М.Ананд:Оногдсон ажлаа бага гэлгүй чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй
2014/05/26
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга М.Анандыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
М.Ананд 2006 оны арваннэгдүгээр сарын башёгаас эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн бөгөөд Монголоос төрсөн дөрөв дэх сумогийн аварга болсон юм. Ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол Улсаас төрсөн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол бөхийн удмыг залгаж яваа түүнд баяр хүргээд улам сайн хичээж барилдахыг ерөөлөө. М.Ананд сумогоор барилдах хүсэлтэй байгаагаа захидалд бичиж анх Япон улс руу явуулж байсан гэдэг. Тэрбээр Япон улсад анх 16 настайдаа хөл тавьж байснаас хойш 12 жил өнгөрчээ.
Энэ уулзалтын үеэр М.Ананд "12 жилийн дараа 71 дэх аварга болсондоо туйлын их баяртай байна. Залуу хүн хүнтэй зөв харилцаж, хүнийг хүндлэх ёстой. Хүнийг хүндэлж байж өөрөө хүндлүүлдэг. Өөрт оногдсон ажлыг бага гэлтгүй чин сэтгэлээсээ хариуцлагатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүнд амжилт ирдэг” хэмээн залуучуудад хандан хэлсэн юм.
Одоогийн байдлаар Япон улсад Монголоос 28 бөх сумогийн спортоор хичээллэж байгаа аж. Түүний 15 нь дээд зиндаанд барилддаг юм байна.
Х.Даваа