Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай эхэлсэн ч, тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 29-нд болж байсан. Тус урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд хийх шийдвэр гарсан байдаг. Гэвч шүүх хурлыг дахин хойшлууллаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад эхэлсэн боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэлээ.

 

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байдаг.