарах болсон уу гэж байн байн асууна. Ер нь хүүхдүүдийн сурах идэвх, харилцаа бүх зүйл өөрчлөгдсөн.
-Танайх цахим хичээлээ яаж явуулдаг байсан бэ. Хүүхэд бүр заавал фэйсбүүк хаяг шинээр нээсэн үү?
-Үгүй. Манайх нэгдсэн журмаар бүх хүүхдэдээ и-мэйл хаяг нээж өгөөд классрүүмд холбогдон хичээлээ ордог байсан. Бага насны хүүхдүүд өөрсдийн гэсэн фэйсбүүк хаягтай байх нь эрсдэлтэй шүү дээ.
-Танай ангид фэйсбүүк хаягтай хүүхэд бий юү?
-Би энэ жил нэгдүгээр анги авсан. Урьдныхыг бодвол хүүхэдтэй харилцах маш түвэгтэй болсон. Юм хэлээд ойлгохгүй. Олон хэлэхээр үглэлээ гэж өөрөө загнуулна. Одоогоор манай ангид фэйсбүүк хаягтай хүүхэд байхгүй.
-Тэгэхээр танай ангийн хүүхдүүд заавал эцэг эхийн хяналт дор цахим хичээлдээ хамрагддаг байх нь ээ?
-Тийм. Хүүхдүүд өөрсдөө мэйлээ нээгээд орох боломжгүй. Дөнгөж нэгдүгээр ангийн хүүхдүүд шүү дээ.
-Бага насны хүүхдүүд маш их хараал, ёс бус хэллэг хэлдэг болсон гэх юм. Танд ажиглагдаж байна уу?
-Тийм шүү. Гэртээ тийм харилцаатай байдаг юмуу бүү мэд. Зарим хүүхдүүдээс тийм хандлага илрээд байдаг. Жаахан хүүхдээс гарамгүй үг хэлнэ. Эхэндээ маш их гайхдаг байсан. Сүүлдээ ч бараг дасаад байх шиг.
-Та багш хүний хувьд хэлж сануулдаг уу. Засрах шинж байна уу?
-Хэлэлгүй яахав. Тоохгүй шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд дөнгөж сургуульд орж ирээд учраа олохгүй. Одоо л дасаж байх шиг байна. Эхэндээ ч “За, багш аа ойлголоо” гээд ганц нэг хүүхэд ангид элдэв үг хэллэг хэлэх нь багассан. Ганц нэг нь бол засрах шинжгүй хүүхдүүд байна гэв.
2025 ОН ГЭХЭД НИЙТ ХҮҮХДИЙН 60 ХУВЬ НЬ ДИЖИТАЛ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНДСЭН МЭДЭГДЭХҮҮН, ЧАДВАРТАЙ БОЛНО
Ингээд тус сургуулиас гараад хүүхдүүдийн цахим хэрэглээний талаар жаахан мэдээлэл үзлээ. 11-14 насныхны танилцах групп, пэйж хуудас хэд хэд байдаг юм байна. Зарим нэг рүү нь орж сонирхлоо. Админ гэх хүмүүс нь дандаа 11-14 насны хүүхдүүд. Хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авч тавиад “Хөөрхөн байна уу”, “Шинэ профайл зураг хайж байна. Зургаа үлдээ”, “VS буюу хэн нь илүү вэ” гэх хооронд нь хөөрхнөөр нь өрсөлдүүлсэн зураг хийх, мэдээж тэр нь зөвшөөрөлгүй хэн нэгний фэйсбүүкээс авсан зураг. “Хосоо олох групп чатад нэмнэ. Эдд хий”, “Таалагдвал шууд чат бич”, “Үерхэх хүн байна уу” гэх мэтээр маш их зүйл бичсэн байх юм. Хариуд нь “Хөөрхөн юм аа. Фэйсбүүк хаягийг нь өгөөч”, “Наадах чинь таалагдахгүй байна”, “Хосоо олмоор байна. Нэмээд өгөөч”, “Би саяхан салсан. Шинэ найз охин хайж байна. Эксээ атаархтал үерхэнэ” гэх мэтээр ёс бус үг хэллэгтэй маш их сэтгэгдлүүд хөврөх юм. Заримыг нь хараад нүдэндээ итгэмээргүй. Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхдүүд холбогдсон гэмт хэрэг байнга өсч байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж буй.
ОУХХЭ, ЮНЕСКО-ийн хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь, үүн дотроо хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөр тутам интернэт ашигладаг аж. Тэдний үзсэнээр 2025 он гэхэд:
- Дэлхийн нийт хүн амын 70-аас багагүй хувь нь өдөр тутам интернэт ашиглаж,
- Нийт хүүхдийн 60 хувь нь дижитал хэрэглээний үндсэн мэдэгдэхүүн, чадвартай болж,
- Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь цахим санхүүгийн үйлчилгээ ашигладаг болно гэсэн судалгааг гаргажээ.
Харин ЦЕГ-ын 2018 онд явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3.8 сая гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2.5 сая нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Эдгээр ухаалаг утасны хэрэглэгчдийн олонх нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Тэд цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна сошиал хаяг өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлж байна гэжээ. Үүнээс харахад хүүхдүүдийн цахим хэрэглээ 2018 оноос хойш дахин нэмэгдсэн нь мэдээжийн хэрэг.
Харин 2015-2021 онд Улсын хэмжээнд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгджээ. Бүртгэгдсэн тоон мэдээллийг харвал жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2022 оны эхний улиралд хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Цахим орчинд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, хүүхдийг өөртөө дасгах, заналхийлэх байдлаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах зэргээр насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд мөн л нэмэгдсэн байна. Жишээлбэл, иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч аккаунт үүсгэн, өсвөр насны 84 охинтой танилцан харилцаа тогтоож, тухайн охидыг айлган сүрдүүлэх, ятгах, гуйх зэрэг байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж, тухайн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, барьцаалж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн билээ.
ЦАХИМААР ТАНИЛЦСАН ХҮНТЭЙГЭЭ УУЛЗАХГҮЙ ГЭЖ БОДДОГ
Энэ мэтээр хүүхдүүд цахим орчинд хараа хяналтгүйгээр оролцон өөртөө эрсдэл үйлдэж байгаагаа мэддэггүй аж. Тавдугаар ангийн сурагч Б.Энхтөртэй ярилцлаа. (нэрийг өөрчлөв).
-Чи фэйсбүүк хаягтай юу?
-Хаягтай.
-Тэр хаягаа ямар зориулалтаар ашигладаг вэ?
-Анх хичээлээ хийх гэж нээж байсан. Одоо найзуудтайгаа холбоотой байх, найз охинтойгоо харилцах, гэр бүлтэйгээ холбогдох гэх мэтээр ашигладаг.
-Хэзээ нээж байсан юм бэ?
-Хоёр жилийн өмнө.
-Хоёр жилийн өмнө гэхээр чи хэдэн настай байсан юм бэ?
-Есөн настай байсан.
-Есөн настай хүүхэд хаяг нээж болдог юм байна уу?
-Тухайн үед багш шинэ хаяг нээ гээд ээж, аав хоёр л нээж өгч байсан.
-Одоо чи фэйсбүүк яаж ашигладгийг сайн мэддэг болсон уу?
-Мэднэ.
-Танихгүй хүнээс найзын хүсэлт ирдэг үү?
-Ирнэ.
-Авдаг уу?
-Авчихдаг.
-Танихгүй байж яагаад авдаг юм бэ?
-Манай найзуудтай найз, эсвэл гэр бүлийн хэн нэгтэй найз байхаар нь л авчихдаг.
-Танихгүй хүнээс чамд янз бүрийн хачин ч гэмээр юмуу чат, мессэж ирж байв уу?
-Хааяа ирдэг.
-Юу гэсэн байх уу?
-Танилцах уу, хэдэн настай вэ. Уулзах уу, чатлах уу гэх мэтээр янз бүрийн л юм бичдэг.
-Чи тэдгээрт нь хариулдаг уу?
-Хариулахгүй ээ. Үе тэнгийн хүүхдүүд байвал хариулна.
-Цахим хаягны цаанаас чи үе тэнгийнх гэдгийг яаж мэдэх вэ?
-Зургийг нь харна. About-ийг нь үзнэ. Тэгж байгаад л байнга хаягаа ашигладаг өөрийн зургаа хийдэг бол хариу бичдэг.
-Тэгж худлаа ярьдаг муу санаатай том хүн байвал яах вэ?
-Уулзахгүй болохоор тийм зүйлээс нэг их айдаггүй шүү дээ.
-Ятгасаар байгаад уулзахаар болвол яах вэ?
-Тэгвэл сайн үзэж судалж, видео колл хийж байгаад л шийднэ дээ.
-Чиний үеийн хүүхдүүд маш их ийм зүйлийн хохирогч болдог тухай мэдээ уншдаг уу?
-Уншдаг. Тийм болохоор л цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахгүй гэж боддог.
-Чи түрүүн найз охинтой гэсэн үү?
-Тийм.
-Яаж танилцсан юм бэ?
-Манай нөгөө ангийн охин. Тэгээд л нэгдүгээр ангиасаа мэднэ.
-Танай үеийнхний танилцах групп чат, групп, хуудсууд байдаг гэсэн үү?
-Байдаг. Би нэг хэсэг орж үзсэн. Балай санагдаад гарчихсан.
-Юу нь балай гэж?
-VS хийх үү, зураг зөвшөөрөлгүй авч тавьсанд уучлаарай ч гэх шиг. Миний зургийг бас зөвшөөрөлгүй аваад постолчихсон байсан. Маш олон охиноос танилцъя гэж чат ирсэн. Бас зөндөө найзын хүсэлт ирсэн. Тэр групптээ байдаг хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй аваад тавьчихдаг юм шиг байна лээ. Тэгээд нөгөөдүүл нь донтой юм шиг аймшигтай их чат бичиж, найзын хүсэлт явуулна. Түүнээс нь залхаад л гарчихсан.
-Та нарын үеийн хүүхдүүд их хараал хэлдэг гэх юм. Чи хэлдэг үү?
-Хааяа хааяа санаандгүй хэлчихээд байдаг.
-Танай гэрт хараал хэлдэг хүн бий юү?
-Аав л хааяа хэлдэг. Бусад нь хэлдэггүй.
-Ангийнхны чинь хувьд?
-Манай ангийн надтай нийлдэг хэсэг хөвгүүд гайгүй. Нэг их хэлээд байдаггүй. Нөгөө хэсгийн нийлдэг хүүхдүүд байнга хэлдэг. Түүнийгээ их гоё сонсогддог, харагддаг гэж боддог юм шиг байна лээ.
Man · 2024/10/12
Odor shonogvi seks hiie Fb: Tim pass
Зочин · 2024/08/30
9BOOWN XXI80955877
Зочин · 2024/06/27
ANUSDI
Зочин · 2024/06/27
XUCHINDUULI80955877
Russell · 2022/04/23