Бид юуны төлөө энэ хорвоод ирж, хичээнгүйлэн амьдардаг юм бол гэж өөрөөсөө олон удаа асуудаг байлаа. Харин энэ асуултынхаа хариултыг ээж болсон өдрөө анх олсон юм даа.

Магадгүй эцэг эх болгон л энэ үед ухаардаг байх.  Өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Бидний хойч ирээдүй болсон үр хүүхдэд минь эрүүл, аюулгүй амьдрах боломж байна уу.

 

Төрсөн эх нь үрээ хаяжээ, төрсөн эцэг нь зэрлэгээр хүчирхийлжээ, эсвэл дээрээс нь юм унана, тогонд цохиулна, халуун тогоонд түлэгдэнэ, лифт налж зогссоныхоо төлөөс алтан амиа алдана.

 

Хамгийн аймшигтай нь эрүүл саруул хүүхдээ тэвэрч машиндаа хамт зорчиж явахдаа осолд орж жилд хэдэн зуугаар нь эрүүл мэнд, амь насыг нь хохироож байна. Тийм ч учраас Монгол Улс хүүхдэдээ ээлгүй улс гэж цоллуулаад байгаа юм. Үр хүүхдийнхээ эрүүл байх, амьд явах эрхийг өвчин зовлонгоос бус өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан зөрчих нь ихэсч байна. Энэ удаагийн нийтлэлээрээ хүүхдийн зориулалтын суудлын хэрэглээг хөндөж байна.

 

Баримт 1.

 

 СХД-ийн нэгэн айлын охин өнөөдөр байсан бол дөрвөн настай байх байлаа. Гэвч түүний гэгээхэн дүр зулын ард сүүмэлзэх хөрөг зурагт л үлджээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард буюу одоогоос жилийн өмнө ээжийнхээ хамт авто осолд орж, алтан амиа алджээ. Тухайн үед охин хэрэв зориулалтын суудалд зорчиж явсан бол өнөөдөр дэгж дэрвээд гүйж явах байлаа.

 

Баримт 2.

 

Бас нэгэн жишээ. Энэ айл гурван хүүхэдтэй. Бага хүү нь хоёр жилийн өмнө буюу 2020 онд дөрвөн настайдаа авто осолд орж баруун нүдний хараагаа алджээ. Осол гарсан өдөр хүү аавтайгаа машинд урд талын суудал дээр сууж явжээ. “Prius” маркийн тэрхүү машиныг бага “Porter” маркийн машин ирж мөргөснөөр осол гарсан. Тухайн үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд 0.89 хувийн согтолттой байсан гэнэ. Хүү урд шилээ хүчтэй мөргөж, тархиндаа доргилт авснаар хараагаа алдсан байна.

 

....Өнөөдөр бид хүүхдээ хайрлаж амттан авч өгч, эрхлүүлдэг мөртлөө эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхийг нь энэ мэт яагаад зөрчөөд байдаг юм бол.

 

Энэ бол миний нийтлэл бичихийн тулд олж авсан хоёрхон баримт. Үүний цаана хэдэн зуун хүүхэд эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал болон согтуу жолоочийн гайгаар  амь нас  эрүүл мэндээрээ хохирсоныг үнэндээ мэдэхгүй. СХД-ийн Замын цагдаагийн газраас тодруулахад энэ өдрийн ээлжинд гарч байсан ахмад “Бидэнд зам тээврийн осолд өртсөн буюу машинд мөргүүлсэн хүүхдүүдийн тухай тоо баримт байдаг. Түүнээс машин дотор зориулалтын суудалгүйгээс болж осолд өртсөн хүүхдүүдийн тухай нэгдсэн мэдээлэл байдаггүй” гэсэн  тайлбар өгсөн юм. Үнэхээр бид замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ хамт оролцож байгаа бол заавал зориулалтын суудал ашиглах ёстой гэдгийг дээрх хоёр баримт харуулж байна.

 

10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗОРИУЛАЛТЫН СУУДЛААР ТЭЭВЭРЛЭНЭ

 

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд "10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заажээ. Ингэснээр автомашин, тээврийн хэрэгсэл жолоодогч эцэг, эх болгон 10 нас хүртэлх хүүхэдтэй л бол хүүхдийн тоогоор зориулалтын суудал ашиглах ёстойг хуулиар заагаад өгчээ.

 

Хэрэв зориулалтын суудал хэрэглэлгүй өвөр дээрээ тээвэрлэж байвал Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх буюу 50 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байдаг. Тэгвэл энэ дүрэм амьдрал дээр хэрхэн биелдэг юм бол.

 

Сүхбаатар дүүргийн замын цагдаа, ахлагч Г.Бөхболд “Миний хувьд жолооч нарыг шалгахдаа бичиг баримтын зөрчлөөс гадна бага насны хүүхэдтэй бол заавал зориулалтын суудалд суулгасан байна уу гэж хардаг. Гэхдээ яг үнэндээ хүүхдээ зориулалтын дагуу тээвэрлэх эцэг эх тун ховор. Хэрэв урд суудалдаа, өвөр дээрээ тээвэрлэж яваа тохиолдолд зориулалтын суудалд суулгахыг, ядахдаа арын суудалдаа тэврээд суугаарай гэж байнга сануулдаг. Түүнээс яг зөрчлийн хууль яриад торгоно гэвэл хэцүү. Бараг бүх машиныг зогсоох шаардлага гарна” гэсэн юм. Хууль цаасан дээр үлддэг гэдгийн том жишээ энэ юм. Үнэхээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг боддог бол эцэг эхчүүд ухамсартай хандаж, дараа нь харамсахгүйн тулд ирээдүй болсон бяцхан хүүдүүдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо хуулиа баримтлаарай гэж замын цагдаа захиж байсныг энд онцлоё.

 

сонин mn

ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ ОСОЛ ГЭМТЛЭЭС 80 ХУВЬ ХАМГААЛДАГ

 

Хамгаалах суудлыг хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалдаг гэсэн судалгаа бий. 2021 оны байдлаар зам тээврийн осолд 485 хүүхэд өртөж, 51 нь амь насаа алджээ. Үүнээс 39 нь орон нутгийн замд, 11 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Харин осолд өртсөн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед найман хүүхэд, автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд тодорхой хэмжээгээр хүнд хөнгөн бэртэл авсан гэж

 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэл бидэнд мэдээлэл өглөө.

 

Түүнээс осолд өртсөн хүүхдүүдийн насны тухай асуухад “0-7 насны хүүхэд ихэнх хувийг эзлэж байна” гэж хариулсан юм. Харин 2022 оны гуравдугаар сарын байдлаар зам тээврийн ослоор 13 хүүхэд алтан амиа алдаад байна.

 

Манай улсын хувьд хуулиараа хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын “”ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын суудлыг хэрэглэнэ гэж заасан байдаг.

 

ИХ БРИТАНИД 12 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ УРД СУУХЫГ ХОРИГЛОДОГ

 

Манай эцэг эхчүүдийн хувьд автомашиныхаа урд талын суудалд хүүхдээ тэвэрч суух нь энгийн үзэгдэл. Харин олон улсад үүнийг хориглодог.

 

Жишээлбэл, Герман улсад 50 см-ээс доош өндөртэй болон 12 нас хүртэлх хүүхдийг  заавал зориулалтын суудлаар тээвэрлэдэг ажээ. Харин Их Британи улсад 12 нас хүрээгүй хүүхдийг урд талын суудалд суухыг хуулиараа хориглодог юм байна.

 

Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд орж, гэмтэх эрсдэл нь 11 хувиар буурсан гэх судалгаа гарчээ. Үүнээс гадна АНУ-ын муж болгон нь өөр, өөрийн хуультай аж. Нью-Йорк хотод автомашины ард талын суудалд ганцхан хүүхэд тээвэрлэх дүрэмтэй байдаг аж. Энэ мэт дэлхийн улс орнууд ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах цогц хуультай бөгөөд эцэг эхчүүдийн хувьд ч хуулиа сахиж, үүргээ сайн биелүүлдэг ажээ. Харин манай монголчуудын хувьд энэ бүхэн эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Бидний ирээдүй болсон хүүхдүүд эцэг эх бидний хариуцлагагүй алдаанаас болж амиа алдах ёсгүй. Тиймээс иргэн, эцэг эх хүнийхээ хувьд хуулиа сахиж, бяцхан хүүхдийнхээ амь насыг хамгаалж, зориулалтын суудал хэрэглэж хэвшие. Энэхүү нийтлэл дахин үргэлжлэх бөгөөд бид дараагийн дугаартаа стандарт бүхий  суудлуудын онцлог болон зарагдаж буй үнийн тухай сурвалжлага хүргэх болно.

 

 

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин