Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг аварсан Г.Батмөрөнг өнөөдөр Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагнах арга хэмжээг зохион байгууллаа.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 15:00-16:00 цагийн хооронд тус хотхоны цонхоор бага насны хүүхэд унах гэж байгаатай таарч ийнхүү аварсан байна.

Г.Батмөрөн нь СХД-ийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11а ангид суралцдаг бөгөөд зуны амралтаараа айлын цонх угаадаг ажил хийдэг байжээ.

 

Мөн СХД-ийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг ИТХ-аас гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Энэ үеэр тэрбээр “Хүүхдийн амь аварсандаа өөрөөрөө маш их бахархаж байна. Хүмүүс бас бахархсан, хайрласан сэтгэгдлээ сошиалоор илэрхийлсэн байсан. Гэр бүлийнхэн маань баяр хүргэж, бэлэг өгсөн. Маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.

Дашрамд мэдээлэхэд, Онцгой байдлын байгууллагаас 2021 оноос Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан иргэнд Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн” шагналыг олгож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.