Ж.СОРОНЗОН: “Сайн сургууль” байх нь Орос–3–ын эрхэм зорилго, итгэл үнэмшил, уриа дуудлага юм
2022/09/01
“Сайн сургууль” байх нь Орос–3–ын эрхэм зорилго, итгэл үнэмшил, уриа дуудлага юм
Ж.СОРОНЗОН (Ph.D) МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ
Эрхэм хүндэт сурагчид аа
Хүндэт зочид, эцэг эхчүүд ээ
Монгол-Оросын хамтарсан сургууль шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ хангаж, сурагчид, эцэг эхчүүд Та бүхэнд боловсролын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ хичээлийн жилд ОХУ-ын томоохон хотууд болон хэд хэдэн субьектэд багшийн сонгон шалгаруулалт зарлаж 95 багшийг шинээр сонгон шалгаруулж авлаа. Ингэснээр энэ хичээлийн жилд нийт багшийн 35 хувь шинэчлэгдлээ. Хичээлийн бэлтгэл харьцангуй сайн хангагдлаа. Сургууль үүд хаалгаа Та бүхний өмнө цэлийтэл нээхэд бэлэн болжээ. Та бүхэнд Шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
МОХС-ийн 30 дахь жилийн төгсөгчид ОХУ-ын ЕГЭ болон Монгол улсын Ерөнхий шалгалтыг амжилттай өгч, гадаад, дотоодын их дээд сургуулиадад амжилттай элсэн суралцаж эхэллээ. Энэ жил дэлхийн ТОР- 50-д багтах их сургуульд 44 сурагч 85-100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилга хүлээн авлаа.
Энэ бол МОХС-ийн зүй ёсны бахархам амжилт юм. Өнөөдөр тэдгээр шилдэг төгсөгчдийн хойчийг залгамжлах, тэрхүү амжилтын дараагийн эзэд энд хуран цугларч, эрдэм номын ажилдаа орох гэж байна. МОХС-ийг сонгон шинээр элссэн болон нийт сурагчдадаа эрдэм номын ажилдаа хичээл зүтгэлтэй сайн суралцаж, сурлагын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Эрхэм хүндэт зочид, эцэг, эхчүүдээ
Сайн сургууль хүний насан туршийн амжилтын эхлэл гэж би жил бүр Та бүхэнд хэлдэг. Энэ үгийг хэлэхдээ МОХС-ийг Та бид хамтдаа бүтээсэн муугүй сургууль шүү гэдгийг хэлэхээс илүү сургууль Таны гэр бүлийн ирээдүйн сайн сайханд ямар их нөлөөтэй, ямар чухал үүрэгтэй, үр хүүхдийн чинь хувь заяаг бараг л шууд тодорхойлох хэмжээний институт шүү гэдгийг дахин сануулах зорилготой билээ. Сайн сургууль , эцэг эхийн хамтын чармайлтын үр дүнд л бий болдог гэдгийг бас мартаж болохгүй. 2022-2023 оны хичээлийн жилд Та бүхнийг сургууль, багш нартай урьдын адил идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байна. 2022-2023 оны хичээлийн жил бол улс даяар цар тахлын үеийн хичээлийн хоцрогдлыг даван туулах хүнд, шахуу зорилтын өмнө нүүр тулж байна. Харин бидний тухайд хичээлийн хоцрогдол харьцангуй багатай гэж хэлж болно.
Өнгөрсөн он жилүүдэд онлайн сургалтын бүхий л нөөц бололцоог Та бид хамдаа чамгүй сайн ашигласны үр дүнд хичээлийн хоцрогдлын аюулыг бид зайлуулж чадсан. Хичээлийн 2-3 жилийн хоцрогдлыг нөхөх, даван туулна гэдэг нь маш хүн хэцүү, зарим үед бүрэн нөхөх бололцоогүй шахам зүйл учраас хэцүү сорилт, том зовлон, гарз хохирол юм. Зарим газар 2-3 дугаар ангийн сурагчид уншиж, бичиж чадахгүй байгаа талаар бид олонтоо сонсдог бол Та бидний 5-6 настангууд эх хэлээр уншиж, бичих нь байтугай оросоор ойр зуурын юм ярьж, уншиж бичиж байгаа нь бахархууштай амжилт биш гэж үү.
Цар тахлын он жилүүд Та биднийг онлайн сургалтад сайн суралцуулсан учраас түүнийг мартаж гээлгүй нэмэлт хичээл, давтлагыг онлайн хэлбэрээр явуулахыг сургуулийн зүгээс хичээх болно. Улаанбаатар хотын энэ их бөглөрөл дунд цаг, хүч хэмнэх үүднээс сургалтын арай өөр менежментийн шийдэл олохыг Та биднээс шаардаж байна. 3 Монгол-Оросын хамтарсан сургууль ямагт “сайн сургууль” байхыг хичээж, чармайж ирлээ. Энэ бол манай сургуулийн эрхэм зорилго, итгэл үнэмшил, уриа дуудлага болсон гэж хэлж болно. Энэ эрхэм зорилго, итгэл үнэмшил, уриа дуудлага цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна.
Сайн сургууль байх нь амаргүй бөгөөд асар их хүч чармайлт, хичээл зүтгэл, зориг тэвчээр, эрэл хайгуул шаарддаг юм аа. 2022-2023 оны хичээлийн жилд ч сайн сургуулийг бүтээх, хадгалах, хөгжүүлэх хичээл зүтгэл саарахгүй ээ. Үр хүүхдээ амжилтад хүргэхийг, сайн сайхан хүн болгохыг, Дэлхийн шилдэг их сургуульд сургахыг хүсэж байгаа бол эсвэл алдартай хүн болсон, дэлхийн нэртэй их сургуульд элссэн, суралцсан, төгссөн бол тэр бүхэн нь ид шид, өнгө мөнгөөр бүтээгүй харин сайн сургуульд суралцаж, өчнөөн жил хичээл зүтгэл гаргасны нь үр дүн мөн.
Тиймээс энэ хичээлийн жилд ирээдүйн их амжилтын төлөө идэвхтэй, санаачилгатай, хариуцлагатай, найрсгаар хамтран ажиллацгаая.