Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан элдэв гадны иргэнтэй харилцаа тогтоож, түүндээ дурлаж, суух дээрээ тулсан монгол эмэгтэйчүүдийн гомдлууд цагдаагийн байгууллагад ирэх нь ихэсчээ.

Зөвхөн гурван эмэгтэйн нэр, хаяг нь, бүр аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй цахим хайр дурлалын улмаас гадагшаа мөнгө шилжүүлж, хохирсон хохирлын хэмжээ 147,800 доллар, монгол мөнгөөр 443 сая 400 мянган төгрөг болсон байна.

Эдгээр эмэгтэйчүүд бүгд гаднын залилагч нарын хохирогч болсон нь тогтоогдсон бөгөөд гадагшаа шилжүүлсэн олон улсын гүйлгээ бүхий мөнгө нь эргэж олдохгүй замхардаг болохыг хуулийнхан хэлж байна. 

Хуулийнхны хэллэгээр “РОМАНС” залилан гэж нэрлэгдээд байгаа цахимаар танилцаж, хайртай дуртай болсон, улмаар "Танай Монголд очиж үл хөдлөх хөрөнгө худалдан авч хамтдаа амьдарна, би хөрөнгө оруулалтын олон улсын компанитай, чамд байгаа мөнгийг өсгөж, нугалж ашиг хүртээнэ" гэх зэргээр олон улсын гүйлгээгээр валют шилжүүлэн авдаг хэрэг эрс нэмэгджээ.

Жишээлбэл, Монгол Улсын иргэн Д.О гэгч эмэгтэй АНУ-ын иргэн гэж өөрийгөө итгүүлэн Aliso Camelove гэж хаягтай хүнтэй фэйсбүүкээр танилцан, харилцаж, чаталсаар хайр сэтгэлийн холбоо тогтоож, олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарсан байна.

Aliso Camelove гэгч нь иргэн О-д өөрийгөө хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 77 мянган доллар авсан, эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг 2 сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад хандсан ч цагдаагийн байгууллага Турк дэх АНУ-ын Консулын газраар дамжуулан хайлт хийлгэхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэсэн хариу ирсэн байгаа юм.

Яг үүнтэй адилхан байдлаар Mickeal гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулан Турк улсад шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнд Иргэн С 33,500 доллар, George Henson гэдэг хаягтай, Австралид амьдардаг, Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн хүнд иргэн С 2 удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлжээ.

Олон улсад "ROMANCE SCAM" гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдрана, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиэл орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг гэдгийг байнга бодож, хянуур хандах хэрэгтэй. Тэд өөртэй нь харицаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхөддөө битгий мэдэгдээрэй гэж хүсдэг, таны талаар маш олон асуулт асуудаг, таны хувийн санхүүгийн талаар сонирхож, дараа нь таниас мөнгө нэхэх аргыг ашигладаг байна.

Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулая гэх мэтээр их хэмжээний ашиг амлаж, энэ бүхнийг хийхийн тулд шимтгэл төлөх хэрэгтэй гэж итгүүлэн олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг. Ингээд зогсохгүй данс болон интернэт банкийг нь ашиглаж олсон мөнгөө дансруу нь шилжүүлэн, гадаад улсын өөр дансруу шилжүүлүүлж авах замаар залилангийн хэргээ үйлдэж байна.

Романс залилангаар Монгол Улсын 7 иргэн Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, Индонез улс дахь дансруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэрэг гарч байв. Нигерийн бүлэглэл гэдэг шиг яг ийм гадны олон орны бүлэг этгээдүүд Монгол улсыг онилон, зорилтот ажил болгож, судалгаа хийж, маш нарийн төлөвлөгөөтэйгээр Романс залиланг үйлддэг. Монголчууд шиг технологийн мэдлэг муутай улс орны иргэдрүү зохион байгуулалтад орсон албан байгууллага шиг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд тогтмол цагаар ажиллаж, ихэвчлэн Америк иргэдийн бүртгэлгүй нэрээр фэйсбүүк, инстаргам, твитерт бизнес эрхэлдэг ганц бие эмэгтэйчүүд, тэтгэврийн насны хүмүүсийг нарийвчлан судалж хайр дурлалын романс үүсгэдэг. Тэд гэмт үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.

Цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэргийг 60 орчим хувьтай илрүүлдэг боловч нэгэнт гадны улс орон руу шилжүүлгээр гарсан мөнгө эргэн олдох боломжгүй гэдгийг иргэд маш сайн ойлгодог болохгүй бол яг энэ мэтээр РОМАНС залилангийн хохирогч болж байгаа эмэгтэйчүүд цаашдаа ч ихсэхийг үгүйсгэхгүй аргагүй. Хэн ч ийм хэргийн хохирогч болох эрсдэлтэй, тааварлах ямар ч боломжгүй байдаг тул иргэн та энэ мэдээллийг ойр хавийнхаа хүмүүст заавал түгээж, анхааруулж сэрэмжлүүлээрэй.