Монгол улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийг  32 493 хүүхэд төгсөх аж.  Энэ жилийн төгсөлтийхөн арваннэгдүгээр анги төгсөгчдийн хамгийн сүүлийн юм. 

Үүнээс хойш ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 12 жил суралцана. Төгсөгчдийн хувьд хамгийн хариуцлагатай үе нь Элсэлтийн ерөнхий шалгалт.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зургадугаар сарын 14-ний өдөр эхэлнэ. Уг шалгалтад энэ жилийн төгсөгч 32493 сурагч, өнгөрсөн жилүүдэд сургууль төгссөн 5839 хүн, нийтдээ 38332 шалгуулагч оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ. Өнгөрсөн онд 43875 шалгуулагч оролцсон байна.

Энэ жилээс эхлэн суудлын хуваарь буюу шар хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасруу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагчийн булангаас хэвлэж авах юм.

Бүртгэлийн хуудсан дээр тамга даруулж баталгаажуулаагүй өмнөх онд төгссөн шалгуулагчид энэ сарын 13-ны 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд ирж бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах шаардлагатай аж.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлан гаргаад байгаа бөгөөд  их, дээд сургуульд элсэгчид зургадугаар сарын 14-19-ний хооронд шалгалтаа өгч дуусах юм байна.

 

Х.Даваа