П.Сайнзориг: Торгуулийн төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдол 50 хувийг нь хөнгөлнө
2022/05/05
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд төлбөрийн 50 хувийг хөнгөлөх тухай асуудлыг тусгажээ. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хуулийн төсөлд “Оноосон торгуулийн тогтоосон хугацаанд төлсөн бол шийтгэлийн хоёр дахин хөнгөрүүлж, гүйцэтгэлийг хангуулна” гэдэг заалт байна.
Жишээ нь, 100 мянган төгрөгийн торгуулийг 14 хоног дотор төлнө гэдэг хугацаа өгсөн тохиолдолд энэ хугацаанд 50 мянган төгрөг төлж болно гэж ойлголоо. Тэгвэл 100 мянган төгрөг төлснийхөө дараа 50 мянгыг нь буцааж авна гэсэн үг үү. Эсвэл ногдуулсан торгуулийн 50 хувийг хугацаандаа төлчихвөл гүйцэд төлсөнд тооцох уу.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Торгууль шийтгэлийг хугацаанд нь төлөөд, 50 хувьт хөнгөлүүлэх асуудлыг иргэдэд чирэгдэл учруулахгүй, техникийн шийдлээр зохицуулна гэж үзэж байгаа.
Жишээ нь, 100 мянган төгрөгөөр торголоо гэж бодоход, хугацаандаа 50 мянган төгрөг төлөх юм бол тухайн торгуулийг төлөгдсөн байдлаар тооцох техникийн шийдлийг бий болгохоор ХЗДХЯ ажиллаж байгаа. Зөрчлийн бүртгэлийн мэдээллийн системээр энэ асуудлыг нэг мөр шийднэ. Торгуулийн төлбөрийн системийг E-Mongolia болон НӨАТ-ын баримт уншуулдаг системтэй холбох ажлыг хийнэ. Ингэсэн тохиолдолд иргэд заавал банканд очих шаардлагагүйгээр торгуулиа төлөх боломж бүрдэнэ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд төрөөс авах дараах үйлчилгээг хязгаарлана. Үүнд:
- Жолооны үнэмлэх нөхөж авах, сунгуулах
- Гадаад паспорт авах
- Төрийн албаны шалгалт өгөх зэрэг эрхийг хязгаарлана.