Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Охин, бид хоёр виз гарсан. Миний нэг талын сүүж бараг байхгүй. Би сүүжээ авч нөхүүлсэн. Хазганаж явдаг ээж. Гэтэл ханийг минь БНСУ-д “харлаж” байсан гээд виз гаргаагүй. Гэтэл манай нөхөр тийм асуудал гаргаж байгаагүй. Манайх нэг дэх өдрийн нислэгийн тасалбартай. Үүний улмаас би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ ганцаараа явах болчихлоо. Ингээд явж буй ээжид ямар асуудал тулгарч буйг хэн ч мэдэхгүй, ямар бодлого, дэмжлэг байхгүй.

Ингэж байхаар нэртэйгээр нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд мэндэлвэл устгана” гээд хууль гаргачихаач. Улаан цайм. Монгол Улс намайг найман сар зовоолоо. Өнөөдөр Монголд эм, тоног төхөөрөмж алга. Эх нь зүтгээд байхад ингэж байгаа юм бэ. Гэтэл яагаад эцгийг нь “харласан” гэж худлаа шалтаглаад явуулахгүй байгаа юм бэ.

Ээжүүд жагсахаар аар, саархан арга хэмжээ авсан болоод л өнгөрдөг. Ээжүүдээр битгий шоуд. Би үхмээр байна. Монголд ингэж амьдармааргүй байна. Та нар, миний ээж, аав тэмцээгүйгээс ийм нийгэм бий боллоо. Яагаад төр, засаг ийм дүлий байгаа юм бэ. Яагаад эцэг, эхчүүд, иргэд бид хохироод үлдэх ёстой юм бэ” гэлээ.