Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрөөр БҮХ НИЙТЭЭРЭЭ амарна
2022/04/26
Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлага болон холбогдох төлөөллүүд мэдээлэл хийв.
Зуны тэргүүн сарыг угтан тэмдэглэдэг энэ өдрийг “Энэрэл хайр түгээе” уриатай тэмдэглэнэ гэдгийг хэллээ.
Төгс буянт зурхайн ёсоор энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна
Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал "Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой. Бид төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. Тиймээс зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэхээр болж байгаа юм" хэмээн ярив.
Ерөнхий зохион байгуулагч “Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд "Төгс буянт зурхайн тооллоор сар өдрүүд тасрах, давхцах тохиолдлууд байдаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байгаа гэдгийг түрүүн дурдлаа. Энэхүү үйл ажиллагаанд бурхан багшийн хүүхэд ахуй, гэгээрсэн дүр, нирваан дүр үзүүлсэн гурван дүрийг бүтээж хүндэтгэлийн жагсаалдаа зална" хэмээн мэдээлэл өгсөн юм.
Төв талбайд энэрэн нигүүлслийг уриалсан бясалгалын флашмоб зохион байгуулахаар төлөвлөж байгаа
Олон улсын Буддист нийгэмлэгийн тэргүүн Л.Дагвасүрэн "Бид улсынхаа төв талбайд энэрэн нигүүлслийг уриалсан бясалгалын флашмоб зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд 3,000 гаруй хүн оролцоно хэмээн тооцож байна. Жил болгоны зуны тэргүүн сарын шинийн 15-нд жагсаал, хүндэтгэлийн парад, энэрэн нигүүлсэлд уриалсан бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Түүнчлэн Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад болно.2013 оноос хойш энэхүү парадыг тогтмол зохион байгуулж буй. Бүх нийтийн амралтын өдөр учраас оролцохыг хүссэн иргэд олбог, үндэснийхээ хувцастай ирж оролцох боломжтой. Сүхбаатарын талбайд 09:00-11:00 цагийн хооронд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Бясалгалын флашмоб, хүндэтгэлийн парад нь цаашдаа аялал жуулчлалын фестиваль болох боломжтой. Энэ нь гадаад, дотоодын жуулчдыг татах онцлогтой" хэмээн хэлсэн юм.
Бакула Ринбүүчи сангийн тэргүүн Ц.Ширмэнбаатар "Бурхан багшийн Их Дүйчин өдөр нь бусад баяраас ялгаатай. Ихэнх хүмүүс завгүй амьдрал, бухимдсан нийгмийн хэмнэлд орсон байна. Тиймээс дотоод сэтгэл рүүгээ хандах боломжийг энэ өдөр олгодог. Бурхан багшийн сургаал, энэрэл нигүүлслийг өөртөө хөгжүүлэх боломж олгосон Их дүйчин өдөр жилд ганц тохиодог" гэв.
Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан. Энэ жил зургаадугаар сарын-14 Мягмар гарагт тохиож байна.
oogii · 2022/04/26
ОЮУНХОРОЛ ГЭЖ НЭГ ТЭНЭГ АВГАЙ ҮҮНИЙГ САНААЧИЛСАН. ЭНЭ БУРУУ