Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна хэмээн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ.

Шалгалт хийхээр өнөөдрийн байдлаар (2022.06.03) дараах 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавин битүүмжилжээ.

1 Цэлмэг онгод ХХК
2 Шилүүст сүмбэр ХХК
3 Язгууртны эко хүнс ХХК
4 Саян Уул ХХК
5 Дун Фан интернэйшнл ХХК
6 Үүлэнгөү ХХК
7 Натурал грийн фүүдс ХХК
8 Цан сан тиан ийн ХХК
9 Тэлмүүн Ану ХХК
10 Оргилан гүн ХХК
11 Өргөө мийт трейд ХХК
12 Мон грийн хас ХХК
13 Актай фүүдстафф ХХК
14 Жэй Икс Си Эс ХХК
15 Эм Ди Си Пи ХХК
16 Монгол Эко Мах ХХК
17 ГПДС ХХК
18 Тэнүүн хүсэл ХХК
19 Эс Эс Си Монголиан фүүдс ХХК
20 БӨЖТ ХХК

МХЕГ-ын даргын мэдээлснээр өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байгаа бөгөөд үүнээс 15 үйлдвэр нь дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй байдаг аж.

"Эмээлт дэх зарим аж ахуйн нэгж хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрд ил тод, нээлттэй өгч байх болно" хэмээн Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдэгдсэн билээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй мах дотоодын зах зээлд нийлүүлэгдээгүй. Тухайлбал, нөөцийн махыг дотоодын 23 аж ахуйн нэгж бэлтгэдэг. Нөөцийн мах бэлтгэгчид эрүүл ахуйн чанарын стандартыг сайтар баримталдаг. Махны эскпортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” гэсэн юм.