Э.Намуун: Вирусийн гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй
2022/04/26
Б.ЛХАГВА
“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2"-ын хүүхдийн эмч Э.Намуунтай томуу, томуу төст өвчний талаар болон гуравдугаар сард хөдөө орон нутгаар явж хүүхдийн үзлэгийн үр дүнгийн тухай ярилцлаа.
Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг 2016 онд төгсөж, түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Мөн “National Dental Health and Education Foundation” багт нэгдэж, Булган аймгийн Баяннуур суманд таван эмч, зургаан сувилагч, хоёр туслах ажилтнаас бүрдсэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй хоёр өдрийн турш ажилласан байна. Тус багийн хамт олон 3-16 насны 241 хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж тус сумын шүдний өвчлөлийг 35.7 хувиар бууруулж ажиллажээ.
-Гадуур томуу, томуу төст өвчлөл их буй. “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт байдал ямар байна вэ?
-Томуу, томуу төст өвчин их байна. Сүүлийн 2 жил ковид-19-ийн дэгдэлттэй холбоотой карентин, тусгаарлалт, сургууль цэцэрлэг ажиллаагүйн улмаас томуу томуу төст өвчин маань багассан байсан. Томуу, томуу төст өвчин нь арваннэгдүгээр сараас эхлэн, гуравдугаар сарын хооронд өндөр дэгдэлттэй байдаг. Энэ жил томуугийн өвчлөл их байгаатай холбогдуулан дүүрэг бусад эмнэлгүүдийн ачаалал их ор дүүргэлт ихэссэн. Манай эмнэлэгт 0-18 насны хүүхдийн 500 ор дэлгэсэн ч дүүрсэн.-Хавар болж байгаатай холбогдуулан харшлын гаралтай ханиад их байна хэмээн ярих боллоо. Мөн вирусийн гаралтай ханиад гэх яриа яваад буй. Эдгээрийн ялгаа нь юу вэ?
-Эдгээр нь үүсгэгчээрээ л ялгаатай. Вирусийн гаралтай ханиад гэдэг нь томуу болон томуу төст өвчнүүдээ хэлж байгаа юм. Вирус хүний биед орохоор халууруулна. Томуу гэдэг нь томуугийн буюу риновирус, паравирус гэх мэт вирусээр үүсгэгддэг. Манай эмнэлэг таван төрлийн вирусийн оношлогоог хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс авсан. Үүний ихэнх тохиолдол нь томуугийн А хүрээний болон RS вирус дийлэнх тохиолдлыг эзэлж байна. Өвчлөл нь энгийн ханиаднаас арай хүнд шинж тэмдгээр хамар, гуурсан хоолойн салст бүрхүүлийн судсыг тэлж, хавагнуулдгаас хамар битүүрэх, амьсгал бачуурах эмгэгээр илэрдэг онцлогтой. Амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Хамгийн гол нь халдварлах чадвар маш өндөр учраас богино хугацаанд олон хүнийг зэрэг хамруулан өвчлүүлдэг.
-Хоолой өвдөх, нусгайрах, ханиах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхээр л корона эсвэл ханиад гэх мэтээр хувиараа эм авч эмчлэх хүмүүс олширсон. Амьсгалын замын замын аливаа өвчлөлийн үед антибиотик дур мэдэн уух нь ямар хор нөлөөтэй вэ?
-Антибиотик нь нян, бактерид нөлөөлж, үхүүлэх, устгах зориулалттай эм бэлдмэл. Харин томуу болон ханиад маань вирусээр үүсгэгддэг тул түүнийг устгаж чадахгүй гэсэн үг. Дэлхий нийтэд вирусийн шалтгаант өвчний дэгдэлт, тархалт нэмэгдсэн учраас бактерийн эсрэг эм хүчрэхгүй.
Хүмүүс ханиад хүрэв үү, үгүй юу эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик уух нь амьсгалын замын өвчний хүндрэлд нөлөө үзүүлдэг. Ханиад томуу хүндрэх, тусаад хэд хоносон зэрэг хугацаанаасаа хамаараад нянгийн үрэвсэл рүү шилжих эсвэл хүндэрдэг. Энэ тохиолдолд эмч тохирсон антибиотикийг ялангуяа хүүхдэд өгөх эмийг биеийн жинд нь тохируулан уулгахыг зөвлөдөг. Тиймээс иргэд маань эмчид үзүүлж, тохирсон антибиотик эмийг уух хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавьж, эмчид үзүүлсэн ч гэрээр эмчлэхийг оролдохдоо сая хэлсэнчлэн дээрх төрлийн бэлдмэлийг дураараа хүүхдэд өгдөг. Тэдний биеийн жинд нь тооцоолон уулгаагүйгээс өвчлөл хүндэрнэ. Мөн ханиалга намдаах гэсэн эмийг эмчийг зөвлөгөөгүй ууж байна. Ханиалгалт нь цэртэй, цэргүй, хий, хөхүүл гэх мэт олон төрөлтэй. Тиймээс тус бүрд нь өөр өөр эм хэрэглэх шаардлагатай.
-Ер нь эмч хүний өдөр завгүй ачаалалтай өнгөрдөг гэдэг. Таныхаар манай улсад эмч, тэр дундаа хүүхдийн эмч хэр хүрэлцээтэй байдаг болоо? Алдарт эхийн одонгоор ээжүүдийг шагнадаг ч хүүхэд бүрт хүрч ажиллах эмч хангалттай байдаггүй шүү дээ?
-Миний бодлоор бидний ачааллыг ойлгох хүн цөөн байдаг болов уу. Уул нь хүүхдийн эмчийн хүртээмж харьцангуй ихсэж, энэ мэргэжлээр сурч боловсрох хүмүүс нэмэгдсэн. Гэхдээ эмчийн цалин бага ачаалал ихтэй учраас мэргэжлээрээ ажиллах хүн улам л багасаж байна. Томуугийн үеийн хүлээн авахын эмчийн нэг өдрийн үзлэг 100 гаруй хүнд хүрч ажиллах шаардлагатай болдог. Гэтэл бид нэг хүүхдийг 15 минут үзэх журамтай. Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн өдрүүдэд эмч ачааллаа хэд дахин давуулан биелүүлдэг гэж хэлж болно. Томуугийн дэгдэлтийн үеэр эмч нар маань гэр лүүгээ ч харих завгүй л ажилладаг. Мөн ковид-19-ийн үед 14-21 хоног гэртээ харилгүй ажиллаж, байнга тусгаарлах хувцастай байсан тул өдөрт нэг удаа бие засаж, ус ууж байв. Гэхдээ бид мэргэжилдээ дуртай мөн хайртай болохоор орхиод явж чаддаггүй байх. Монголын үрсийн төлөө ажиллаж буй олон олон хүүхдийн эмч нараараа бахархдаг юм. Тэд гэртээ өөрийн үр хүүхдээ ч анхаарах завгүй байдаг.
-Та саяхан “NDHEdu Foundation”-тай хамтран сайн дураараа хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд туслахаар явсан. Тэгэхэд хөдөөд хүүхдийн шүдний асуудал нэлээн асуудалтай байгаа нь ажиглагдсан гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?
-“NDHEdu Foundation”-ний үүсгэн байгуулагч Б.Бадамцэцэг эмч надад санал тавьсан. Саналыг би маш дуртайгаар хүлээн авсан. Гайхалтай баг бүрэлдэхүүнтэй хамтран Булган аймагт үзлэг хийсэн. Мөн цаашдаа ч хамтран ажиллана гэж бодож байна.
Алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд хүүхдийн болон шүдний эмчийн үзлэг байхгүй, давтамж хол байгаагаас үүдэлтэй асуудал их тулгарч байгаа нь ажиглагдсан. Тус аймгийн Баяннуур суманд шүдний эмч байхгүй мөн амны хөндийн ариун цэврийн сургалт сурталчилгаа харьцангуй сул, эрүүл мэндийн боловсрол тааруу байв. Тиймээс хүүхдийн болон шүдний өвчлөл их байгаа болов уу гэж бодлоо. Гол нь эмч эмнэлгийн болон эмийн хүртээмж алслагдсан аймаг сумуудад бага байна. Энэ нь зөвхөн Баяннуур сум ч биш алслагдсан бусад суманд ч гэсэн тохиолддог асуудал юм.
“NDHEdu Foundation”-ий баг хамт олон маань Монголын хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг өөрсдийн хүсэл зорилгоор ямар нэгэн гаднын нөлөөгүй нэгддэг.
Зөвхөн хүүхдийн эрүүл мэндийн төлөө гэсэн уриатайгаар энэ ажлыг эхлүүлсэнд нь маш их баярлаж байна. Энэ багийн нэгэн хэсэг болсондоо Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн байдалд эерэгээр нөлөөлөх алхам маань нэгээр нэмэгдсэнд сэтгэл өндөр байгаа.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН