Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн тангараг өргөсний дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Аргална даа...” гэж хэлсэн нь олны анхаарлыг татав.

Монгол Улсын стратегийн чухал салбарыг толгойлж байгаа төрийн сайд хүний амнаас ийм зальжин муухай үг тоомжиргүй унасанд түмэн олон дургүй байлаа. Зарим нь асуудлаа мэддэггүй ядмаг сайд хэмээн даапаална лээ. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдалд “Аргална даа” гэж хэлэхээс өөр яалтай билээ. Ковид, дайнд дарлуулсан энэ хүнд цаг үед эдийн засаг хумигдаж, хаа хаанаа хэцүү байна. Ядаж байхад ирэх өвөл эрчим хүч хязгаарлагдаж эвгүйтэж мэдэхээр болсонд салбарынхан нь гасалцгааж байна. Хот даяараа хөлдөж ч мэдэх бодит үнэн хүлээж байгаа. Нэгэнт тулаад ирсэн зовлонг ямар нэгэн аргаар давж л таарна. Нийслэлчүүдээ хөлдөөлтэй нь биш. Тийм болохоор Б.Чойжилсүрэн сайдын “Аргална даа” гэж хэлснийг буруутгах аргагүй юм. Асуудлын ард гарахын тулд шийдэл олох нь ойлгомжтой. Тэрийгээ л ингэж илэрхийлсэн биз. Бодит үнэн нь ийм юм чинь өөр юу гэж хэлэх вэ дээ.

Тэгвэл манай “Аргалдаг” Чойжоо маань өнөөдөр Ерөнхий сайдтай хамт Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байна. Оюун-Эрдэнийн хувьд үе үеийн Засгийн газрын хийж чадаагүй том ажлуудыг хөдөлгөхөөр зоримог барьж авсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн түлхүүр болсон томоохон бүтээн байгуулалтуудыг явуулахаар шуурхайлж байна. Энэ удаад Владивостокийг зорьсон нь ч том зорилготой гэж харагдаж байгаа. Бид эрчим хүчний хомсдолоос гарахын тулд хүссэн хүсээгүй хойд хөрштэйгөө учраа олох ёстой. Өнөөдөр баруун аймгууд Оросоос цахилгаанаа залгуулж байна. Эгийн голын усан цахилгаан станцыг явуулахад Оросын дэмжлэг юу юунаас илүү чухал. Тэдэнтэй хамгийн сайн хэл амаа ойлголцож чадах хүн бол яалт ч үгүй Б.Чойжилсүрэн. Тэр утгаараа Ерөнхий сайд түүнийг дагуулж явсан байх. Углуургаараа түүнийг Эрчим хүчний сайдад тавьсан нь ч Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөхөд үүрэгтэй байж чадна гэж тооцоо байлгүй. Яагаад гэвэл Б.Чойжилсүрэн хар багаасаа л ганзагын наймаа хийж оросуудтай хэл амаа ололцож сурсан хүн.

Ер нь бизнесмэнүүд, аж ахуй эрхэлдэг улсууд бизнесийн нарийн арга ухаантай байдаг. Тэд үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөхөрлөж байж ажлаа явуулдаг. Ямар ч нөхцөлд яаж ч зохицуулалт хийж чаддаг сийрэг толгойтой. Ажил нь урагшлахгүй байна, хөрөнгө санхүү тасалдлаа, хамтрагч түншүүд ховордлоо гээд эрхэлж байгаа ажлаа хаядаг нэг ч бизнесмэн байхгүй. Ямар ч хүнд сорилт тулгарсан ард нь гарахын тулд ямагт гарц шийдэл, арга ухаан эрэлхийлж байдаг улс. Чойжилсүрэн бол тэдний л нэг. "Аргалдаг" Чойжоо маань Ерөнхий сайдтай хамт Дорнын эдийн засгийн чуулганаас сайхан мэдээтэй ирнэ гэдэгт ард түмэн найдаж байна.