Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

Наадамчдад зориулж Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд зорчино.

Үндсэн чиглэлийн 686 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчих юм.