Өнөөдөр буюу 2022 оны 6-р сарын 22-нд Хан-Уул дүүрэгт буюу Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн билээ.

ХУД-ийн 18-р хоноонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан бөгөөд ХУД-н ЦХ-1 шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэхүү барилга нь Номинреалтор ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилга бөгөөд Номин реалтор ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Шинэбаяр ажилладаг бол эзэмшигч нь Ш.Баярсайхан аж.

Ш.Баярсайхан нь “Номин холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга. Харин Номин реалтор ХХК нь “Номин холдинг” ХХК-ийн салбар байгууллага юм.

Уг баригдаж буй барилга “Номин реалтор ХХК"-ийн эзэмшлийн газар бөгөөд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын ажил явагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан 2020.03.27-ны өдрийн А/433 тоот захирамжаараа энэ газрыг Номин реалтор ХХК-д олгож байсан аж.

Хэргийн газарт амиа алдсан хоёр иргэний ар гэр болоод барилга дээр ажиллаж байсан иргэдийн ар гэрийнхэн мөн ирсэн бөгөөд "Дотогш нэвтрүүлэхгүй, тодорхой мэдээлэл өгөөгүй. Хөгшин настай хүмүүс халуун наранд ухаан алдаж унах гээд байхад тусламж ч үзүүлэхгүй дөрөв, таван цаг хүлээлгэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллаагүй тухайн барилгын компанид гомдолтой байна" гэдгийг хэлж байсан юм.