Дайн түрэмгийллийн эсрэг “NoWar” ээлжит жагсаалыг иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны гадна өчигдөр зохион байгуулав. Энэ нь Украины дайн эхэлснээс хойших 30 дахь удаагийн жагсаал болохыг иргэдийг уриалсан зар дээр дурдсан байна.

Энэ удаагийн жагссан иргэдийн шаардлага нь ОХУ-д болж буй “Восток” цэргийн сургуулилалтад Монголоос цэргүүд оролцож байгааг шүүмжилж, зогсоох тухай байв.

 

"Япончуудад сануулга өгөх зорилготой ОХУ-ын хээрийн сургуулилалтад манай улс оролцож байгаа нь гутамшиг"

Ардчилсан Намын дарга М.Тулгат "Би дайныг эсэргүүцсэн жагсаал болно гэдгийг сонсоод энд ирсэн. Учир нь манай Батлан хамгаалах яам, Засгийн газар ОХУ буюу дайнч улстай хамтарсан хээрийн сургуулилалтыг удаа дараа явуулж байгаад үнэхээр бухимдал төрж байна.

Дэлхийн улс орнууд бүгд Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж байхад Монгол Улс дайн өдөөгч улстай хамтарсан хээрийн сургуулилалт хийж байгаа нь үнэхээр гутамшигтай, шившигтэй явдал. Энэ нь олон улсад Монголын нэр хүндийг “баасдаж” байна.

Одоо ОХУ-д болж буй сургуулилалт нь дайн болоход Япон руу хамгийн түрүүнд цохилт өгөх цэг дээр хийгдэж байгаа. Япончуудад сануулга өгөх зорилготой ОХУ-ын хээрийн сургуулилалтад манай улс оролцож байгаа нь үнэхээр гутамшиг.

Өнөөдөр залуус дайныг болон тэр хээрийн сургуулилалтыг эсэргүүцэж энд жагсаж байна" гэлээ.