Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног саяхан өрнөлөө.  Аливаа улс орны иргэд эрүүл саруул аж төрж, урт удаан наслахад олон аюулт өвчнөөс хамгаалах вакцин хийж, хүн амыг дархлаажуулах нь чухал байдаг. Дархлаажуулалтын асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа. 

 

-Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног өнгөрсөн сарын сүүлээр өндөрлөж, Үндэсний дархлаажуулалтын 10 хоног энэ сард эхлэх гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг (ДДДХ) жил бүр улс орон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. ДДДХ-ийг хүүхдүүд, эцэг эхчүүд, иргэд, эрүүл мэндийн байгууллагууд, төр засгууд, олон улсын байгууллагууд хамтран тэмдэглэдэг. НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн амь насыг аврагч товлолт вакцинуудыг улс орнуудад хүргэдэг дэлхийн хамгийн том байгууллагын хувьд энэ долоо хоногийн үйл ажиллагааны гол түнш юм. Бас нэг гол түнш бол ДЭМБ. ДДДХ-ийн үйл ажиллагаа нь иргэдэд товлолт вакцины ач холбогдлыг таниулж, сануулж, хүүхдүүдээ товлолт хугацаанд вакцинд нь хамруулах, мөн засгийн газрууд, шийдвэр гаргагчдад нийгмийн эрүүл мэндийг хамгаалах тэргүүлэх  чиглэлүүдээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өрнүүлж, орхисон асуудал байвал анхаарч ажиллахыг сануулж, уриалдаг үе юм. Таны онцолж хэлснээр ДДДХ өнгөрсөн сарын сүүлээр болдог бол Монгол Улсын Үндэсний дархлаажуулалтын 10 хоногийн аян энэ сарын сүүлийн 10 хоногийн турш өрнөдөг. Энэ үеэр Засгийн газрын тогтоол гарч нэмэлт буюу нөхөн дархлаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ өдрүүдээр бид вакцины тухай мэдлэг мэдээллийг түгээх, вакциндаа хамрагдаагүй үлдсэн хүүхэд, томчуудыг вакцинд хамруулдаг.

 

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн үеэр бид вакцинаар хүн амыг дархлаажуулах нь хүн төрөлхтний хувьд ямар том ололт амжилт байсан тухай, вакцин гарснаар, дэлхийн улс орнуудад товлолт вакцины үндэсний хөтөлбөрүүд батлагдан хэрэгжсэнээр наслалт, амьдралын чанар хэчнээн их сайжирсан тухай эргэн санаж, вакцины ач холбогдлыг таниулдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд 1.1 тэрбум гаруй хүүхдийг вакцинаар дархлаажуулсан байдаг. Жил бүр гурван сая хүүхдийг вакцинд хамруулан амь насыг нь аварч, эрүүл саруул, урт удаан амьдрах гарааг нь эхлүүлж байна. Үүнд улс орны дархлаажуулалтын хөтөлбөрүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн нийт хүүхдийн 45 хувийг вакцинд хамруулдаг байгууллагын хувьд вакцин хүн төрөлхтний насыг уртасгаж, амьдралын чанарыг хэрхэн сайжруулсныг сайн мэднэ. Хүн төрөлхтний хийсэн бум түмэн нээлтээс вакцинтай дүйцэх олон хүний амь аварсан ололт үгүй. Иймээс төрснөөс нь хүүхдэд хийдэг эдгээр чухал вакцины тухай, эдгээрийн амь авардаг ач холбогдлын тухай бид энэ долоо хоногийн турш ярьж сануулдаг юм.

 

-Цар тахлын 2.5 гаруй жил хүн төрөлхтөн вакцин ярьж, хийлгэж ирлээ. Иймээс олон хүн вакцины тухай ярих дургүй болж, эргэлзэж байна. Энэ нь хэр их  сөрөг үр дагавартай вэ?

 

-Вакцинд ядрах үзэгдэл гэж бий. Тэр нь ч ойлгомжтой. Шинэ танигдаагүй, мэдэхгүй өвчин гараад уг өвчнөөс хамгаалах вакциныг бүгд хүсэн хүлээсэн. Дараа нь хэд хэдэн тун хийлгэж, хөл хорионд орсон, түгшсэн, сэтгэл санааны тавгүй байдалд байсан гээд мэдээж аль ч улс орны иргэд энэ бүгдээс залхсан, ядарсан. COVID-19 гарсан сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бид вакцины тухай үлэмж их ярилаа. Гэхдээ бид шинэ өвчний эсрэг шинэ вакцины тухай л яриад байсан. Гэтэл 220 жилийн тэртээ гаргаад авчихсан хүүхдийн амь насыг авардаг, элдэв согог гэмтлээс урьдчилан сэргийлж, эрүүл саруул өсөн бойжихыг нь, урт удаан наслахыг нь баталгаажуулдаг вакцинууд буюу халдварт саа, улаанбурхан, улаанууд гэсэн халдварлан өвчлүүлбэл эрүүл мэндэд хүнд үр дагавартай, улмаар амь насанд аюултай өвчнүүдийн эсрэг хамгаалдаг товлолт гэгддэг вакцинуудын тухай төдийлөн ярьсангүй. Тэр байтугай хүүхдийн товлолт дархлаажуулалт дэлхийн олон улс оронд алдагдсан, хамралт буурсан. Цар тахлаас болоод вакциндаа хамрагдаж чадаагүй олон хүүхэд байна. Дархлаажаагүй хүн ам байгаа нь богино хугацаанд эрсдэл багатай боловч жилээс жилд товлолт вакциндаа хамрагдаагүй хүмүүс нэмэгдээд байвал аюулт өвчнүүд сэргэн тархах, дархлаажаагүй хүн ам дунд халдварт өвчний дэгдэлт гарах эрсдэлтэй. Тиймээс бид яг одоо үүсээд буй энэ байдлыг засан залруулж, цар тахлаас нийгэм, эдийн засгаа сэргээх олон төрлийн хөрөнгө оруулалт улс орон бүрт хийж буй энэ чухал үеийг зөв ашиглаж, эрүүл мэндийн салбарын бүх нийтэд хүртээмжтэй, хүүхэд бүр товлолт вакциндаа хамрагдах боломжтой тогтолцоог нэвтрүүлэн дэмжих нь юунаас ч чухал байгаа юм. Энэ жилийн ДДДХ-оор бид төр засгуудад үүнийг уриалсан. 

 

-2015-2016 онд Монголд улаанбурхан өвчний дэгдэлт гарч олон нярай эндсэнийг санаж байна. Тэгвэл энэ нь товлолт вакцинд хамрагдаагүй байснаас гарсан гэж ойлгож болох уу?

 

-Яг тийм. Энэ бол 1990 оны эдийн засаг, нийгмийн шилжилтийн хүнд үед Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр доголдолтой ажиллаж байсантай буюу нэг хэсэг хүн товлолт вакцинаа хийлгээгүйтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, 1990-ээд онд төрсөн хүүхдүүд улаанбурхан өвчний эсрэг вакцинаа хийлгээгүй явсаар 2015 онд өөрсдөө эцэг эх болоход улаанбурхан өвчний эсрэг дархлаагүй учраас халдвар авч хүүхдүүдээ өвчлүүлсэнтэй холбоотой. Монгол Улсад улаанбурхан өвчний эхний тунг хүүхдийг есөн сартай байхад нь хийдэг. Учир нь хүүхэд 9 сар хүрэхээс нь өмнө эхээсээ авсан эсрэг биетүүд хүүхдийг улаанбурхан өвчнөөс хамгаалдаг. Гэтэл эхчүүд нь багадаа вакцин хийлгээгүйгээс үрстээ дамжуулах эсрэг биетгүй байж, өөрсдөө өвчлөн хүүхдүүддээ халдвар тарааснаар энэ дэгдэлт гарсан байдаг. Улаанбурхан өвчин бол дархлаажаагүй хүн амыг хамгийн хурдан онож халдварладаг маш хоруу чанартай өвчин. Зөвхөн Монгол Улсад ч биш олон оронд гарсан. Энэ дэгдэлтээс бид том сургамж авч 2019 онд серологийн тандалтын дүнг үндэслэн улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж ажилласан. Энэ аяны хүрээнд 500 гаруй мянган хүүхэд залуусыг гурван сар хүрэхгүй хугацаанд дархлаажуулснаар Зүүн-Өмнөд Азийн улс орнуудад олон хүүхдийн амь насыг авч одсон 2019 оны улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр Монгол Улсад нэг ч хүүхдийн амь эрсдээгүй. Өөрөөр хэлбэл, бид хүүхдүүдээ вакцинаар дархлаажуулан амь насыг нь аварч чадсан юм.

 

 

Тиймээс хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад хамруулж, вакцинуудыг нь заасан хугацаанд заавал хийлгэж байх нь ирээдүй хойч үеэ хамгаалж, үр хүүхдүүдээ өвчин согоггүй, урт удаан наслуулах олон жилийн тэртээгээс туршигдсан, батлагдсан, цорын ганц арга.

 

 

-Цар тахлын үед эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээ доголдож дэлхийн улс оронд товлолт вакциндаа хамрагдаж чадаагүй олон хүүхэд байна гэж та хэллээ. Манай улсад ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нөөц боломжийг цар тахлын хариу арга хэмжээнд дайчлан ажилласан. Энэ нь манай улсын Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?

 

-Харамсалтай нь улс орон болгоны дархлаажуулалтын хөтөлбөрийн хэвийн үйл ажиллагаанд цар тахал нөлөөлсөн. Зарим улсад товлолт вакцинжуулалт их буурсан үзүүлэлтттэй байна. Монгол Улс бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоотой улс орнуудын нэг учраас хэвийн үйл ажиллагааны доголдол бага гарсныг Монгол Улсын ЭМЯ-аас мэдэгдсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс цар тахлын хариу арга хэмжээний хажуугаар товлолын дархлаажуулалт буюу үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулахгүй, холбогдох үзүүлэлтүүдийг байнга хянаж, тухай бүрт Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласан.

 

 

Тухайлбал, нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг, удаа дараагийн хатуу хөл хорионд орсон Улаанбаатар хотын хэмжээнд захын буюу алслагдсан нийт 40 хороог сонгон авч товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулсан.

 

 

 

Өөрөөр хэлбэл, цар тахлын үе гэлтгүй Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөр нөөц боломжоо дайчлан хүүхэд бүрт хүрч ажиллахыг хичээсэн. Дархлаажуулалтын хөтөлбөр амжилттай ажиллахад эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага чухал үүрэгтэй. Монгол эцэг эхчүүд дархлаажуулалтын тухай сайн мэдээлэлтэй, вакцины тухай шинжлэх ухаанч ойлголттой байдаг учраас хүүхдүүдээ хугацаанд нь хамруулсаар байсан. Танай улсад эцэг, эхчүүдийн дархлаажуулалтын тухай мэдлэг, ухамсар өндөр байдгийг шагшин магтахаас өөр аргагүй. НҮБ-ын Хүүхдийн Сангийнхан монгол эцэг эхчүүдээр бахархаж бусдад үлгэр жишээ болгож байгаа.

 

 

Н.Даян

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин