Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцууллаа. Тус судалгааг 12 дахь жилдээ хийж буй юм. Монгол Улс энэ онд 63 улсаас манай улс өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022” -д дэлхийн 63 улс орныг эдийн засгийн байдал, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан, өрсөлдөх чадварыг хэмжсэн байна. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Монгол Улс хашин морь шиг байна. Анх судалгаа хийж байх үед 14 орноос 14-т байсан бол одоо 63 орноос 61-т байгаа үзүүлэлт гарч байна. Гэтэл бусад орны төр засаг нь өрсөлдөх чадварын тайлантай танилцаад арга хэмжээ авсны үр дүнд ахиц гаргаж байна. Дани улс 20 жилийн өмнө өрсөлдөх чадвараараа 15-т орж байсан бол энэ жиийн тайлангаар нэгт орж байх жишээтэй. Монгол Улсын эдийн засаг 10 жилийн өмнө 16.17 хувиар өсөж байсан бол 2013 оноос хойш урууджээ. Манай тайлан бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэмждэг. Улс орныг хөгжүүлэх тогтвортой аюулгүй байдал, бизнесийн орчин хэрэгтэй". 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг "Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан 1989 оноос тасралтгүй гарч байгаа. Улс орны хөгжлийн түвшинг тольдон харах хамгийн нарийн бодитой тайлан. Энэ чиглэлийн судлаачдийн гарын авлага. 2020 оны байдлаар Монгол Улсын өрсөлдөх чадвар 63 орноос 61-т эрэмбэлэгдсэн. Манай улс жилээс жилд 60, 61, 62 гэсэн үзүүлэлтээс дээш гарсангүй. Бидний хойно Аргентин, Венесуэл улсууд байна. Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсуудтай харьцуулахад манай улсынх ахихгүй байна. Энэ жилийн тайланд Бахрейн улс шинээр нэгдэж орсон байна. Украин, ОХУ-ыг тайлангаас хассан. Өнгөрсөн жилийн хамгийн өрсөлдөх чадвар өндөртэй Швейцарь улстай харьцуулахад манай оноо 40 байсан. Энэ жил Дани улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн. Энэ улстай харьцуулахад манай улсын ерөнхий өрсөлдөх чадварын оноо 36.2 болж буурчээ. Энэхүү тайлангийн эхний таван байранд Дани, Швейцарь, Сингапур, Швед, Нидерланд улсууд эрэмбэлэгджээ. Монгол Улсыг бусад үзүүлэлтээр харвал: 

  • Эдийн засгийн тамир тэнхээгээр 61
  • Засаглалын үр ашгаар 57
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлтээр 61
  • Дэд бүтцээр 62 дугаар байрт тус тус эрэмбэлэгдэв" гэж мэдээллээ. 

Судлаач Б.Мөнгөнжигүүр "Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд харьцуулагдаж буй 63 улсаас 61-т эрэмбэлэгдсэн нь өмнөх оны үзүүлэлтээс нэг орон ухарсан үзүүлэлттэй гарсан байна. Нэгдүгээрт эрэмбэлэгддэг улсыг 100 оноотой гэж тооцон бусад улсыг 100 оноотой харгалзах оноо өгч эрэмбэлдэг. Манай улсын хувьд өнгөрсөн жил 40.04 оноотой байсан бол энэ жил 36.2 болсон. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоон жилтэй харьцуулахад хамгийн бага оноо юм" гэв.