Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын дарга С.Насанбат аймгаа ур чадвартай удирдлагын хомсдолд оруулж байна.

Уг нь Дархан-Уул аймаг боловсролын хувьд хамгийн чадварлаг, хамгийн генлэг, хамгийн их элитүүдтэй, их оюунлаг хот гэж яригддаг. Гэтэл С.Насанбат Засаг дарга аймгийн гол салбаруудынхаа даргыг нийслэл хотоос сонгон томилсон нь өдгөө дарханчуудыг дорд үзэн, үл тоож, боловсон хүчин, тэр тусмаа удирдлагын хомсдолд орсон мэт харагдуулж байна. 
Тухайлбал  аймгийнхаа Нийгмийн хөгжлийн хэлтэсийн даргаар Төмөрпүрэв, Хөгжлийн бодлогын хэлтэсийн даргаар Баясгалан, Биеийн тамир, спорт хорооны даргаар Банзрагч, Залуучууд театрын даргаар та бидний сайн танил МУГЖ Ц.Төвшинтөгс, Барилга хот төлөвлөлтийн газрын даргаар Мөнх-Эрдэнэ нарыг томилжээ. Дархан-уул аймгийн хөгжил, цэцэглэлтийн гол тулгуур багана болсон уг салбаруудын даргаар томилогдсон эдгээр хүмүүс бүгд нийслэлээс ирсэн. 
Биеийн тамир, соёл спортын хорооны дарга Банзрагч нь л ганц Дархан-Уул аймгийн уугуул иргэн болов уу хэмээтэл тэр нь ч Улаанбаатараас угшилтай нэгэн аж. Ингээд хамгийн оюунлаг, загварлаг хот болгоно гэж өмнөх Ерөнхий сайд С.Батболд, мөн өмнөх Засаг дарга Эрдэнэбат нарын хичээж байсан газрыг хамгийн оюуны хоосролд орсон, боловсон хүчингүй газар болгож харуулсан Засаг дарга С.Насанбатын хууль бус, мэдрэмжгүй томилгоонууд үргэлжилсээр байна. 
Өнгөрсөн сарын 29-нд л гэхэд аймгийнхаа Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргалыг ажлын өрөөнд нь хэл vг өгөлгvйгээр дайрч орон албан тушаалаа өгөхийг шаардаж, ажлыг нь хууль бусаар авсан нь нийтэд ил болж байсан. Тэгтэл чин үнэндээ энэхүү асуудал юу ч бишээр зогсохгүй С.Насанбат уугуул нутгаа гэсэн чин сэтгэлтэй, жинхэнэ мэргэшсэн удирдлагуудаа гудамжинд гаргаж, хотын үл таних хүмүүсээр багаа бүрдүүлээд байгаа нь дарханчуудын бухимдлыг төрүүлэх болжээ.   
Үүгээр ч зогсохгүй Хүүхдийн төлөө төвийн даргаараа сүүлийн 20-иод жил Дархандаа “Алтан түрүү” хэмээх баар, цэнгээний газар ажиллуулсан , 1980-н хэдэн онд техникумыг Номын санч мэргэжлээр л дүүргэсэн, төрийн албаны ур чадвар, туршлагагүй Оюунсүрэн гэгч эмэгтэйг томилжээ. Хүүхэд бол инээд цангинасан их Өргөөний эзэд. Гэтэл ийм ариун, цагаан газрыг насаараа шахуу бохир ажил хийсэн хүнээр мануулсан нь ёстой л нүдээ олоогүй үйлдэл болсон гэхэд болно. 
С.Насанбатын хийсэн халаа, сэлгээнүүд үүгээр ч дуусахгүй гэнэ. Тэрбээр сүүлийн жилүүдэд нийгэм, боловсролоороо үргэлж тэргүүлж байсан Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн жинхэнэ мэргэшсэн захирлуудыг хүч түрэмгийлэн халж, бага анги, биеийн тамирын багш нараар сэлгэсэн байна. Тэдний зарим нь С.Насанбатын хамаатан, садан ч гэх нь бий. Ингэхээр төрийн албыг төрлийн алба болгож чадсан байгаа биз.
18 мянган хүүхэд, 1200 багш, улс, хувийн 28 сургууль, 24 цэцэрлэгтэй, улсдаа боловсролоороо байнга тэргүүлдэг Дархан-Уулчуудын ирээдүй ийнхүү уруудаж, юун оюунлаг, загварлаг хот болох, бүр дордчихлоо. 
Халж л байдаг, сэлгэж л байдаг. Гэхдээ аймаг, орон нутгаас нь хүмүүс томилдог тухай сонсож байснаас биш нийслэлээс үл мэдэх хүмүүс дуудаж, ажиллуулсан тохиолдлыг С.Насанбатаас л харлаа. Бүхэл бүтэн 51 жилийн түүхтэй Дархан хотоос энэ зэргийн албыг хашчих оюуны чадвартай боловсон хүчин олдоогүй гэж үзсэн үү, ямартай ч С.Насанбат нийслэлийнхэнээр багаа бүрдүүлчихэв.  
Хүний хүн хүрэн бөөртэй, харийн хүн харийн сэтгэлтэй л байдаг гэж бид ярьдаг даа. Наад зах нь Дарханы уугуул биш хүн Дархан-Уулаа гэсэн бүрэн дүүрэн сэтгэлтэй байж чадах уу. Адилхан монгол аав, ээжийн хүүд ялгаа нь юу байх вэ гэж болох ч баахан, идэж ууж байгаад явчихвал хэн хохирох юм бэ, дархачууд л хохирно биз дээ. 
Барилгын салбарынхан хятадуудаар барилгаа бариулбал барьж дуусчихаад л яваад өгнө, 10 жилийн дараа тэр барилга нурвал хэн хариуцах юм бэ, үүний орон монголчуудаараа бариулбал ядаж л зарга үүсгэсэн ч эзэнтэй шүү дээ гэж ярьдаг юм билээ. Үүний адил таньж, мэдэх хүмүүс дарга, цэргээ хийгээд явбал эх нутаг, эзэддээ ээлтэй байсансан. 
Нөгөөтэйгүүр Төрийн албыг удирдаж буй Засаг дарга С.Насанбат төрийн хуулиа мэддэг, удирдахуйн өндөр мэдрэмжтэй, төрдөө чин сэтгэлтэй нэгэн байсан бол өнөөдөр ийм шог сонголт хийчихээд зэмлүүлж суухгүй байлаа. Аргагүй л хувийн уурхайн эзэн байсан шиг дураараа аашилж, төрийн хуулийг гууль болгож буй түүний энэ мэт увайгүй, бусармаг үйлдлийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.