Халаалтаа авсан нийслэлчүүд энэ өвөл залбирах л үлдлээ
2022/09/19
Нийслэлчүүд энэ сарын 15-наас эхлэн халаалт, сайжруулсан шахмал түлшээ хүлээн авч эхэллээ. Энэ өвлийн хувьд эрчим хүчний салбарт хүндхэн өнгөрнө гэж наадмын дараагаас эхлэн харьяа яам мэдээлсэн.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь хил гаалийн асуудлаас үүдэн саатаад буй.
Энэ сарын 8-ны байдлаар бэлтгэл ажил 75 хувьтай байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан. Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77, хөрөнгө оруулалт 72, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ. Мөн нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байгаа аж.
Өвлийн их ачааллыг давахад нэн чухал бараа материал, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт үүссэн валютын ханшийн зөрүүг ирэх оны төсөвт суулгаж өгөх зэрэг асуудал бий. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ, ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг нөхөх, дулааны цахилгааны станцуудад техникийн тоног төхөрөөмжийн шинэчлэл хийж өргөтгөх, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх асуудал байгааг ч салбарын сайд хэллээ.
Бэлтгэл ажил ахицтай байна гээд тайвширч болохгүй. Энэ өвөл цахилгааны хэрэглээ 6-7 хувиар нэмэгдэх төлөвтэйг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх онцолж, Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний ачаалал аваарын нөхцөлд байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Ц.Нямцэвээн мэдээлж байв. Эрчим хүчний доголдол энэ жил гэхэд л Амгалан дулааны цахилгаан станцад үүссэн. Нэгдүгээр сарын 27-ны оройноос тус станцад цахилгаан тасарснаас сүлжээний насос зогсож, Баянзүрх дүүргийн зарим орон сууцны хэрэглээний халуун ус, халаалт тасарсан байдаг. Шалтгааныг тодруулбал станцын зуухнууд дээрх ус нь уур болон хувирч дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар сүлжээний гэмтэл илэрсэн. Тухайн гэмтлээс шалтгаалж, Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 аж ахуйн нэгжийн халаалт тасарч Зүүн түгээх төвөөс хэрэглээний халуун ус болон халаалтаа авдаг 24 ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаа доголдсон юм.
450 цэгээр шахмал түлш борлуулж эхлэв
Гэр хорооллын иргэдийн санааг зовоосон асуудал бол түлш билээ. Энэ өвлийн тухайд 650 цэг ажиллахаас 450-ийг нь энэ сарын 15-нд нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд үлдсэн цэгийг нээх юм. Түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3750 төгрөгөөр зарагдаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 110 мянган тонн шахмал түлш, 200 мянган тонн мидлинг нөөцлөжээ. Энэ жилээс Налайх дүүргийн айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлж байна. Тус дүүрэгт борлуулалтын 32 цэгээр 7800 айл өрхөд сайжруулсан шахмал түлшээр үйлчлэх аж. Өнгөрсөн пүрэв гарагийн өглөөний 08 цагийн байдлаар баруун бүсийн үйлдвэрээс давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765 тонн түлшний таталт хийжээ. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс түлшний шаталт хурдан учраас амархан дуусч зардал ихэслээ гэх гомдол олон гарсан. Тэгвэл “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх БОРТОГО суурилуулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, утааны эвгүй үнэр арилах давуу талтай ажээ. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдэж буйг тус компаниас мэдээллээ. Нийт 30 мянган бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12 мянгыг хэрэглээнд нэвтрүүлэх юм.
Эх сурвалж: www.polit.mn