- Үндсэн хуулийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уржигдар уулзсан-


УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд тойргийн иргэддээ танилцуулаад ирлээ. Иргэд нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Дийлэнх нь дэмжиж байна. Учир нь өнөөдөр амьдрал хэцүү байна. Тиймээс өөрчлөх нь зүйтэй. Нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр ҮХНӨ-ийг хийх боломжтой. Эдийн засаг, амьдрал сайжирч чадна. Тэр дундаа ирээдүйн 20, 30 жилийн нийгэм өөрчлөгдөж чадна гэвэл үүнийг дэмжье гэсэн байр суурьтай байна. Тодорхой асуудлуудаар иргэдийн байр суурь хуваагдаж байна. Тухайлбал, цаазын ялтай холбоотой асуудалд хоёр хүний нэг нь цаазын ялыг устгах нь зүйтэй гэж байхад нөгөөх нь харин ч байлгах нь зүйтэй гэж байна. Түүнчлэн сүлдийг өөрчилж модон морь биш, амьд морь болгох нь зүйтэй гэсэн хэсэг байна. Зарим нь сүлд, соёмбо гэх нь зохимжгүй байна. Гал, сараа дээдэлдэг соёмбыг цаашид аваад явах нь зүйтэй гэсэн саналтай иргэд ч байна. Сонгуулийн пропорциональ тогтолцоог иргэдийн дийлэнх нь дэмжиж байна. Учир нь өмнөх сонгуулиудаар санал их гээгдсэн. Дэмжсэн хувь гарч ирэхгүй байна. УИХ-д хэт их нэг намын давамгайлал бий болчихлоо. Тиймээс цаашид аль болох иргэдийн санал гээгддэггүй, намуудын тэнцвэр хангагдсан, хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Үүний тулд пропорциональ системийг дэмжиж байна гэж байна.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг иргэдэд тайлбарлаж, мэдээлэл өгсний дараа дэмжихээ илэрхийлж байна. Монгол Улс цаашид тусгаар улс байх уу, эдийн засгийн хараат бус бодлого явуулж чадах уу, гадаад орчин эрсдэлтэй байгаа энэ тохиолдолд парламентыг бэхжүүлэхийн тулд гишүүдийн тоог өсгөх нь зүйтэй гэдэгт иргэд нэгдэж байна. Хуйвалдаан, хулгай хийж байгаа асуудал нь парламентын цөөн гишүүдээс шалтгаалж байгаа юм гэдэг мэдээллийг авсны дараа иргэд ойлгож дэмжиж байна.

Харин өөрчлөлт хийвэл хийсэн шиг зоригтой хийх хэрэгтэй. Тэгэхгүй нэг өөрчлөлт оруулчихаад хоёр, гурван жилийн дараа дахин өөрчлөх нь буруу. Гуравхан жилийн өмнө өөрчлөлт хийсэн. Одоо өөрчлөх юу байгаа юм бэ гэж асууж байгаа иргэд ч олон байна. Учрыг нь хэлж, үндэслэлийг нь танилцуулахаар иргэд их сайн хүлээж авч байна. Энэ цаг мөчид парламентаа бэхжүүлэх, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал, хоёр хөршийн бодлогыг сөрдөг парламентын тогтолцоо чухал гэдгийг иргэд ойлгож дэмжиж байна. Гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс гадна парламентын гишүүн Засгийн газарт ажилладаг байх асуудлыг ярьж танилцууллаа. Энэ гурав холбоотой асуудал л даа. Парламентын гишүүдийн тоог өсгөсөн тохиолдолд давхар дээл өмсгөх эрхийг нь нээж болох юм байна гэсэн байдлаар иргэдэд танилцуулсан. Иргэд үүнийг ойлгож хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, 150-152 гишүүнтэй байх ёстой гэж судлаачид ярьж байна. Тэгвэл энэ тохиолдолд 10-15 гишүүн давхар дээлтэй байж болно. Энэ бол парламентын засаглалд байдаг зүйл гэсэн байдлаар тайлбарлахад ойлгож байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар, салбарын яам бодлогоо хамгаалахад УИХ-ын гишүүн байж байж гишүүдэд илүү ойлгуулах нь хялбар байна.

Гишүүн биш сайд нар орж ирэхээр шүүмжлүүлсээр байгаад таарч байна. Эрх барьж байгаа нам Засгийн газраа өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тиймээс Засгийн газрын бодлого явдаггүй. Оруулж ирэх, яаралтай шийдэх реформуудаа зоригтой парламентад оруулж ирэхгүй цаг алдаж байна. Оруулж ирснийгээ тайлбарлаж, хамгаалж чадахгүй байна.

-Давхар дээлийг нэмэхийн тулд л ҮХНӨ оруулах гээд байна хэмээн улс төрийн тодорхой хүрээнийхэн ярьж байгаа шүү дээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Ийм хардлага бий. Т.Доржханд гишүүдийн тоог өсгөж, пропорциональ элемент оруулж, давхар дээл углах гээд байна. Ар талд чинь Ц.Элбэгдорж мэтийн нөхдүүд байна уу, үгүй юү гэж зарим гишүүд шууд асууж байна лээ. МАН-ын өмнөөс давхар дээлний асуудлыг яриад байна уу ч гэж асууж байна. Үүнд тов тодорхой хариулт хэлэхэд, өнөөдрийн Засгийн газар хоёр жилийн дараа дүнгээ тавиулна. Парламент ч ялгаагүй. Тиймээс аливаа зүйлийг бид өнөөдрөөр харж, өнөөдөрт зориулж болохгүй. Зарчмаа барьж алс хэтээ харж тогтолцооны зөв өөрчлөлт хийх ёстой. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт ямар нэгэн нам, аль нэг хувь хүн, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст биш, Монгол Улс цаашид хөгжихөд, цаашид ардчиллаа хамгаалж явахад нэн шаардлагатай зөв зохицуулалт гэж харж байгаа. Дэвшилтэт үзэлтэй, судалгаа хийдэг олон хүн энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа. Хардах эрх нь байлгүй л яах вэ. Хэрвээ МАН ганцхан давхар дээлийн асуудлыг өөрчилж бусад асуудлыг орхигдуулбал Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг босгож ирсэн гишүүний хувьд, УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд бид үүнийг эрс эсэргүүцнэ. Иргэдэд холбогдох мэдээллийг өгөх болно.

-Нэг нам хэт олонх, сөрөг хүчний төлөөлөл сул, хангалтгүй байгаа ийм нөхцөлд ҮХНӨ оруулбал алдаа гардаг юм биш үү. 2019 оны өөрчлөлт ч үүнийг гэрчлээд байгаа юм биш үү?

-Өнөөдрийн асуудал хүнээсээ шалтгаалаад байна уу, тогтолцооноосоо шалтгаалаад байна уу. УИХ-ын гишүүнээр хоёр жил ажиллалаа. УИХ-д ямар ч хүн ажилласан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Т.Доржхандаар сольсон ч гэсэн айхавтар өөрчлөлт гарахгүй. Учир нь тогтолцоо болохгүй байна. 30 жилийн үр дүнг бүгд харлаа. Монгол Улс жил бүр алдагдалтай төсөв баталдаг. Өр өрийн таазандаа тулсан. Хөрөнгө оруулалт байхгүй. Эдийн засаг арван жил гацсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй. Хөгжлийн санхүүжилтээ хийж чаддаггүй. Бүтээн байгуулалт, борлуулалт, дэд бүтцийнхээ санхүүжилтийг хийж чаддаггүй. Энэ байдал бол өнөөдрийн тогтолцооны гажиг мөн. Тиймээс засах хэрэгтэй. Олон нам орж ирсний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэгт би итгэлгүй байна. Одоогийн тогтолцоо бол нэг намын систем. Саяхныг хүртэл хоёр намын системтэй байлаа. Гэтэл нэг намын системтэй болчихлоо. Мажоратор тогтолцоогоор явбал нэг намын систем рүү улам бүр орох гээд байна. Ингэвэл нэгдүгээрт, ардчилал байхгүй болно. Хоёрдугаарт, иргэд сонгуулиа өгсөн ч санал нь гээгдээд байвал сонгуульд оролцохоо болино. Ингээд сонгуулийн ирц хүрэхээ байчихна. Нөхөн сонгуулиар бүгд үүнийг харлаа. Иргэд сонгуульд идэвхтэй оролцохоо байчихвал ардчилсан нийгэм байхгүй болно. Авторитор нийгэм үүсэх боломжтой болно. Эрсдэл нь энэ учраас Монгол Улсынхаа эрх ашгийг харж асуудалд хандаач ээ, ялангуяа ийм байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс. Өнөөдөр нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн. Орон нутгийн сонгуулийг харж байгаа биз дээ. Дахиад л нэг нам ялж байна. Учир нь ажилтай, орлоготой байхын тулд хүн бүр энэ нам руу ороод байна. Эдийн засаг хүндрээд ирэхээр ийм дэглэм үүсдэг. Нийгэм ядуураад ирэхээр ингэдэг. Өнөөдөр төсвийн хоёр төгрөг тутмын нэг нь халамж руу орж байна. Сайн сургууль төгссөн залуучууд МАН-д гишүүнээр элсэж байна. Танай намын үзэл баримтлал таалагдаж байна. Гэхдээ... гээд маш прагматик байдлаар шийдвэрээ гаргаж МАН руу орж байна. Өнөөдөр яалт ч үгүй нэг намын системд орчихсон. Үүнийг задалж ардчиллаа хамгаалж үлдэх юм уу, үгүй юү. Үлдэнэ гэвэл тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй. Үгүй бол нэг намтайгаа дуусахаар болчихлоо. АН ирэх сонгуулиар олон санал авна гэж би итгэхгүй байна. Тэд дотроо учраа олох нь зүйтэй байх. Ардын намыг 100 жилийн түүхтэй л гээд байна. Социалист системийн бүтцээ аваад үлдчихсэн энэ намыг бүх нам нийлж байж л дарж авна шүү дээ. Мажоратор тогтолцооны сул тал энэ. Сүүлийн сонгуулиар ХҮН нам 20 хувийн санал авсан. пропорциональ систем ороод ирвэл ХҮН намын 20 хувийн төлөөлөл парламентад суух боломжтой болно. Бусад намын төлөөлөл суух боломжтой болно. Үр дүнд нь нийгмийн бухимдал, стресс талбай дээр биш парламентад орж энерги нь задарна. Төр тогтвортой байх, нийгэм цэгцтэй байх үндэс нь парламентын тогтолцоо, пропорциональ систем юм.

-Ардын их хурал байгуулж байгаад Үндсэн хуульд нэмэлт оруулбал хэл ам гарахгүй юм биш үү ч гэх хэсэг байна?

-Энэ саналыг би хувьдаа дэмжихгүй байна. Хоёр танхимтай парламент байгуулах, эсвэл хяналт шалгалтын ардын түр хороо байгуулах уу. Энэ хүмүүсийг хаанаас бүрдүүлж, яаж сонгох юм бэ. Энэ нь парламентаа хянадаг байх юм бол парламентын дээр гэсэн үг байлгүй. Монгол Улс 1992 онд парламентын Бүгд найрамдах улс гээд тунхаглачихсан. Нэг танхимтай. Парламент нь ард түмнээ төлөөлж төрөө байгуулж, түүндээ хяналт тавьдаг энэ бүтэц парламент шүү дээ. Үүнийг сайжруулж, бэхжүүлье. Ингэхийн тулд Үндсэн хуулийн зүйл заалтыг сайжруулъя гэж байгаа болохоос цоо шинэ Үндсэн хууль хийчихье гээгүй.

-Та саяхан Ерөнхийлөгчтэй нууцаар уулзсан юм билээ...

-Ерөнхийлөгчтэй УИХ-ын гишүүн, ХҮН намын даргын хувьд уулзаж асуудлаа ярьдаг.

-Саяхан Их тэнгэрт уулзсан юм биш үү. Нууц уулзалт гэхээр олон нийтийн сонирхлыг их татаж байх шиг байна. Та бүхэн ямар асуудлаар санал солилцов. Хэзээ уулзав?

-Өчигдөр (уржигдар) би очиж уулзсан. УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрог дээр иргэд дэмжиж байна, Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргалаа. Тиймээс цаашид үүнийг дэмжиж явуулахад Ерөнхийлөгчийн хувьд та дэмжиж өгөөч гэсэн агуулгаар уулзалт хийж байгаа. Би Ерөнхийлөгчтэй ч уулзаж байгаа. Ерөнхий сайдтай ч уулзаж байгаа. Мөн УИХ-ын дарга, гишүүдтэйгээ ч уулзаж байгаа. Энэ бол нууж хаагаад байх зүйл биш. Конрад Аденауэр сангийн хурал дээр сууж байхад Цэц дээр асуудал гарсан. Ерөнхийлөгчид уулзах санал хүргүүлсэн. Цаг нь давхацчихлаа гээд хэлсэн. Үүнийг нууц болгоод бичиж, ярьж. Тийм зүйл байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй.